
Нярай хүүхдэд тархины эмгэг гэдэг нь уураг тархины үйл ажиллагаа хямарч хэвийн биш болохыг хэлэх бөгөөд үүнд 4 төрлийг ялган авч үздэг. Үүнд:
1. Тархины хүчилтөрөгч дутагдлын эмгэг
Тархи бусад бүхий л эрхтэн тогтолцооны адил хүчилтөрөгчөөр байнга тасралтгүй хангагдаж байх ёстой. Хүчилтөрөгч тархинд төдийгүй бүхий л эд эрхтэнд цусаар зөөвөрлөгддөг гэдгийг бид сайн мэднэ. Хэрвээ тархи хүчилтөрөгчөөр дутагдвал эд эсүүд нь гэмтэх болно. Хүчилтөрөгчийн дутмагшил удаан хугацаанд үргэлжилбэл тархины эд эс үхнэ. Жирэмсэн эхийн зүрх, уушги, цусны хүнд эмгэгүүд, жирэмсний хожуу үеийн хүнд хордлого (преэклампси, эклампси), жирэмсэн үеийн халдварууд, ихсийн эмгэгүүд (ихэс ховхрох, ихэс доор байрлах), хүй хүзүүгээ ороох, төрөлтийн хүндрэлүүд нь эрсдэлт хүчин зүйл болно.
2. Ховдол орчмын лейкомаляци (тархины цагаан бодис гэмтэх)
Дутуу, бага жинтэй төрсөн нярайд ихэвчлэн тохиолдоно. Тархины хүчилтөрөгчийн хүнд дутлаас эс үхжинэ гэсэн үг. Эмчилгээ байхгүй учир тархины саа саажилт үүсэх өндөр эрсдэлтэй. Эхо, MRI шинжилгээгээр оношийг батална.
3. Тархинд цус харвах
Эх барихын хавчуур тавьж эсвэл вакум татагчаар төрүүлэх үед тархи гэмтэх, төрөөд 6 цагийн дотор К витамин тариагүй, төрөлт удаашрах, ураг/нярайн цус бүлэгнэлтийн эмгэг зэрэг нь тархинд цус харвах эрсдэл болно.
4. Тархины гаж хөгжил (Тархины зарим хэсэг гаж хөгжсөн эсвэл нэг хэсэг нь огт хөгжөөгүй/байхгүй)
Жирэмсний эхний 20 долоо хоногт урагт нөлөөлсөн сөрөг хүчин зүйлс: архи тамхи, эмийн бэлдмэлүүд, гэмтэл, стресс, халдварууд (тэмбүү, цитомегаловирус, улаанууд, герпес, токсоплазмоз), удамшлын өвчнүүд (Дауны хамшинж) г.м. Эдгээрээс гадна нярайн шарлалтын хүнд хэлбэр нь тархины эмгэг үүсгэх нэг шалтгаан болдог. Нярайн тархины эмгэг тийм ч элбэг тохиолдоод байдаггүй. 1000 амьд төрөлтөнд 2-9 тохиолдоно.
Тархины эмгэгийн шинжүүдэд: таталт, булчингийн чангарал (нумрах) эсвэл сулрал, эмгэг рефлексүүд илрэх, бие бялдар сэтгэц оюуны хөгжлийн хоцрогдол, гавлын хэмжээ том/жижиг байх, цус багадалт, нярайн рефлексүүд дарангуйлагдах, эсвэл эмх замбараагүй хэт их хөдөлгөөн, байнга унтах/уйлахгүй байх/сул уйлах, хараагаа тод зүйл дээр төвлөрүүлж чадахгүй, дуу авиа гарсан зүгт толгойгоо эргүүлэхгүй байх зэрэг орно. Харин ээжүүдийн байнга хэлдэг нойронд муу байх, толгой халах, чих/үсээ зулгаах, шилээ шөргөөх, цочих, их уйлах, хөлрөх зэрэг зовиурууд энд дурдагдаагүйг онцлон тэмдэглэж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.