Энэ өдөр ЖАНЖИН ТӨРСӨН

Twitter Print
2021 оны 02-р сар 02-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Хоёр жараны тэртээх энэ өдөр монгол түмний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших хосгүй гавъяаг идэр залуухан гучин насандаа амжиж бүтээсэн эгэлгүй нэгэн хүмүүн эхээс мэндэлж байжээ. Тэр хүний алдар нэрийг Дамдины Сүхбаатар гэнэ.

Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу өнөөгийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаас эгээ л их зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романд Засагт ханы Эрдэнэ нутаг усандаа байж суухын эрхгүй болж, эхнэр Долгор, хүү Батыгаа дагуулан амьдралын эрэлд гардаг шиг Сүхбаатарын эцэг цагаан дээлт Дамдин ч мөн нэгэн адил “зовсон хүн жаргадаг, золбин нохой зоолдог” гэж яригдах Их хүрээг бараадан хөдөлж байжээ.

Харц ард Дамдины ганц зөвлөж ярьдаг хүн нь Гандан хийдэд шавилж байгаад нутагтаа буцаж суурьшсан Дондов хэмээгч нэгэн лам байсан гэдэг. “За, чи яаж ингэж хоёр хүүхэдтэй эхнэртэйгээ ч өрх тусгаарлаж чадахгүй, айлын хаяанд хавчигдаж, нутаг орондоо тогтож суух вэ? Хандын цаад өргөж авсан эцэг эх нь үхсэн ч чамтай суулгахгүй, юмтай хөрөнгөтэй хүний эхнэр болгоно, хоёр хүүхдийг нь өөрсдөө ч хамаагүй аваад хоцорно гэж байна билээ. Цаад муу эхнэр, хоёр нялх хүүхдээ аваад, чи Хүрээ бараадаж үз. Их хөлийн газар заавал учиртай. Амь зогоогоод байх ая эв олдоно байх” хэмээн зааж зурж, хэрхэн яаж зам буруулан оргох зүг чиг гаргаж, замын жаал хүнс, хэд гурван янчаан өгч их тусыг үзүүлсэн гэдэг билээ.

Дамдинд эргэлзэж тээнэгэлзэж, хойш хоргодож хойшлох юм даанч байсангүй. Харж тойлдог, бие муутай эцэг Төгөө нь 1889 онд нэгэнт насан өөд болсон байв.

-Эгч минь, та энэ нэг гэр шуу юм, хэдэн хонь, ямаатайгаа эрхбиш болоод байх байгаа. Муу дүү чинь ягир цагаанаа хөтлөөд, цаад хэдээ аваад, Их хүрээ бараадъя. Хүн амьтанд тэгж хэлсний хэрэггүй. Таныг л би явгалж орхих нь, даанч өөр арга алга. Шинэ газар очоод амьдрал ахуй минь болж бүтэж гэмээнэ, таныг ч бас татахыг бодно хэмээн төрсөн эгчдээ хэлээд, 1890 оны хаврын сүүл сард аян замдаа шуударчээ.

Хол замд хөл дүүжлэх ганц унаа болсон яндан цагаан мориндоо замын хүнс, аахар шаахар юмаа ганзагалж, таван настай том хүү Дэндэвээ мордуулж, дөрвөн настай, биеэр давжаа бага хүү Аранжингаа арганд хийж, эхнэр Хандтайгаа ээлжилж үүрсээр, зүгээр ч үгүй зам буруулан, дасч идээшсэн нутаг уснаасаа хөдөлжээ. Хөндлөнгөөс нь хүн харвал, том жижиг, эр эм, адгуус амьтан нийлсэн таван халуун амь хэзээ хаана хүрнэ дээ гэж үнэн өрөвдмөөр. Амьтай нь эрхбиш хөдөлж, Хүрээ нь эрхбиш сууж байгаа юм тулдаа нэгэн нартай сайхан өдөр өнөөгийн Амгалан буюу мөнөөх алдарт Маймаа хотын барааг олж харжээ.

Арга зам зааж, аврал болсон нутгийн лам Дондовынхоо захиж хэлсэн ёсоор Ёотуу Даваа гэгч айлыг эрж сурагласаар олж очвол, Гаалийн гудамжны зүүн зүүн захад байх бас л нэг ядруухан айл юмсанж. Гэрийн эзэн Даваа, эхнэр Хишигт хоёр зовлон үзсэн зан сайтай хүмүүс байсан гэдэг. Мэдлийн ганц шоо шиг шавар пиндээ суулгах болсноор Дамдингийнх гэдэг айл анх удаа бие дааж, аргал зэрэглэн гал өрдөж, зовлон хүндрэлийг мартагнан, халуун ам зуураа хөөр болон сууцгаажээ. Хятад хоршоо пүүсийн манаа хийх, айл хөршийнхөө гуйлтаар хонь, ямаа, илжиг, луусыг нь маллах, аргал хоргол түүж өгөх, хувцас хунар оёж шидэлцэх, гутал уллах, оймсны хараа урлах зэргээр хоол хүнсээ ямар ч бол залгуулаад байх болжээ.

Хүнд тустай, гэм хоргүй, гэнэн цагаан, эгэл боргил эхнэр нөхөр хоёр хавь ойрын айл амьтны хайр хүндэтгэл хүлээх болж, тэднийхээ дэмээр толгой хоргодох өөрийн гэсэн орон гэр бүрдүүлж авчээ. Үнхэлцэг шиг хар гэр нь эсгий үүдтэй, ширдэг тойруулга ч гэхээр олигтой юмгүй, эсгий, адсага энэхэн тэрхэн дэвссэн, хоймортоо хоёр бор авдартай, хоёр авдарных нь хоорондхи шургуулган дээрээ сэтэрлэсэн модон морь, утаа тортог болсон бурхан тавьсан, Наймаа хотын явар ядуу айлын нэгэн байсан ч гэлээ тэднийх хүүхдийн инээд, хүний хөл тасардаггүй нэгэн бодлын жаргалтай л айл байжээ.

Иймэрхүү гэр орон, ахуй нөхцөл дунд Дамдин, Ханд хоёр амьдрал ахуйгаар ядуу ч, сэтгэл санаагаар цатгалан аж төрж, үр хүүхдээ асарч, өдөр хоногийг түлхэн байтал 1893 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр, “би хүү, би хүү, би бүр баатар хүү шүү” хэмээн хашгирч тунхаглах мэт орилж чарласаар дуу хадаан нэгэн хүү төржээ. Хүү төрлөө гэдэг баяр цацарсан хоёрхон үгэнд гагц Дамдины дөрвөн ам бүл баясан хөөрсөнгүй, гацааны ахан дүү шиг болсон айл хөршийнхөн нь ч хөл алдан баярлажээ. Амандаа алтан халбага зууж төрсөн энэ лут эрд ямар нэр өгөх вэ гэлцэхэд, эцэг Дамдин нь Улиастайн голын эхээр түлээ түлш бэлтгэж байхдаа сүх олсноо билэгшээж, яавч энэнд учир байгаа хэмээлцэн Сүхбаатар гэдэг хожмоо мөнхөд дуурсах алдар нэрийг хайрлажээ.

Ингэж эгэл нэгэн ядуу айлаас ижилгүй баатар эр, их жанжин, цуутай хүмүүн өвлийн сүүл сарын энэ нэгэн өдөр мэндэлсэн нь өдгөөгөөс 128 жилийн тэртээх явдал билээ. Хоёр жаран эрээлжлэн жирэлзэн өнгөрсөн ч, хосгүй их гавъяа алдрыг нь хотол түмнээрээ мартсангүй. Тийм хүнийг эх орон нь байгаа цагт, хүн ард нь өсч үржиж удам залгаж байгаа цагт их түүх хэрхэн яахаан мартах билээ. Хэрэв тэгж мартвал Монголын заяа гомдоно, түмний хийморь гундана. Улс Монголынхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа эрх чөлөөг дархлах мөнхийн гавъяат үйлсийг Дамдины Сүхбаатар алдрах бие, асгарах цус алинаа ч үл хайрлан, их түүхийн өмнө бүтээсэн юм. Тэр биднээс биш, үеийнхнээсээ, өрлөг түүхээсээ үхэшгүй мөнхийн жанжин цолыг хүртсэн юм.

Хоёрдугаар сарын хоёрны энэ өдөр төрсөн тэр хүнийг Дамдины Сүхбаатар, жанжин Сүхбаатар гэдэг билээ.

До.Чулуунбаатар тэрлэв

2021. 02. 02

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.