Энэтхэгийн тамирчин медалиа зүүхээс татгалзаж, 500 ам.доллараар торгуулжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 02-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн спортын их наадам энэ онд БНСУ-ын Инчон хотод амжилттай үргэлжилж байна. Гэхдээ зохион байгуулагч орны хуйвалдаан олны дургүйцлийг хүргэлээ. Боксын төрөлд Монгол, Энэтхэг улсын тамирчид өрсөлдөгчөөсөө илүү тоглолт үзүүлсэн ч шүүгчид нутгийн эздийн талд үйлчилсэн юм. Үүнийг эсэргүүцэж эмэгтэйчүүдийн 57 кг-д хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Л.Сарита Дэви шагнал гардуулах ёслол дээр медалиа зүүхээс татгалзжээ.

Мөн медаль гардуулах ёслолын дараа сэтгүүлчдэд “Би медаль авахыг хүсээгүйдээ энэ бүхнийг хийсэн юм биш. Би боксын карьераа үргэлжлүүлэхийн тулд, шударга ёсны төлөө медалиа Солонгосын тамирчинд өгсөн. Мэдээж хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Гэхдээ намайг медалиа буцааж өгөөд тайзнаас буухад Энэтхэгийн албаны хүмүүсээс хэн нь ч бидэнтэй ирж уулзаж, тайтгаруулаагүй. Би яг одоо эх орондоо буцаж очоод бяцхан үрээ тэврэхийг юу юунаас илүү хүсэж байна” гэж ярьсан аж.

Энэтхэгийн нэгэн сайтад Сарита Дэвигийн энэхүү үйлдлийг үзэгчид хийгээд, онлайн ертөнц бүхэлдээ дэмжиж байгаа ч Олон улсын сонирхогчдын боксын холбоо, Азийн Олимпийн Зөвлөл үүний эсрэг байр суурьтай байгаа тухай бичжээ. Мөн Монголын тамирчин Н.Төгсцогт болон Энэтхэгийн тамирчин Сарита Дэви нар өрсөлдөгчөө илт давуу ялж байсан эцсийн мөчид шүүгчид Солонгосын тамирчдад ялалт өгснийг шүүмжилсэн байна.

Харин Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Дэвид Фрэнсис “Энэ бүхнийг Энэтхэгийн тамирчин, тэдний багийнхан зохион байгуулалттайгаар хийсэн нь харагдаж байна. Түүнийг медалиасаа татгалзаж байгааг харах харамсалтай байлаа” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Хэдийгээр ялалтаа луйвардуулж, аваргын төлөө тоглох боломжгүй болсон ч Азийн наадмыг хүндэтгэж медалиа зүүгээгүй Энэтхэгийн Сарита Дэвиг 500 ам.доллараар торгох шийдвэр гаргажээ. Гэтэл түүнд мөнгө байгаагүй болохоор улсынх нь сэтгүүлч торгуулийн мөнгө өгч тус болсон байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.