
ДАРЬГАНГА ЯСТАН БҮРЭЛДСЭН ТҮҮХ
Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутгийн баруун өмнө хэсгийн 6-н суманд оршин суух бөгөөд анхны нутагласан газар болох Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм.
Дарьганга хүмүүс нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар халх, цахар, ойрадаас хүдэр чийрэг мал маллагаанд гаргууд хүмүүсийг татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Эдгээр хүмүүс олон жилийн турш холилдон уусч өөр бусад хэсгийн хүмүүсээс ялгагдах өөрийн соёл буюу хувцас хунар, гоёл чимэглэл, найр хуримын ёс дэг зэрэг эд материал соёлын талаар бага зэргийн өвөрмөц ялгааг бий болгосон учир өөр нэг ястан гэж авч үзэх болжээ. Хэлний хувьд халх монгол аялгаас бараг ялгагдахгүй.
Хуучин Дарьгангын сүрэгчин нь доорх 5 гар болж байв. Үүнд:
1. Баруун гар адуучин. Бухын ширээтээс Харцав хүртэлх газар буюу Сүхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг Ноён хөндий, Лонгийн чулуугаар нутаглаж байв.
2. Зүүн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хүртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана.
3. Баруун гар тэмээчин. Хөшөө цагаан хөөврөөс Төгрөг жирэм Аргалын уул хүртэл Баяндэлгэр сумын нутаг Дөхөм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана.
4. Зүүн агр тэмээчин. Сэвхүүл, Баянбулагаас Жингэр цагаан тэмээт, Өөш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Төвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бүхий говирхог газраар нутаглана.
5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруунбулаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дөхөм бригадын нутгаар сууна.
Дарьгангын сүрэгчин нь Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан “Дарьгангын таван гар” нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар Төвлүүлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сүхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ. Ийнхүү Дарьгангын одоогийн байршил тогтож, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна. 2007 оны байдлаар монгол улсад 34680 дарьганга ястан хүн байгаа нь нийт хүн амын 1,3% болж байна. Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар алдартай билээ.
Дарьганга хийц дахин давтагдашгүй урлагийн бүтээл
Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бүрдсэн байдаг.
Дарьгангын мөнгөн урлал, чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл 170 орчим жилийн хугацаанд 20 гаруй алдартай дархчуул төрөн гарчээ.
Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн гээд нэрлэвэл олон байна. Энэхүү авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан, баяжуулсан бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм.
Дарьгангын дархчууд мөнгөөр эмээл, хазаар, хударга, хэт хутга, аяганаас гадна сам, дарлага, бөгж, бугуйвч, шүдэнз, савангийн гэр, тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээр шүр, тана, сувд шигтгэдэг. Дарьганга дархчуудын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхийг ухаж сийлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор чадамжаар Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг юм.
Хүн чулуун хөшөөний дэлгүүр
Монгол орон олон мянган жилийн түүхтэй хөшөө дурсгалаар нэн баялаг. Түүний дотор Сүхбаатар аймаг хүн чулуугаар бусдаас хамгийн баян нь гэхэд болно. 1980-аад оноос Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баяр Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан сумын нутгаас 54 хүн чулууг олж илрүүлэн, судалсан байдаг.
• Нутгийн ард түмэн хүн чулуудыг хэдэн үеэс дээдлэн хүндэлж, идээ цайныхаа дээжээ өргөж "хөрөг" хэмээн нэрлэсээр иржээ. Дарьгангын хүн чулууд нь ихэвчлэн түшлэгтэй сандал дээр суусан дүртэй байдаг. Алтан-Овооны энгэрт нутгийнхны нэрлэснээр "Хаан, хатан, хүү, бэр" гэсэн дөрвөн хүн чулуун хөрөг бий. Түшлэгтэй сандал дээр суусан хаан, хатан хөрөг нь зөв энгэртэй ташуу захтай дээлтэй. Дээлийн хормой доогуур гутлынх нь хоншоор цухуйсан, ноён хөрөг толь бүхий бүстэй, баруун гартаа хундага барьжээ.
• Бичигтийн шахааны баруун доогуур урдаас хойш чиглэсэн их хөндийг Хөргийн хөндий гэдэг. Энд ур хийцээр болхидуухан, галт уулын хүрмэн чулуугаар хийсэн долоон хүн чулуу байдаг. Заримыг нь ямар ч хувцасгүй нүцгэнээр дүрсэлжээ. Эндээс хоёр хүн чулууг аймгийн Угсаатны зүйн музейд зөөвөрлөн байрлуулаад 5-6 жил болж байна. • Судлаачид Дарьгангын хүн чулууг Түрэгийн үеийнхээс эрс ялгаатай, XIII зууных гэж үздэг. Тэр тусмаа тухайн үеийн хаадын түүхтэй ч холбоотой байхыг үгүйсгээгүй. Мөн хүн чулуун хөргийг тахилга, тайлгын зориулалтаар босгосон гэж үздэг байна. • Дарьганга сумын нутагт Ламтын заставын дэргэд байгаа хоёр хүн чулуу байна. Эрэгтэй, эмэгтэй хүний дүрс бүхий эр нь гэзэг, хөхөлтэй, хоёул малгайтай маш нарийн уран хийцтэй хоёр хөрөг бий.
• Хэдэн жилийн өмнө МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Наваанаар удирдуулсан судалгааны баг Онгон сумын Таван толгой, Шивээтийн орчмын булш бунханг ухаж төнхөж, алтан шармал бүүрэг бүхий эмээлтэй морины яс, цагаан шонхорын дүрс бүхий алтан бөгжтэй эмэгтэй хүний шарил, түүний толгойн гоёл болох алтан сааны хэлтэрхийг олж "Монголын алтан ургийн сурвалжит эмэгтэй булш" хэмээн сурталчилсан. Таван толгойн хүн чулууг нь хийц дүрслэл, бүтээсэн ур чадварын хувьд Төв Азийн нутагт байгаа монголын үед холбогдох хүн чулууны cop нь юм.
Алдартай хурдуудын удам Дарьгангад л бий
Эртний Дарьганга хошуу, өнөөгийн Сүхбаатар аймаг бол хэзээнээс нааш хурдан удмаараа гайхуулж ирсэн нутаг. Манж чин улсын дарлалд байхдаа адуун сүргийг нь хариулдаг адуучдын нутаг байлаа. Тэр үед хурдны удам их байжээ. Манжийн хаан 1838 онд зарлиг гарган, хурдан морьтой хүмүүсийг Халхын даншиг наадамд очиж уралдуулахыг хориглон зөвхөн Бандид гэгээний наадамд хоёроос илүүгүй морь авч очихыг зөвшөөрчээ. Иймээс 1925 он хүртэл Дарьгангын хошуунаас улсын чанартай томоохон баяр наадамд хурдны морь тоосоо өргөж байсангүй.
Дарьгангын жижиг зээрд, Ширээтийн цагаан Орлой угшлын адуунаас алдартай хурдан хүлгүүд тодорч байсан. Тийм боловч, Дарьганга нутгийнхан саяхныг хүртэл улсын их баяр наадамдаа ирж оролцож чаддаггүй байлаа. Газар хол, унаа хөсөг ховор, адууны нутаг бэлчээрээс эхлээд бэрхшээл их байсан юм. Дарьганга нутгаас төрсөн сайд асан, улсын алдарт уяач Ч.Хурц 1974 онд нутгаасаа авчирсан хүрэн халзан соёолонгоо улсын баяр наадамд айрагдуулж, 1976 онд шаргал хязаалангаа түрүүлүүлсэн. Тэгж л Дарьгангын хурдан удмын замыг нээжээ.
Манжийн хааны адуун сүрэгт хурдны удам их байсан. Алс явж уралдуулдаггүй байсан болохоор хурдны угшил тархсангүй. Харин ойр залгаа Галшарын хурднаас цус сэлбэж байсан. Дээхнэ үед Дарьгангын сайн эрчүүд, газар газраас хурдан адуу, хурдан азарга аваачиж нутгийнхаа адууны цусыг сайжруулж байжээ. Дарьганга угшлын олон алдартай хүлгүүд байдаг тухайлбал, алдарт хурдан хүлэг, Ононгийн хээр морь ,Ононгийн буурал морь, Буяндэлгэрийн хонгор морь, Раашийн хүрэн морь гэх мэт дурьдаад байвал маш олон байна.
Төрийн тахилгат Алтан Овоо
Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг.
Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна. Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарсаа өргөж, арц хүжээ аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг.
Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.
Шилийн сайн эрчүүдийн өлгий
XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад гэсэн гурван өөр ястан суурьшсан явдал нь тэдгээрийг өөр хоорондоо нэгдэн уусаж цоо шинэ ястан бүрэлдэн тогтоход хүргэсэн юм. Тэрхүү шинээр бүрэлдсэн Дарьганга ястан нь өөрийн гэсэн өвөрмөц зан заншилыг бий болгосон байна. Түүний нэг бол "Сайн эр" болох заншил юм. Сайн эр болох заншил бол Дарьганга ястны бахархал хүндлэлийн нэг байсан. Хошуу нуггийн ард олондоо домогт баатар болсон олон сайн эрчүүд байжээ.
Тухайлбал, Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага Бор, Хүрэл Дамдин, Хүрмэн Шар, Бух нэйрэн, Орлой шар, Хангай Базар, Хавчиг Саарай, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Маам Гөөг, Царцаа Гомбо, Улаан Дамаа, Богино Чалхаа, Өндөр Чалхаа, Цоохор чоно Ч.Лампиран, Исгэрдэг Л.Дамба, С.Жанцан, Цоохор Осор, Элбэг, Төгөө гээд олон сайн эрсийг нэрлэж болох билээ. Эдгээр шилийн сайн эрсийн түүх гарал тун сонин. Тэдний ихэнх нь Манжийн эзэн хааны сүрэгчид байсан Дарьганга нуггаас төрж гарсан байдаг Дарьгангад "Шилийн сайн эр" болоход заавал Шилийн Богд ууланд гарч тангараг өргөх ёс, алдартай сайн эрийг дагалдаж суралцах, сайн эрийн цол чимэгтэй байсан, ядарсан хүнд тус хүргэх, олсон олзоо ядуу ард олонд түгээн өгөх зэрэг тогтсон ёс журам үйлчилж байсан зэргээс үзэхэд тухайн орон нутгийн нэг өвөрмөи заншил байсныг тодорхой харуулж байна. Шилийн сайн эрсийн тэмцэл, үйл ажиллагааны үр дүнд Хятадаас Монголд нэвтрэх гэж байсан хар тамхины наймаа. сүлжээ таслагдсан байна. Тухайлбал, 1908 онд Манжийн засгийн газраас албан ёсны судалгаа гаргахад 1895-1908 он хүртэл 1350-иад Манж, Хятад худалдаачид ямар нэгэн хэмжээгээр сайн эрсийн халдлагад өртсөн гэсэн тоо гарчээ. Энэ бол дээрх манж, хятадын худалдаачдын зөөж явсан хар тамхи "Сайн эрс-ийн гарт орж үгүй болсон юм. Шилийн сайн эрчүүдийг төрийн бодлого үйл ажиллагаанд ашиглаж байсан зарим баримт мэдээ байдаг. Тухайлбал, 1930 оны үед Дотоод Явдлын Яамнаас "эсэргүү гэгдсэн "Хөх Ханд”-ыг орогнож буй өвөр монголоос барьж устгаад толгой нь авч ирэх даалгаврыг Дарьгангын шилийн сайн эр Богино Чилхаад итгэл хүлээлгэж явуулан гүйцэлдүүлж байсан гэдэг. Энэ мэтчилэн төрөөс гадаадын тагнуулын үйл ажиллагаанд "Шилийн сайн эр"-чүүдийг ашиглаж байжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
з
(103.229.123.254) 2021-04-05 16:03Хэл мэдлэгээрээ хамгийн илүү нь Эрдэм мэдлэгт дургүй булчин өс санахаас өөр юм алга уу
Хариулах
Irgen
(107.19.9.109) 2021-04-02 14:37Zov sh dee
Хариулах