Франц улс АНУ, Австралид суугаа элчин сайдуудаа эгүүлэн татлаа

Twitter Print
2021 оны 09-р сар 18-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Франц АНУ, Австрали, Их Британи улс хоорондоо аюулгүй байдлын гэрээ байгуулсан явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн АНУ, Австралид суугаа элчин сайдуудаа эгүүлэн татжээ.

Аукус нэртэй аюулгүй байдлын гэрээний дагуу АНУ болон Их Британи улс Австрали улсын тэнгисийн цэргийн хүчинд цөмийн шумбагч онгоц бартж өгөхөөр болсон юм. Ингэснээр Франц улсын Австралитай хийсэн 37 тэрбум ам. долларын гэрээ цуцлагдаж байгаа аж.

2016 онд Франц улс Австралийн тэнгисийн цэргийн хүчинд 12 цөмийн шумбагч онгоц барьж өгөхөөр Австрали улстай гэрээ байгуулсан аж. АНУ, Австрали болон Их Британийн аюулгүйн хамтарсан гэрээ нь Энэтхэг-Номхон далайн бүс дэх БНХАУ-ын нөлөөг багасгах зорилго агуулж буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Хамтарсан гэрээ байгуулж Аукус нэртэй эвсэл байгуулж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар өнгөрсөн лхагва гарагт олон нийтэд мэдэгдсэн билээ. Харин Франц улс энэ талаар 3 улсын төрийн тэргүүнүүд аюулгүйн гэрээ байгуулж буй талаараа мэдэгдэл хийхээс хэдхэн цагийн өмнө мэджээ.

Францын Гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан АНУ, Австрали, Их Британийн уг хамтын гэрээгээрээ Францын "ар нуруу руу хутгаллаа" хэмээн, элчин сайдуудыг эгүүьэн татах шийдвэрийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гаргасан гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Франц улс түүхэндээ анх удаа ийм байдлаар элчин сайдуудаа эгүүлэн татаж байгаа ба Австралийн эрх баригчид Францтай хийсэн гэрээгээ цуцалж байгаадаа харамсч буйгаа илэрхийлэн, Францтай өөр бусад асуудлууд дээр хамтран ажиллах болно гэжээ.

Цагаан ордноос мэдээлснээр Вашингтон үүссэн үл ойлголцлыг шийдвэрлэхээр Францын эрх баригчидтай ирэх өдрүүдэд уулзаж ярилцана гэжээ.

АНУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Франц, Энэтхэгт зэрэг 6 улсад л цөмийн шумбагч онгоц байдаг ба Аукус гэрээний дагуу Австрали улс цөмийн шумбагч онгоцтой 7 дахь улс болох юм.

Нөгөөтэйгүүр Бээжин аюулгүйн хамтын гэрээ байгуулсан АНУ, Австрали, Их Британийг "Хүйтэн дайны үеийн сэтгэл зүй" гаргаж байна хэмээн буруушаажээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.