Г.Аюурзана: Цаг хугацааны тэмдэг нэр

Twitter Print
2021 оны 03-р сар 12-нд 18:20 цагт
Мэдээний зураг,

Тэмдэг нэр хэмээх үгсийн аймгийн хамгийн аальгүй, хамгийн амархан утга нь өөрчлөгддөг энэ бүлэг үгсийг тэр өөрийнхөөрөө гурав ангилжээ. Эхний ангилалд цаг хугацааны тэмдэг нэрүүд багтана.

Хамгийн энгийн нь гэвэл, ”шинэ” “хуучин” гэдэг хоёр үг. Тэгээд л үргэлжилнэ. За байз, юу байж болох вэ? Замын хажууд гадил жимс зарж суугаа бүсгүйг тэр олж харав. Залуухан бүсгүй, ”Залуу” “хөгшин” гэдэг ч цаг хугацааны тэмдэг нэрүүд. Бүсгүй түүн рүү ширтэж тэдний харц тулгарчээ. Царайлаг биш юм аа. Гэвч дэргэд нь очиж зарж байгаа жимснээс авч үзмээр санагдав.

-Гадил ямар үнэтэй вэ? (Уг нь ингэж асуух нь зөв л дөө. Харин бүсгүй ойлгосонгүй)

–Банана ямар үнэтэй вэ?

-Аа, Бүсгүй инээмсэглэснээ, хэд ч гэчихэв дээ, нэг тоо хэлэв. Багц багцаар нь өрсөн гадилуудын зарим нь харлаж, зарим нь цайвартаж үзэгдэнэ. Бүсгүй тунгалаг ногоон өнгөтэй гадил авч, -Ийм нь гоё амттай шүү дээ. Үүнийг авах уу? гэлээ.

-Үгүй үгүй би болц нь хэтэрчихсэнд дуртай. Гэхдээ одоо мөнгөгүй явна. Бүсгүй инээмсэглэхээ болиод, эргэн сууж сонин уншив. Яагаад ч юм бэ? Гомдсон харагдана. Тэр үзүүлээд байгаа түүхий гадилыг нь авдаг байж уу... "Түүхий” гэдэг чинь бас л цаг хугацааны тэмдэг нэр байна. Муудсан жимс ч мөн цаг хугацааны тэмдэг нэрээр тодорхойлогдоно. Илжирч ялзарсан жимсний чанарыг ч мөн цаг хугацааны ойлголтоор л хэмжинэ. Ер нь цагийг олно гэдэг хэцүү. Эртэдвэл түүхий жимс иднэ, оройтвол хоосон хоцорно. Эсвэл гашилсан жимсээр гэдсээ өвтгөнө. ”Гашланги” гэдэг нь бас л цаг хугацааны тэмдэг нэр. Төдөлгүй том улаан автобус хүрч ирэв. ”Том”, ”урт”, ”сунагар”... энэ автобусыг өөр ямар гэх вэ? Энэ ч орон зайн тэмдэг нэрүүд байна. Махлаг булиа эр түүнийг гуйвтал мөрлөчихөөд хажуугаар нь түрэн өнгөрөв. Ха ха ха, ”махлаг”, ”булиа”, ”бүдүүн”... тэр чигээрээ орон зайн тэмдэг нэрээс бүтсэн эр юм. Ганцаараа гэнэт инээчихсэндээ санаа зовж ийш тийш харав. Хэн ч түүнийг анзаарсангүй. Автобус хөдлөн бариулаас зуурсан туранхай гарт нь томдсон оосортой цаг санжганана. Гэнэт тар няр хийн дуу гарч автобусанд явсан хүмүүс нэгэн зэрэг урагш шидэгдэв. Эмэгтэйчүүд дуу алдаж, нэгэн жаал уйлах сонсогдов. -Хөөе чи яаж байнаа? гэж махлаг булиа эр жолоочийн зүг бархирав. Уучлаарай, урдуур нохой гүйлээ гэж жолооч чанга яригчаараа мэдэгдээд,

-Бүгд зүгээр биз? гэхэд хүмүүс бие биеэ харлаа.

-Зүгээрээ гэж хамгийн араас хашгирав. Тэмдэг нэр судлаач маань энэ бүхнийг сонсох зуураа, хөндлөн бариулаа нэгэнт алдсан гараараа хий тэмтчээд автобусны голын хаалганы шатруу харуулдан унажээ. Огцом тоормослох үед томоо бариулыг мөргөчихсөн аж. Эмнэлэгт ухаан орохгүй байсаар нас барав. "Ухаан орохгүй байна” гэж эмч сувилагчид ярилцахыг гэвч сайн сонссоор байжээ. Зүйрмэглэж байгаа мэт. Гагцхүү толгой нь зовиуртайгаар өвдөх нь л хэцүү санагдана. Зүүрмэглэх зуур түүнд эхнэр нь биш Сувдмаа хэмээх жижигхэн шар бүсгүй бодогджээ. Яагаад чухам тэр бүсгүйг бодоод байгаагаа тэр ер ойлгосонгүй. Түүний жижигхэн шөмбөгөр уруул шуналтай хэрнээ тэрүүхэн хавьдаа л өнгөцхөн үнсдэгсэн. Уруулаа хагас жимийсэн мэт санагдахад, тэр тэсэлгүй хэлийг нь хайдаг сан. Яг одоо тэр уруулыг ахин үнсмээр санагджээ. -Тэр тэсэхгүй нь гэх хэн нэгний тайван, ажил хэрэгч дуу духыг нь сэрвэгнүүлэв. “Би үхэж байгаа юм байна” гэж тэр бодлоо. Үхэх үедээ эхнэрээ бодож байх нь дээр гэдгээ ухамсарлавч, сүүлийн гурван жил ер тааралдаагүй мөнөөх Сувдмаатай үнсэлцэж байсан нь л бодогдоно. Ямар булай юм бэ? Тэр бүсгүйд дур хүслээ зориулж явсан үнэн ч ерөөсөө хайртай байгаагүй шүү дээ.

-Тэр юм хэлж байна. Нэг хүнийг дуудаад байх шиг... гэж нөгөө ажил хэрэгч хоолой сониучирхсан янзаар өгүүллээ. “Би юу? Арай тэр завхай хүүхний нэрээр дуудаж хашгираад үхэх юм биш байгаа даа? Тэгвэл ч ...” Сувдмаа завхай хүүхэн байгаагүй ч чухам ингэж бодсоны хүчээр эхнэрийнх нь царай харагдаад ирэв.” Эхнэрийнхээ нэрийг л дуудах юмсан” Эхнэрийнх нь нэр биш өөр үг хэлэгдчих шиг болжээ. “Өөр ямар үг? Тэмдэг нэр? Ямар тэмдэг нэр...” Толгой нь өвдөнө. Тэр үг тэмдэг нэр мөн үү биш гэдэг одоо ямар ч ач холбогдолгүй. Толгой нь тэсхүйеэ бэрх өвдөж байх энэ дундуур л “эхнэр”, ”нөхөр”, ”эцэг ”, “эх”, ”цаг хугацаа”, ”орон зай” гэхчлэн бүх үгс ердөө л ганцхан тун энгийн үгэнд шингэж багтахыг олж үзэв. Гуч наслахдаа бусдад хэлсэн бүх яриа нь бүхний мэдэх ганцхан үгэнд багтчихыг хараад тэр шал дэмий амьдарсанаа ойлгожээ. Хүмүүс түүнд юу юу ярьлаа?Толгой нь эргэж, эмнэлгийн ор хөмөрчих шиг болов. Яасан дэмий үгс вэ! Уг нь тэд цөмөөрөө энэ үгийг мэднэ шүү дээ. Яагаад хэн нь ч харин хэлээгүй юм бол? Яг одоо энхэр нь Сувдмаатай хамт эмнэлгийн өрөөнд ороод ирвэл, тэр хэнээс ч санаа зовохгүй байж болох нь. Энэ үгийг хэлчих юм байна шүү дээ.

Амьдрал гэж ийм жирийн зүйл байсан юм уу? Гэвч уруул нь хөдөлж өгсөнгүй. Хотын дээгүүр хаашаа ч юм бэ, бөөн хар шувуу нисэлдэхийг л харжээ. Энэ үед үүдний танхимд орж ирсэн хууз сахалтай эр сувилагч бүсгүйд хандан: -Түрүүн автобусанд ухаан алдаад танайд хүргэгдэж ирсэн залуугийн газар унагачихсан дэвтрийг би өвөртлөөд явчихаж. Та сэрхээр нь өгчихөөрэй. Гэрийн нь утас энд байх шиг байна гээд товхгор зузаан дэвтрийн эхний хуудсыг сөхөн харуулав. Тэнд “ЦАГ ХУГАЦААНЫ ТЭМДЭГ НЭРҮҮД” хэмээх томоор бичсэн агаад доод буланд нь хэдэн тоо үзэгдэнэ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.