
Ирэх буцахын сануулга
Хүн ер нь их сониуч байх юм. Монголоор дүүрэн яриуштай зүйлс ёстой буцалж байхад, хаа тэртээх Кремлийн шүдний өвчин болсон Навальный яагаад хорих гээд байхад буцаж ирэв ч гэх шиг, Трампын тавилан, Кимийн араншин, Байдены сайн саар тал гэх зэрэг дэвэн дэлхийн хуучисыг өөр хоорондоо хэлэлцэж суух юм.
Ийм үед эзэд нь солигдох алс гүрний Цагаан ордны үйл явц ч сонин л санагдана. Уламжлалаараа бол, одоогийн тэргүүн хатагтай залгамжлан ирэх эзэгтэйгээ цайнд урьж, цугтаа Цагаан ордноор алхаж, хаана юу байдгийг ярьж хуучилж, танилцуулах ёстой боловч, тэгсэнгүй. Тэгээд ч тэргүүн хатагтай боллоо ч, англи хэлний багшаараа үлдэнэ гэдэг Жилл Байден бол Цагаан ордон, тэндхийн ёс заншил, хамаг юмыг арван хуруу шигээ мэдэх нэгэн. 26 настайдаа сенаторчийн гэргий болж, хожмоо найман жил улс орныхоо дэд хатагтай гэгдэж явсан хүний хувьд, Цагаан ордны аж төрөл, тэндхийн улстөрийн хүрээ нүдэнд нь илхэн байлгүй яах вэ. Харин дөрвөн жил их гүрний тэргүүн хатагтай, Цагаан ордны эзэгтэй байсан Мелания Трамп гэж чухам хэн байгаад өнөөдөр халаагаа өгөх гэж байна вэ?
Мелания Трамп 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд социалист улсуудын нэг гэгдсэн Югославын Севница хэмээх төмөр замын томгүй нэгэн тосгонд төрж өсчээ. Эцэг эх нь харьцангуй амьдрал ахуй сайтай ч байж, хоёр охиноо элбэг бийлэгжүү өсгөсөн ажээ. “Мелания хүүхэд байхын тун хөөрхөн, ганган гэж гойд охин байсан. Ээж нь Амалижа гэж эмэгтэй их ажилсаг хүн, орой үдэш өөртөө болон хоёр охиндоо хувцсыг нь оёод суучихна. Тэднийх дэлгүүрээс л лав бүсгүй хүний хувцас авч байгаагүй байх. Дандаа өөрсдөө хийгээд өмсчихнө. Мелания зурах авъяастай, хувцас хунар, гоё чимэглэлийнхээ загварыг өөрөө гаргачихна, тэр дагуу нь ээж, эгч нь оёод өгчихнө. Тэднийхэн Франц, Итали, баруун Германд аялцгаана, ээж нь үе үе томилолтоор тийшээгээ явна, хөрөнгөтний ертөнцтэй эрт танилцсан хүмүүс. Эцэг Виктор нь ганган мерседес бензээ гялалзтал нь угаагаад зогсож байна. Гэр орон, өрөө тасалгаа, хувцас хунар, машин тэрэг аль ч талаараа социализмын тэр үед ялгардаг л айл байсан” хэмээн багынх нь найз Миржана хэмээх бүсгүй нэгэнтээ хуучилжээ.
Мелания охин хичээл л тарсан бол, гэртээ ороод таг болдог, сурлага хичээлдээ гойд мэрийлттэй хүүхэд байжээ. Аравдугаар ангиа төгсөөд, их сургуульд орж, зохион бүтээгчийн мэргэжил эзэмшинэ хэмээн мэрийж явсан охин нэг л мэдэхэд хүүхдийн хувцасны сэтгүүлд зургаа авахуулах болжээ. Словений нэртэй гэрэл зурагчин Стейн Жерко дурангийнх нь өмнө арван зургаахан настай, ичимхий бүрэг зантай боловч, холын ирээдүйтэй нэгэн охин зогсч байгааг анзаарсан ажээ. Охин ч дурласан мэргэжлээрээ их сургуульд элсэн оржээ. “Бид бүгд л хориодхон настай хүүхдээрээ шахуу залуус байсан, биднийг бодвол Мелания арай л өөр, их л өсгөлүүн, холд тэмүүлсэн охин байсан. Хорь гаруй насандаа анх Словений загварын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн, Итали ч явсан, миний хэр хэмжээ хүн ам цөөнтэй, энэ жижигхэн улс оронд арай л ахдах юм байна гэж эрт ухаарсан байх аа, эх орон минь баяртай, би улам л том талбарт өсч өндиймөөр байна гэж хэлэх мэт яваад өгсөн хэмээн нэгэн цагийн найз нөхөд нь дурсчээ. 1995 онд загварын сэтгүүлийн эзэн, Италийн бийлэгжүү эр Паоло Замполлитай хамтран ажиллах болсон нь ирээдүйг нь бүр ч өөрчилжээ.
“Европ яах вэ, гарт минь ингээд орлоо, одоо би Нью-Йоркын загварын ертөнцөд хөл тавимаар байна, улам шат ахимаар байна” хэмээх бодол өвөрлөсөн залуу бүсгүйд мөнөөх итали эр боломж бололцоо олгож, ажлын визтэйгээр Америк хэмээх их ертөнцөд 1996 онд хөл тавиулжээ. Vogue, Allure, Vanity Fair, Glamour, Harper’s Bazaar зэрэг алдартай сэтгүүлүүдийн хавтсыг үе үе чимэглэх болсон ч, загварын ертөнц гэдэг амаргүй хорвоо юмсанжээ. 26 хүрсэн бүсгүй арай л ахимагдаад эхэлж. Тамхины сурталчилгаанд насны хувьд тохиромжтой гэж үзсэн бололтой, Camel хэмээх алдартай тамхины нүсэр рекламанд билэгдэл болсон ч удаатай. Америкийн загварын ертөнцөд төдийлөн гялалзахаа больж, ид насандаа гайхуулж явсан Европын жилүүдээ бахдан дурсах шинж орж байх тэр үеэр нь буюу 1998 оны 9-р сард Нью-Йоркын загварын долоо хоногийн нэгэн том дайллагад мөнөөх л Замполли хүрэлцэн ирэхийг урьжээ. Тэнд өөрийн нэгэн найз Дональд Трампыг ч урьсан байжээ. Дональд Трамп болзсон нэгэн бүсгүйгээ дагуулж очсон хэдий ч, Мелания Кнавс бүсгүйд сэтгэл нэгэнт татагджээ. Тэгээд ч утсынхаа дугаарыг өгөөч хэмээсэн юмсанж.
“Ингээд би утсныхаа дугаарыг өгчихвөл, зүгээр л нэг залгадаг хүүхнүүдийнх нь нэг болно” хэмээн хаширлаад хүссэн дагуу нь болсонгүй. Та харин надад холбоо барих хаяг утсаа өгчихгүй юу гэжээ. “Энэ хүн надад үнэн сэтгэлээсээ хандаж байна уу, үгүй юу гэдгийг нь мэдэх гэсэн юм. Ямар дугаар өгч байгаагаар нь эр хүнийг шинжиж болно. Надад тэр бүх дугаараа өгсөн юм” хэмээн хожим нь тэрбээр дурссан удаатай. Ийнхүү хорин найм настай, 180 см өндөр, 56 кг жинтэй, биеийн бүх харьцаа төгс хэмээн үнэлэгдсэн, шилүүс шиг нүдтэй гоо бүсгүй, 52 настай, шазруун зантай, хийморь сортоотой, Нью-Йоркийн жинхэнэ домог болсон авир төрхтэй, шуугиан дуулианы эзэн, хөлгүй баян эр хоёрын хань ижил болох харгуй зам тийнхүү дурайжээ. Хадам аав нь ердөөн л тав ах байсан ч, насны зөрөө тэр хоёр содон хүний хувьд, ханилж суухад нэг ч их хэлэлцээд байх зүйл байсангүй.
“Гэртээ харих гэж ерөөсөө би яардаггүй. Хар үүрээс авахуулаад, шөнө дөл болтол шаргуу ажилладаг болохоор би, амь ажил, албан өрөө, гэр орон хоёрыг холиод байх дургүй” хэмээн тэрбумтан Трамп нэгэнтээ хэлсэн бол, “Нөхрөө би орон зайд нь эрх тааваар нь байлгадаг. Наалдаад, надад л энэ хэрэгтэй гээд байдаггүй” хэмээн Мелания ч ам нээсэн нь бий. Ойр дотных нь хүмүүс ч тэгж хэлдэг аж. “Улс төр, улс төрийн бодлого гэдэг бол надаас хол хөндий зүйл. Тэр бүхэн бол миний нөхрийн эрхэлдэг ажил нь. Өөрийн бодол өөртөө зөв гэгчээр, санагдсан мэдрэгдсэн зүйлээ өөрт нь л хэлдэг. Тэгээд л гүйцээ. Миний хэлсэн зүйлийг өөр хэн ч мэдэхгүй, хожим ч мэдэгдэхгүй, бидний хооронд үлдэх зүйл” хэмээн ойр дотныхондоо хэлжээ.
Мелания Трампын баавгайн арьсан дээр нүцгэн авахуулсан нэгэн зураг шуугиан тарьсан удаатай. Тэр тухайд ойр дотных нь нэгэн хэлэхдээ, “Мелания бол жинхэнэ хатуу, хуучинсаг үзэлтэй хүний эхнэр байхаар угаасаа заяагдсан бүсгүй. Тийм хүнд баймгүй, дэг журмаас гадуурхи юм шиг авахуулсан элдэв зураг бол өөрийнх нь зан төрхтэй ерөөсөө холбоогүй, төөрөгдүүлэл төдий юм шүү" хэмээн хэлсэн нь бий. Хачин гэрсэг, найр цэнгүүнд оролцож, гадуур гарах тун дургүй гэдгээрээ алдартай нэгэн цагийн тэргүүн хатагтай албаны эрхээр энгийн нэгэн болж, баяртай гунигтай, хэлтэй амтай дөрвөн жилээ үдсэн Цагаан ордондоо гар даллан холдон явж байна.
Жаклин Кеннедиг загвараа болгоно хэмээн шүтэн бодож явсан нь бүрэн гүйцэлдсэн эсэхийг хэн мэднэ. Түүн шиг харин алдаршиж нэршсэнгүй. Түүн шиг мөнхөд хоцрох зүйлийг ч хийж бүтээж амжсангүй бололтой, тэргүүн хатагтай нарын дотроос нэр хүндээрээ тун бага үнэлгээтэй, хасах оноотой холдон явж байгаа ч, нэр алдар нь эргэн дуурсаад ирэхийг ч хэн байх гэх вэ. Мелания Трамп гэдэг нэр бараг дурдагдахаа байгаад, Жилл Байден гэх алдар нэр төрийн тэргүүн нөхрөө дагаад, өнөөдрөөс эхлээд дуурсаад эхэлнэ. Багш профессор, даруухан, хүнлэг, зовлон жаргалын аль алиныг нь үзсэн, улс төрийн тогоонд олон жил ойр байж, бүрэн “чанагдсан” Жилл Байдены хувьд, Марта Вашингтон, Элеонора Рузвельт, Жаклин Кеннеди нар шиг мөнхөд алдаршсан аугаа их гэгдэх тэргүүн хатагтай нарын нэгэн болохыг ч хэн байг гэх вэ!
Бидний багадаа бахдан бишрэн уншдаг байсан суут зохиолч Марк Твений “Жон гуйлгачин хоёр” романд Английн их эзэн хааныг залах сэтгэл хөдлөм, сүр жавхлан төгс баяр хөөр болдогчлон, Ерөнхийлөгчийн тангараг өргөх урд өмнө үзэгдэж харагдаагүй чанд хатуу хамгаалалттай энэ ёслолоос эхлэн АНУ-ын улс төрийн нэгэн шинэ эрин эхэлж байна. Ирэх буцахын сануулга ч гэж болохоор энэ үйл явдал дэлхий дахинд эерэг сайн зүйл л их авчраасай билээ!
До.Чулуунбаатар тэрлэв
2021. 01. 20
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.