
Испани улсад хэдийн борлуулагдаж эхэлсэн дуртгал номондоо Их Британийн Нэгдсэн Вант улсын ханхүү Харри 2019 онд гэргий Меган Марклаасаа болж төрсөн ах, хунтайж Уильямтай муудалцсанаа, Уиллиам түүнийн заамдан шалан дээр унагасан тухай бичжээ.
"Spare" нэртэй дуртгал номондоо ханхүү Харри ах Уиллиамын хамтаар аавыгаа Камиллатай гэрлэхгүй байхыг гуйсан мөн өсвөр насандаа хар тамхи хэрэглэсэн тухайгаа бичсэн байна.
Ханхүү Харригийн ном энэ сарын 10-нд нээлтээ хийх байсан ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Испанид борлуулагдаж эхэлсэн номноос нь иш татсан бол ITV суваг ханхүү Харритай хийсэн ярилцлагынхаа хэсгээс нийтэлжээ.
ITV сувагт өгсөн ярилцлагадаа ханхүү Харри ирэх 5-р сард аав Чарльзийнхаа хаан ширээнд суух ёслолд оролцож чадахгүйгээ мөн өөрийгөө хамгаалж үг хэлэх эрхтэй гэдгээ дурдсан байна.
Ханхүү Харри номондоо ээж, гүнж Дианаг нас барсны дараа сэтгэл санаагаар унасан тухайгаа, Афганистанд алба хааж байхдаа Талибан хөдөлгөөний 25 босогчдыг хөнөөсөн тухайгаа тус тус бичсэн байна.
2020 онд ханхүү Харри, гэргий Меган Марклын хамтаар албан ёсоор язгууртны хэргэм зэргээсээ татгалзан, АНУ-д амьдрах болсноос хойш олон нийт Их Британийн Хатан хааны гэр бүлийнхний дотоод асуудлыг ихээр сонирхох болсон. Үүнтэй холбоотойгоор ханхүү Харригийн дуртгал ном олны анхаарлыг ихээр татаж байна.
Эзэн хаан Чарльз болон хунтайж Уиллиамын зүгээс мэдэгдэл хийхээс татгалзжээ.
38 настай Харри номондоо 2019 онд Уиллиам Меган Марклыг "хэцүү, бүдүүлэг, муухай ааштай" хэмээн хэлсний дараа ах дүү хоёр муудалцаж, Уиллиам Харрийг заамдаж, хүзүүний зүүлтийг нь тасалж, газарт унагасан талаар бичжээ. Түүний бичсэнээр уг явдлаас хойш хэсэг хугацааны дараа Уиллиам Харригаас уучлалт гуйж, Меган Марклт болсон явдлын талаар хэлэхгүй байхыг хүсжээ.
Диана гүнж нас барснаас хойш Харри, Уиллиам хоёр маш дотно харилцаатай байсан ч Харри 2018 онд жүжигчин Меган Марклтай гэрлэснээс хойш ах дүү хоёрын харилцаа таарамжгүй болсон юм.
Ханхүү Харригийн дурссанаар Харри, Уиллиам хоёр ааваасаа Камиллатай гэрлэхгүй байхыг хүссэн ч хунтайж Чарльз хоёр хүүгийнхээ хүсэлтийг хүлээн аваагүй аж.
Ханхүү Харри гэргий Меган Марклын хамтаар Их Британийн хааны гэр бүл үнэн худал мэдээлэл цацдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг тэмцдэггүй, хааны гэр бүл тэр дундаа хунтайж Уиллиамын нэр хүндийг хамгаалахын тулд ямар нэг сөрөг мэдээ мэдээлэл гаргадаггүй явдлыг буруушааж буйгаа илэрхийлсээр ирсэн ба ханхүү Харри "дуугүй байснаар нөхцөл байдал сайжирна гэж бодохгүй байна" хэмээн ITV сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ханхүү Харригийн ном болон ITV сувагт өгсөн ярилцлага олон нийтэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа ч YouGov байгууллагаас хийсэн санал асуулганд оролцсон иргэдийн 65 хувь нь ханхүү Харригийн ном сонирхол татахгүй байна хэмээн хариулжээ.
Түүнчлэн санал асуулгад оролцогсдын дийлэнх нь хунтайж Уиллиам түүний гэргий Кэйт Миддлтон нарыг ханхүү Харри, Меган Маркл хоёроос илүү дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.