Европын холбоо, Чехийн Засгийн газар зардлыг нь дааж, Прага дахь монголчуудыг эх оронд нь авчирчээ

Twitter Print
2020 оны 08-р сар 11-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Коронавируст цар тахлын үед гадны улс орнуудаас иргэдээ авчрах Монгол улсын Засгийн газрын ажлыг дэмжин, БНЧУ болон зүүн европын орнуудаас Монгол иргэдийг авчрах тусгай үүргийн нислэгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зохион байгуулж, өнөөдөр 250 иргэд эх орондоо эргэн ирлээ.

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор, нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орж, тусламж шаардлагатай болсон иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулах саналыг 2020 оны 4 дүгээр сард Гадаад харилцааны яамны зүгээс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад тавьжээ. Үүний дагуу  Монгол болон БНЧУ-ын Засгийн газруудын санал санаачилгыг үндэслэн, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага холбон зохицуулж, тусгай нислэгийн зардлын 75 хувийг Европын Холбооноос, үлдсэн 25 хувийг БНЧУ-ын Засгийн газраас гаргажээ.

Дээрхи 250 зорчигчийн 185 нь ОУШХБ-ын дэлхий даяар хэрэгжүүлдэг, “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр”-т  хамрагдсан боловч хөл хорионы улмаас эргэн ирж чадахгүй байсан Монгол иргэд юм. Эдгээр иргэдийн 10 нь хүүхэд,  53 нь 60-аас дээш насны иргэд байна.

Энэхүү хөтөлбөрт хэн багтахыг тухайн орны засгийн газар шийддэг, хөтөлбөрт заагдсан тусламж дэмжлэгийг ОУШХБ хариуцан биелүүлдэг байна. Уг журмын дагуу БНЧУ-ын Засгийн газраас хөтөлбөрт хамрагдах иргэдийг ОУШХБ – т танилцуулсан ба Монгол улсаас БНЧУ-д суух элчин сайдын яам хамтран ажиллаж, мэдээлэл солилцсоны үндсэн дээр эдгээр 185 иргэдийг тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэр гарчээ. 

Цар тахлаас үүдэлтэй хилийн хязгаарлалт тогтооогдсоноос хойш “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр” -өөр дамжин 27 иргэд эх орондоо ирсэн бол энэ удаад МИАТ компаний үйлдсэн тусгай үүргийн онгоцоор ийнхүү 185 иргэдийг эх оронд нь авчирлаа. Эдгээр иргэдийн нислэгийн зардал, тусгаарлалтын зардлыг хөтөлбөрөөс төлөх бөгөөд хорио цээрийн хугацаа гүйцсэний дараа ОУШХБ-аас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын дагуу эргэн суурьшихад дэмжлэг болох тэтгэлгийг олгох болно. 

БНЧУ болон Монгол улсын Засгийн газрууд, ОУШХБ-ын Прага дах болон Монгол дахь салбарын төлөөллүүд олон удаа хэлэлцсний эцэст МИАТ компанийг сонгон тээвэрлүүлсэн учир нь Монгол оронд мөрдөгдөж буй хорио цээр, халдвар хамгааллын дүрмийн дагуу бүх үйл ажиллагааг явуулах, КОВИД -19 тархалтаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.