
БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам үргэлжилж байна. Өнөөдөр манай боксчдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д тулалдсан Д.Отгондалай алтан медаль хүртлээ. Олон улсын сонирхогчдын боксын холбоо дүрмэнд өөрчлөлт оруулж тамирчдыг толгойндоо дуулгагүй тоглуулах болсон. Мөн оноог ил гаргахгүй, дөрвөн үе байсныг гурван үе болгон өөрчилсөн юм. Энэ нь тамирчид дасгалжуулагчдаас багагүй шүүмж хүртээд байгаа. ОУХМ Д.Отгондалай аваргын төлөө Филлипний Ч.Суаресыг 2:1-ээр хожсон аж. Өмнөх өдрүүдэд боксын тамирчид ялагдаж хүнд байдалд орсон. Ялангуяа Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт нутгийн тамирчинд ялалтаа луйвардуулсан нь олны дургүйцлийг хүргээд байв. Харин аваргын төлөө тоглох эрхтэй болсон Д.Отгондалай “ганц дайчин ганцаардахгүй” гэдгийг харуулж Азийн наадамд анх удаа түрүүлсэн аж.
Ийнхүү Монголын баг тамирчид “Инчон 2014”-ын тав дахь алтан медалиа хүртлээ. Тэмцээний эхний өдрүүдэд жүдочид 3 алт, буудлагын Ч.Нарантуяа ганцаарчилсан төрөлд аварга болоод байлаа. Мөн Монголын түүхэнд Азийн наадмын боксын спортоор Д.Отгондалай алтан медаль энгэртээ зүүсэн анхны тамирчин боллоо. Өмнө нь жүдо, чөлөөт бөхийн тамирчид алтан медаль аваад байсан.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505