
Украины Луганск мужид Украины армийн хяналтанд үлдсэн байсан цорын ганц хот болох Лисичаньск хотыг ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн эзэлж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа" - гаа цааш үргэлжлүүлэхийг үүрэг болгожээ.
Ерөнхийлөгч В. Путин Батлан хамгаалах яамны удирдлагуудад Украинд алба хааж буй зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүнүүд "тогтсон төлөвлөгөөнийхөө дагуу" үлдсэн зорилтуудаа биелүүлэхийг даалгасан байна. Лисичаньск хотыг эзэлснээр Украины Луганск муж бүхлээрээ оросуудын хяналтанд орж байгаа юм.
Луганск мужийн захирагч Сергей Гайдай Лисичаньск хотыг оросуудад алдах нь сэтгэл өвтгөм байсан ч дайн дуусаагүй гэдгийг тэрээр онцолжээ. Украины Ерөнхийлөгч В. Зеленский Украины арми "орчин үеийн зэр зэвсэг хүлээн авснаар" удахгүй Лисичаньск хотыг эргүүлэн авна хэмээн мэдэгдсэн байна. Луганск мужийг хяналтандаа авсан ОХУ-ын зэвсэгт хүчин Донецк мужтай хөрш хотуудад үзүүлэх цохилтоо эрчимжүүлсэн ба Словянськ хотын ойролцоох бүс нутгууд, Лисичаньск хотыг Бахмут хоттой холбох зам бөмбөгдөлтөнд хамгийн ихээр өртөж байгаа аж.
Батлан хамгаалахын удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч В. Путин Батлан хамгаалахын сайд С. Шойгуд Луганск мужийг хяналтанд авахад оролцсон цэргийн анги бүрэлдэхүүнүүд амарч, хүчээ сэлбэх хэрэгтэй, харин бусад нь урьдчилж төлөвлөсөн даалгавруудаа биелүүлэхээр ажиллах ёстой хэмээн мэдэгджээ.
ОХУ Украин руу довтлохоос өмнөхөн В. Путин Украины Луганск болон Донецк мужийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн бөгөөд Донецк болон Луганск мужууд нь нийлээд Донбассын бүс нутгийг бүрдүүлдэг билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.