МҮОНТ-д ужгирсан асуудлыг ард түмэнд ил болгосонд дарга, уран бүтээлчид нь дургүй байна

Twitter Print
2013 оны 11-р сар 22-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

МҮОНТ-ийн зарим ажилчид телевизийнхээ захирал Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргасан. Өргөдөл гаргасан ажилчид Ч.Даваабаяртай холбоотой гэх баримтуудыг дэлгэж "...Олон нийтийн төлөөлөл болж МҮОНРТ хэмээх их айлын галыг маналцаж яваа Үндэсний зөвлөлийн эрхэм гишүүд та бүхэн "ухна, ишигний зовлонг ойлгохгүй" гэсэн зүйр үгийг бодолцон, сонирхлын зөрчлийн хууль хийгээд одоо хэрэгжиж буй бусад хууль журмаа эргэн харж, Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Уг асуудлыг ажлын тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол байгууллагын нэр хүнд хийгээд хамт олны эрх ашгийн үүднээс тэмцэх болно" гэсэн.

Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, энэ талаарх асуудлыг хэлэлцсэн юм. Үндэсний зөвлөлийн хурал 11.00 цагаас зарлагдсан. Гэтэл МҮОНТ-ийн өргөдөл гаргасан гэх сэтгүүлч, дарга нар өглөөнөөс авахуулаад энд тэнд цугларч өөр өөрсдийнхөө хүрээнд хуралджээ. Тэд байдал эвгүй тийшээ эргэж байгаа учир үлдсэн ажилчид буюу дахин 150 гаруй хүний гарын үсгийг яаралтай цуглуулах хэрэгтэй хэмээн гарын үсэг цуглуулах ажил өрнүүлж байгааг тэндхийн эх сурвалж ярьсан юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж даргалдаг. Харин гишүүдээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн багш Д.Гоошоохүү, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн, Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн, Хэлцэл хууль зүйн товчооны захирал, хууль зүйн ухааны доктор С.Цэрэндорж, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав. Мөн "Үндэсний шуудан" сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, Төрийн шагналт Д.Сосорбарам, Төрийн шагналт, Төрийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, "Боролдой" студийн захирал С.Мягмар, "Эй Би Ай" хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн тэргүүн, "Аялал Жуулчлалын Тогтвортой хөгжил" сэтгүүлийн ерөнхийлөгч Д.Гантөмөр, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ирээдүйг аврах хөдөлгөөний тэргүүн, Монголын олон ангит кино компанийн захирал, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Ален Арман, Канад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Зоригтбаатар нар ажилладаг юм байна. Үндэсний зөвлөлийн эдгээр 15 гишүүнээс өчигдрийн хуралдаанд 11 нь иржээ. Ингээд хуралдааны үеэр Үндэсний зөвлөлийнхөн юу ярьсныг тоймлон хүргэж байна. Хуралдааны эхэн хэсэгт өргөдөл гаргасан уран бүтээлч, сэтгүүлчдийн төлөөлөл оролцож үгээ хэлсэн юм.

-Сэтгүүлч Л.Цагаандалай "Манай хамт олны зүгээс өргөсөн өргөх бичигт дурдсанчлан Ч.Даваабаярын ашиг сонирхлын зөрчил мөн хамт олонтой харьцахдаа том телевизийг удирдан авч яваа захирал хүний хувьд наад захын ёсзүйн хэм хэмжээ алдагдсан гэх шалтгаануудаас үүдэн цаашид хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн яагаад өргөх бичиг гаргасан талаараа тайлбарлав. Мөн "Энд нэг юм нэмээд хэлэхэд бидний хамт олонд харамсалтай байна. Манай телевизийн захирал биднийг байгууллага дээрээ дотоод асуудлаар ярилцаж байхад өчигдөр оройноос (20-ны оройг хэлэв.) эхлэн хэвлэл мэдээлэлд албан ёсоор мэдээлэл хийж, байгууллагынхаа нэр бүхий уран бүтээлчдийг ямар нэгэн баримт үндэслэлгүйгээр олон сая төгрөг идсэн гэх мэтээр үзэгчдийн өмнө, олон нийтийн өмнө байгууллагаа,  өөрийнхөө удирдлагад ажилладаг уран бүтээлчдээ шууд гүтгэн доромжилсон ийм үйл ажиллагаа болсон явдалд бид бүхэнд маш их харамсалтай байна" гэсэн юм. Л.Пүрэвдорж дарга "Нэг хүн гурван минут л ярьдаг юм шүү. Үндэсний зөвлөлийн гишүүд хүртэл тэгдэг юм" гэж сэтгүүлч Л.Цагаандалайд сануулаад "Өөр ярих хүн байна уу" гэв.

Ингээд уран бүтээлчид ярьж эхэллээ. -Олон дарга нартай ажиллаж үзсэн, олон сайхан хамт олонтой байж үзсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм байдалд хүрч байсныг үзээгүй. Маш их харамсч байна. Энэ бол хэдхэн хүний хоорондоо муудалцсан зүйл гэж бодохгүй байна. Энэ хүмүүс, хамт олны дундаас яриад байгаа юмнууд бол худлаа, хэн нэгэнтэй өш хонзон бодсон ч юм уу, хувийн сонирхлын үүднээс ярьж байгаа зүйл гэж огт бодохгүй байна. Энэ бүхнийг маш баримттайгаар гаргасан. Үүнийг зөв эерэгээр хүлээж авах болов уу гэтэл олон жилийн түүхтэй телевизийн хамт олныг маш эвгүй байдалд оруулж байна л даа. Өчигдөр, уржигдраас эхлээд хүмүүсийн нүүрийг харахад өмнөөс нь ичмээр байдалд оруулж байна. Энэ олон хүмүүсийг дайрч доромжилж, тэр олон сайт, мэдээллийн хэрэгслүүдээр ингэж байгаад харамсч байна. Тийм учраас үүнийг Үндэсний зөвлөл маш нухацтайгаар авч үзээд хамт олны гаргасан хүсэлтүүдэд хүндэтгэлтэйгээр хандана гэдэгт найдаж байна.

-Уран бүтээлийн дөрөвдүгээр нэгдлийн дарга М.Эрдэнэбат: Ер нь бол Ч.Даваабаяр гэдэг захирал МҮОНТ-ийг удирдан авч явах ямар ч ёс зүйгүй хүн. Энэ бүхэн нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажиглагдлаа. Харилцааны ямар ч соёлгүй, урлаг спортын ямар ч мэдрэмжгүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр шинэчлэл хийж байгаа мэтээр цалин цуух, байгууллагыг идэвхижүүлэх гэж байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгөөд байгаа юм. Энэ бол ямар ч үндэслэлгүй. Энэ бүхэн дороосоо уран бүтээлийн алба, нэгжид байгаа бид бүхний гаргасан санал санаачилгыг бүр тодруулж хэлбэл, Соёлын гавьяат зүтгэлтэн Золжаргал, Ариунжаргал найруулагч, Программын хэлтсийн дарга Оюунчимэг нарын бодож боловсруулаад хийж байгаа үйл явцыг мэдээллийн хэрэгслүүдээр өөрчлөлт шинэчлэл хийх гэсэн чинь тодорхой хэдэн хүний эсэргүүцэлтэй тулгарлаа гэж ярьж байгаад харамсч байна.

Энэ бүгдийг бид бүхэн дороосоо санаачилж, өдөр тутмын ажлыг явуулж уран бүтээлчдийн санал санаачилга байсан юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм гэв.

Гэтэл сэтгүүлч Л.Цагаандалай:-Би тайлбараа гүйцээгээд хэлчихье гэтэл Зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж: -Чи сая ярьсан ш дээ гэлээ. Гэсэн ч Л.Цагаандалай шаардлагыг хүлээж авалгүй үргэлжлүүлж ярьж гарлаа. Тэрээр "Өчигдөр хэсэг бүлэг хүмүүсийг шалгахаар болж байгаа гэсэн үндэслэлтэй юм яриад байгаа юм, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр" тэгтэл Л.Пүрэвдорж дарга,

-Чи өөрийнхөө тухай ярих гэж байна уу гэвэл,

-Үгүй ээ, би тэр нөгөө "Адуучин" тэмцээний талаар ярих гэж байна гэчихэв. Гэтэл зөвлөлийн гишүүд Л.Цагаандалайд хандан "Үндэсний зөвлөлийн дарга юм ярьж байхад та шууд босоод яриаг нь таслаад энэ чинь яаж байгаа юм. Тэртэй тэргүй таныг хүмүүс сонсч байхад хүнийг хүндэллэ дээ" хэмээн зөвлөлийн хуралд хүндэтгэлтэй хандахыг хатуухан хэлэв.

Уран бүтээлчдийн тайлбар үргэлжиллээ: -Үндэсний телевиздээ ажиллаж байгаа юу гэхэд "Тийм ээ" гэж хүн рүү нүүр бардам хардаг байсан бол одоо харж чадахаа байчихлаа. Үнэндээ энэ дотор ажиллаж байгаа хүмүүсийг ингэж хувь хүнийх нь талаас доромжилж, гарч байгаа тэр сайтуудын мэдээлэл, Ч.Даваабаяр захирлыг хэвлэл мэдээлэлд нөлөөтэй, олон мэдээллийн сувагтай хүн гэдгийг нь мэднэ. Олон хүнийг ингэж хувь хүний үүднээс ингэж байгаад эргээд бид яаж хүмүүстэй харьцаж, яаж нэвтрүүлэг босгож, яаж мөнгө төгрөгний тухай ярих вэ гэдэг асуулт тавигдаад байна. Одоо шинэ жил болох гэж байна. Дараа дараагийн том төслүүдээ босгох гэж байна, Биднийг очихоор "Та нар өөрсдөө хармаалчихдаг юм байгаа биз" гэж хэлэх болов уу гэхээс миний яс хавталзаж байна. Үнэхээр сэтгэл өвдөж байна. Арай ч ийм юм болчихно гэж бодоогүй. Өчигдөр бол үнэхээр би яахаа ч мэдэхгүй шоконд орсон. Хүн болгон над руу утасдсан. Энэ маш хэцүү байна. Шинэчлэлийн асуудалд нэг юм хэлчихье гэж бодож байна. Бид нар шинэчлэлийг хийх гэж оролдож байна. Дэлхийн жишиг рүү орох гэж оролдож байна. "ЕТV" телевизээр явсан мэдээнд "Бид нарыг продюссерын системд орох гэж байгаа" гэж ярьж байна, Ийм систем гэж байхгүй. Бидний хэн нь ч ийм юм яриагүй. "МҮОНТ-ийн ажилчид өргөх бичиг барьжээ" гэж байна. Бид ажилчид биш. Гэх мэтчилэнгээр ерөнхий жижиг юмнаас авахуулаад томоор доромжлоод байна.

-Би энэ өргөх бичигт гарын үсэг зураагүй. Миний хувьд ОБЕГ-тай хамтарч хийж байгаа "Нарны жим" олон ангит кинон дээр ажиллаж байгаа. Манай МҮОНТ "Тусгай салаа"-наас эхлүүлээд олон ангит ийм киног хэд хэд хийсэн.

Удирдлагын арга барил, зохион байгуулалт муугаас энэ киноны ажил хойшлоод байна. Улсад ажиллаж, улсын олон нийтийн байгууллагын уран бүтээлчдийг ямар нэгэн байдлаар удирдаж чадах чадваргүй. Дандаа хувийн байгууллагад захиран тушаах,  хөөж туух, хооронд нь бие биенийг нь тагнуулах ийм арга барилаар ажиллаад сурчихсан хүн гэдэг нь харагдаад байгаа байхгүй юу. Энэ хүн буцаад энэ ажилдаа үлдлээ гэхэд яг телевизийн ажил зогсох юм уу, гацах болчихоод байгаа байхгүй юу. Гарын үсэг зурсан хүмүүсээ өршөөж, уучилж чадахгүй. Нөгөөдүүл нь орж ажлаа шийдүүлж чадахгүй. Энэ хүнээс болж телевизийн байгууллага гацна.

-Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Наранцэцэг: Бид Үндэсний зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзахдаа захирлаа хүндэтгээд Ч.Даваабаяр захирлыг хэвлэл мэдээллийнхнийг өөрөө авчирчихсан байхад нь хаалттай хийсэн.

Асуудал тогоон дотроо байвал дээр юм болов уу гэж бодож байтал харамсалтай нь Ч.Даваабаяр захирал маань харин гадагшаагаа задруулчихлаа.

-Нэгдүгээр нэгдлийн дарга Гэрэл: Ер нь энэ хүнтэй цаашид хамтарч ажиллахад хувь хүний характер, ажлаа удирдаж авч явах чадваргүй, дарамталдаг. Өрөөндөө дуудаж оруулж ирж загнадаг. Тэр бол ажлын телөө биш. Энэ хүн хувь хүний характераар "Наад хүнийхээ амыг хамхиарай", "Ингээрэй. Чадахгүй бол чи өөрөө ажлаа өгөөрэй”, “Тэр хүн хурал дээр амаа хамхихгүй бол ажлаас нь хална" гэж байнгын удаа дараагийн дарамтыг бидэнд үзүүлж байсан. Энэ маш хэцүү байдаг. Хоёрдугаарт, та өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна лээ. Хурган дарга, доод алба, нэгжийн дарга нар нь өөрсдөө студи, продакшнтай, хувийн компанитай. Ингээд гэрээ хэлцэл байгуулаад хувьдаа мөнгө завшдаг. Доод уран бүтээлчдэдээ мөнгө өгдөггүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна лээ. Миний тухай материал ч зураг хөрөгтэйгээ гарсан байна билээ. Би нэр төрөө сэргээлгэхийн төлөө шүүхдэнэ. Шалгуулахад бэлэн. Энэ асуудал яаж шийдэгдсэн байсан ч бид нэр төрөө сэргээлгэнэ. Таны энэ алдаа дутагдалтай эвлэрч чадахгүй ээ.

-Уран бүтээлч хүнийхээ хувьд өчигдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллийг хараад сэтгэлд юм гогодчихоод байсан. Ямар муухай юм бэ. Энэ уран бүтээлийн байгууллагыг тэр аяар нь Монголын нийгэмд шороонд хутгачихлаа. Олон жилийн түүхтэй энэ байгууллага, хамт олон, салбарыг шороонд хутгана чинээ төсөөлөөгүй.

-Энэ хүн хариу мэдэгдэл хийгээд энд тэнд мэдээлэл өгч болно, эрхийнхээ үүднээс. Гэхдээ энэ бол манай дотоод асуудал, би энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлэх гэж байгаа. Би танд ярилцлага өгөх боломжгүй байна гээд хэлчихэж болмоор юм гэж харсан. Далан булчирхайгаа тоочоод "Тэр нь ингэдэг", "Энэ нь ингэдэг" гэсэн нь ямар дээд зэргийн ёс зүйгүй вэ гэдгийг баталлаа.

-Л.Пүрэвдорж дарга: Л.Цагаандалай чи товч түргэн яриарай. Юу тайлбарлая гэнэ ээ. Товч яриарай

-Л.Цагаандалай: Манай гэр бүлийн хүний даралт нь ихсээд, зүрх нь жаахан муу л даа. Даралт нь ихсээд ажилдаа яваагүй. Манай хүүхэд сургуульдаа яваагүй. Өчигдөр оройны мэдэгдлээс болоод гээд "Адуучин" УАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан талаар товч хэлтэл Л.Пүрэвдорж дарга "Өөр ярих хүн байна уу. За байхгүй бол Ч.Даваабаяр ярь" гэв.

-МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр: "Сайн байцгаана уу. Нэг дэх өдрийн өглөөний хурлын дараа М.Наранбаатар даргатай өрөөнд нь уулзаад сууж байтал тав, зургаан телевиз дагуулаад өөрсдөө орж ирээд өргөх бичгээ бариад Ч.Даваабаяр гэдэг нөхөр ийм, ийм юм байна. Энэ хүнийг ажлын тав хоногийн дотор ажлаас нь чөлөөл гэж уншаад орон даяар цацсан. Гурав хоног харлаа, тэвчлээ. Өчигдөр яалт ч үгүй хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ер нь байгууллагад юу болоод байгаа юм. Миний өгсөн ярилцлага, бичиж өгсөн тайлбарт бүх юм тодорхой байгаа. Үүн дээр хэлэх миний үг бол энэ байгууллага яагаад хохирчихов. Энэ байгууллагыг би юугаараа хохироочихов оо гэдэг нь хууль эрхзүйн хүрээнд л яригдах ёстой байх гэж бодож байна. Тийм учраас надад өөр хэлж ярих, өөрийгөө өмгөөлөөд байх юм алга аа. Тиймээс гишүүд маань өөрсдийнхөө эрхийн хүрээнд асуудлаа хэлэлцэж шийдвэрлэнэ биз ээ. Баярлалаа" гэлээ.

-МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир: Захирлууд мөнгө төгрөг иддэг гэж баахан ярьсан. Надад хувийн студи алга (зарим захирлуудаас хувьдаа студи, продакшнтай эсэхийг нь асууж байлаа) гээд Ч.Даваабаяр дарга ойлголтын зөрүүтэй мэдээлэл гаргаж байгаа гэв.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн шагналт Д.Сосорбарам: Үндэсний зөвлөлдөх хороо энэ асуудлыг шийдэхгүй. Шүүх хурал шиг юм асуугаад байх ч шаардлага ч байхгүй. Би зүгээр шууд л бодлоо хэлэхэд ийм байна. Энэ Ч.Даваабаяр бол өөгүй хүн байна гээд энд тайлбар ирсэн байна. Эсэргүүцэж байгаа хүмүүс бас л ажлаа сайн хийж байсан өөгүй хүмүүс. Өөгүй баахан хүмүүс хоорондоо маргалдаж байна л даа, миний харж байгаагаар. Тэгэхээр би Үндэсний зөвлөлийн гишүүн бус байхдаа МҮОНТ энэ тэрийг анзаарч байхад өөгүй хүний тухай биш харин бүр ужигарсан тийм газар болчихсон юм байна гэдгийг л хардаг байсан, уран бүтээлч хүнийхээ хувьд. Үндэсний зөвлөлийн хорооны гишүүн болсноос хойш би энэ телевизийн элдэв нэвтрүүлэгт орохоос татгалздаг байсан. Яагаад гэвэл Үндэсний зөвлөлийн гишүүн байж энэ телевизээр их хэмжээгээр их гарах эрх байхгүй гэж үздэг. Миний бодлоор МҮОНТ-ийн дотроо ярих зүйлийг та үүдээр нь дэлгэчихсэн л байхгүй юу. Миний санаа зовж байгаа юм юу вэ гэхээр бүх юм дууссан. Одоо ичээд ч хэрэггүй, та нар. Та нарын өмнөөс ичиж байгаа юм юу вэ гэхээр ийм мэргэжлийн өндөр түвшний сэтгүүлчид зиндаа нь арай өндөр байх хэмжээний хүмүүс ийм юм яриад сууж байна гэдэг бол ертөнцийн онигоо. Энэ онигоогоо та нар яаж арилгах ёстой юм бэ гэхээр шууд шүүхэд ханд. Үүнийг Үндэсний зөвлөлдөх хороо шийддэг ч юм биш. Энэ бол цагийн гарз. Шууд шийдвэр гаргаад энийг хал тэрийг ингэ гэх хууль эрх зүйн үндэс байхгүй.

Ч.Даваабаяр ч шалгуул. Та нар ч шалгуул. Аудитын шалгалт орохоор юм гардаггүй байхгүй юу. Энд нэг л бугшмал юм байгаад байгаа юм. Өнөөдөр радио, телевизийг удирдаж байгаа дарга нь гэнэт л алга болох уу (Ерөнхий захирал М.Наранбаатарыг хэлэв.). Гэхдээ өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг гэдэг. Гэхдээ энэ өдөр утсаа авахгүй алга болно гэдэг цаана нь нуугдмал юмтай л байгаа байхгүй юу. Тийм учраас та нар энэ ужигаа өөрсдөө арилга. Яаж арилгадаг юм бэ гэхээр шүүх байгаа ш дээ. Өөрсдийгөө шалгуул. Тэр 200 хэдэн сая төгрөг идсэн, уусан нь үнэн байна уу. Үндэсний зөвлөлдөх хороон дээр орж ирээд цаг бараад байх шаардлага байхгүй. Ажлаа хий. Ч.Даваабаяр шалгуул. Ч.Даваабаяр ч та нарыг шалгуулаг. Аяндаа илэрнэ. Энд бүгд өөгүй хүмүүс хүрч ирээд ярьж байгаа нь ажил хэрэг ч биш, хов. Ийм зиндааны сэтгүүлчид хов яриад. Энийгээ боль. Би хувь хүнийхээ хувьд, эр хүнийхээ хувьд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний хувьд гэж үзнэ үү, падгүй. Би хувь хүнийхээ хувьд та нарт ингэж л хандаж хэлнэ. Бидний дунд, уран бүтээлч хүмүүсийн дунд ийм яриа баймгүй байгаа юм. Зүгээр л энэ байгууллагын нэр төрийг хөөдчихсөн юм байна. Та нар ч бас тав зургаан телевиз дагуулж орж ирсэн нь бас л буруу зүйл. Та нар яваад шалгуул. Хурдан шийд. Болдоггүй юм бол та нар сайн дураараа огцор. М.Наранбаатар чинь алга байна. Та нар гомдлоо гарга, шалгуул, тогтоо гүйцээ. Өөр юм байхгүй. Одоо телевиз, радиогоор сүйд болоод байх хэрэг байхгүй. Хэвлэл мэдээллээр хэрэлдээд ч хэрэггүй. Тэгвэл бүр онигоо шүү. Гомдлоо өгөөд урдах ажлаа хий. Нэг байшинд амьдарч байгаа хүмүүс гарч орохдоо хөмсөг зөрөлдөөд, аягүй бол гар зөрчих гээд байх хэрэггүй. Өнөөдөр М.Наранбаатар дарга нь өөрөө алга байна ш дээ. Ямар шийд гарах юм. Байсан бол ондоо юм ярина. Энэ телевиз дунд их бугшмал юм байгаа нь ингээд нотлогдож байгаа байхгүй юу. Тэсрээд одоо дэлбэрч байна хэмээн ярилаа. Энэ үеэр хурлын танхим чимээгүй болж, хүмүүс түүний яриаг анхааралтай сонсч байв.

Ингээд Үндэсний зөвлөлдөх хороо хаалттай хуралдсан юм.

Манай сонины дугаар шилжих мөчид МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурал шийдвэр гаргаж, ирэх сарын 2-ны даваа гаригт ээлжит бус хуралдаанаа хийхээр болжээ. Тэр хүртэл идэж, уусан гэгдээд байгаа нөхдүүдийг зохих газруудаар нь шалгуулж, дараагийн хуралдаанд М.Наранбаатар захирлыг заавал байлгахыг үүрэгджээ. Өчигдрийн хуралдаанд ерөнхий захирал М.Наранбаатар "Одоо очлоо" хэмээсээр байгаад сүүлдээ утсаа ч аваагүй алга болжээ. Хаалттай хуралдааны үеэр түүнд арга хэмжээ авах тухай санал хэд хэдэн удаа гарчээ. Дараагийн хуралдаанд Н.Наранбаатарын талаар авч хэлэлцэхээр болсон юм байна.

Д.ГАНСАРУУЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.2) 2014-03-13 12:24
      • 0
      • 0

      энэ телевизийг татан буулгаж хувьчлах нь зүйтэй, үзэх юм байхгүй шүү дээ, салбайдаг л урж шиддэг нэвтрүүлэгтэй өөр юу ч байхгүй, залуу зохион бүтээгч ч гэх шиг жинхэнэ тэнэг инээдтэй, заримдаа бүр уур хүрмээр байдаг юм мэдээ мэдээлэл бол бүр таг болсон шүү дээ, овоо шуурхай мэдээтэй байсан даа, одоо бүр өнгөрсөндөө

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.235) 2013-11-22 12:14
      • 0
      • 0

      He he onigootoi yum. Uneheer dotoitchihoj dee.

      Хариулах