П.Лувсанцэрэн - Хандмаа /Өгүүллэг/

Twitter Print
2020 оны 04-р сар 14-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Нэлээд хэдэн жилийн өмнө би Баянхонгор аймагт ажлаар явж байлаа. Ид зун цаг, цоо шинэ “ЗИС” машинтэй явсан тул шавар намагт ч эс суувал унаа унаш саатах вий гэж санаа зовох юм байсангүй. Жолооч маань насаар дөч нэлээд гарсан орос хүн. Архинд дуртай, хошин шог яриатай, цэнхэр нүдтэй тэнхлүүн эр байв. Үдийн нарны хажуугаар моторын халуун агаар урдаас төөнөн бие нозоорч ам баахан ангаж яваад “Энэ гурван гэрт бууя. Жаахан амармаар байна” гэж би жолоочдоо хэллээ. Жолооч маань над руу түвэгшээж уцаарлах маягтай харснаа “Энд юм олдох уу” гэж төвөнх рүүгээ нясалж асуугаад дурамжхан инээмсэглэв. Яаж мэдэхэв дээ. Ядаж цай олдох байгаа гэж би хэллээ. Бид гаднаас нь харахад чинээлэг айлын шинжтэй том цагаан гэрт ирж буусан боловч дотроо дөрвөн хуучин авдар, модон нүүртэй хуучин орноос өөр хогшил гээд байхаар юмгүй, харин ч нэлээд даржин амьдралтай болов уу гэмээр айл байв. Энэ дөрвөн авдрын аль нэгэнд ганц өөдтэй торгон дээл ч байхгүй байж магадгүй гэж надад бодогдлоо. Хоймрын авдрын дээр жижгэвтэр модон жаазанд хэдэн зураг хийж тавьсан дотор миний танихаас Маршалын нэлээд залуу ахуйн хуучирч шарласан том цээж зураг харагдана. Гэрийн эзэн сайхан зантай, туранхай цагаан авгай сүү хөөрүүлсэн тогоо хусаж цэвэрлээд гал дээрээ цай үйлээ. Тэгээд зуухныхаа аманд өвдөг сөхөрч суугаад манай жолооч руу үе үе хачирхсан янзтай харахын сацуугаар “Ойрдоо жигтэйхэн халуун байна. Ган болох гээд ч байгаа юм уу” гэж надад ярин хөлсөө арчиж суув.

- Бид хотоос яваа улсаа. Мал эмнэлгийн ажлаар явж байна гэж би тэр авгайд өөрсдийгөө танилцууллаа.

– Манай жолооч монгол хэлэнд сайн шүү. Угаасаа эндхийн хүн. Та манай жолоочтой яриач гэв. Жолооч маань үнэндээ ч монгол хэлэнд сайн. Авгай над руу лавлан харснаа, “Би юу ярих вэ дээ” гээд муухан инээмсэглэж зуухныхаа ам руу аргал шидэж хаав. Үдийн наранд ядарчихсандаа ч юм уу, баахан үг цөөтэй царай муутай суугаад байснаа жолооч маань үүргээ гүйцэтгэх цаг болов гэсэн янзтай, ботгоны үс шиг шар халимгаа хойш нь илээд,

- Би монгол хүн шүү... Нээрэн. Тараг иднэ, сүү ууна. Архи бол бүүр сайн ууна гэж инээмсэглээд айж дальдарсан дүр үзүүлэн толгойгоо навтас хийлгэж шилээ маажив. Харсаар байтал, балга юм байвал нэхүүлэлтгүй гаргаад өгөхөөр хүн байхад нэхэж сэтгэлий нь зовоогоод яах нь вэ дээ гэж бодогдлоо. Авгай шаазан аяганууд угаагаад удаан зүлгэж арчиж сууснаа, “Одоо юу ч алга даа. Цай л уухаас... Шинэ тараг иднэ үү” гэж асуув. Жолооч маань “Надад хамаагүй ээ. Ялгаагүй” гэж шууд хариуллаа. Авгай барьж байсан шаазан аягаа жолоочид үзүүлээд “Энүүнд ууж чадах уу” гэж дүлий хүнтэй ярьж байгаа юм шиг чанга дуугаар асуув. “Хүүе чадалгүй яахав. Би хүүхэд биш. Харахгүй юу, толгой халзан болсон” гээд жолооч маань тос тоосонд дарагдсан саарал малгайгаа хойш нь сөхөж духаа үзүүлэв.

Авгай сүрхий хөгжилтэй инээгээд,

- Та жаахан алиа юу? гэж асуухад жолооч,

- Жаахан жаахан байнаа гээд толгой дохилоо. Жолоочоос маань авгай анхандаа жаахан цэрвээд байснаа больж тэрхэндээ хөөрхөн найрамдал тогтоож байгаа бололтой. Бид хоёр цай уулаа. Өрөм идлээ. Халууцаж биеийн алжаал гарч овоо тэнхэрч ирээд тамхи ороож суухын завсар би ийш тийш ажиглавал гэрийн баруун хаяанд хүрэн нанжин гахай гөлөмтэй харганан бүүрэгтэй жижиг эмээл тэнзэн ташуураар тулж тогтоогоод ганзагаар нь ханын модноос уяж, дээрээс нь шуудайгаар бүтээсэн харагдана. Иймэрхүү даржин айлд ахадмаар дэгжин эмээл байгааг бодоход лав нэг эрх хүүтэй байх гэж санагдаж,

-Танайх хүүхэдтэй юу? гэж би авгайгаас асуув.

- Ганцхан охин бий. Хонинд явсан.

- Одоо хэдэн настай вэ?

-Арван найм хүрч яваа юм гээд авгай “яах гээв” гэсэн янзтай миний өөдөөс харав. Насыг нь асуучихсандаа зовоод,

- Эвлэлийн гишүүн үү? гэж би албан хэргийн учир сонирхсон байдалтай хүйтэвтэр асуув.

- Та мэдэхгүй юу? Манай охиныг? Нэр нь Хандмаа гэдэг юм гэж авгай бахархах шинжтэй өгүүллээ.

- Аль 18 настай охиныг тэр гэхэв дээ гэж намайг инээтэл,

- Аймгийн сонинд зурагтайгаа гарсан юм шүү дээ гээд “Чи чинь сонин уншдаггүй юм уу?” гэж бараг хэлчихээ шахах шиг болов. Гэтэл “Эднийд нээрэн ганц шил ч гашуун юм байхгүй юм болов уу” гэж жолооч маань хажуунаас оросоор асуув. “Не знаю. Наверно, нет” гэж хариулчихаад,

- Охин чинь юу хийдэг юм бэ? гэж авгайгаас асуув.

- Хоньчин. Өвөл зунгүй хонь дагаж явдаг амьтан гэв.

Амгалан хөдөө - Canon Mongolia

- Би энэ нутгаар хоёр сар шахуу тэнэж нэлээд хэдэн айлын үүд татсаны хувьд нутгийнхны аж амьдрал зан заншлыг зэгсэн мэддэг болоод байв. Айлд ороход голдуу насанд дарагдаж энэ ертөнцөөс шинэ сониныг хайн эрэлхийлэх тэмүүллээр мөхөсдөж тайвширсэн өвгөд, эмгэд гэр сахиж, цөөвтөрхөн хэдэн мал хэвтэр бэлчээрийн хооронд эргүүлж, өглөө оройд нь гүвэр гүвэр ярилцан хот орноор юутай байна? гэж хол ойрын сониныг сураглаж суухаас биш, нүд сэргэм хурц өнгийн хувцас өмсөж, тачигнатал инээж хөхрөлдсөн, исгэрч дуулсан сэрүүн сэргэг хөдөлгөөнтэй залуу хүмүүс тун ховор тохиолдоно. Эндхийн залуу хүмүүс хаачдаг байнаа? Нарийн асууж сурвал арван хэд юм уу хориод насны хүү охин, хүргэн бэргүй айл бас ховор. Тэд цөм аймаг сумын төвөөр ажил хийж сургуульд суралцдаг гэнэ. Мал маллах залуу хүнгүй болж, даага шүдлэн онгон эмнэгээрээ явах боллоо гэж зарим хөгшид үглэж байхыг ч сонслоо. Мал маллах ажлыг өвгөд хөгшдийн хувь болгон бодож манай залуучууд үнэндээ ч хачин болоо юу даа гэж зарим үе тэнгийнхээ нөхдийг дотроо зэмлэн бодох боловч малын ажлыг дагнан хөөцөлдөж явсан урьдын цаг биш дээ, тэдний хийх ажил зөндөө байгаа, сурах мэдэх цаашлаад ирээдүйгээ төвхнүүлж цэгцлэх хамаг хэрэг мөрөн дээр нь оногдсон хойно арга байж уу гэж бас заримдаа боддог байлаа. Нэг үгээр хэлэхэд сэтгэл маань үе насны хань нөхдөө битүүхэн мөрөөдсөөр явсан юм. Гэтэл энэ арван наймтын сургийг сонсоод миний хүсэл бүтэж, асга хад дотор ургасан хурц өнгөтэй ганц цэцэг надтай учрах нь энэ үү гэсэн бодол төрөв.

Говийн хурц наран эсгий бүрээсийг нэвт халтал төөнөж, жин үдийн байгаль дэлхий чимээ чагнан бодлогоширч хааш ч харваас нүд гялбан, алсад яваа жинчний хонх юм уу, тал хээрийн огт чимээгүйгээс сонсогддог нарийн зөөлөн аялгуу шиг чихний үзүүрт жингэнэн, шанааны судас лугшиж, сүүдэр газар унтаад өгмөөр ч юм шиг, эсвэл өндөрхөн уул толгодын оройд гарч цээжээ ярж суугаад ийш тийш харуулдаж, юм бодож байгууштай, хэсэгхэн бүгчим мөч ирлээ. Гэрийн сүүдэрт хэвтээ нохой халуунд аагчиж, ялаа шүүрэхээр оролдож байгаа бололтой шүдээ тас хийлгэн амаа хоосон хамхиж байгаа нь дуулдана.

Би гэрийн хаяанд байгаа эмээлийг дахин дахин ажиглаж, энэ эмээлийн эзэн ямаршуу хүн байгаа бол гэж янз бүрийн дүр зохион бодож төнхсөөр суув.

Нутаг нэг явах юмсан Их хотын түгжрэлээс гараад Хөдөө тал дээгүүр ...

Төдсөн ч үгүй ямаа тургилан олон малын чимээ дэжигнэсээр үдийн хонь хотоллоо. Гэрийн хаяанд хүн хоолойгоо засах чимээ дуулдсанаа, толгойгоо цагаан алчуураар ороож зангидсан, цэнхэр тэрлэгтэй гол шиг бор хүүхэн тунгалаг хар нүдээр бидэн рүү болгоомжтой харсаар орж ирлээ. Гэвч биднээс бишүүрхэж зовсонгүй,

- Ээж ээ, миний хүрэн гутал хаана байна? гэж орж ирэнгүүт асуув.

- Хонь сайн хариулав уу? гэж хажуунаас нь асуухад над руу эгц харж “сайн” гэж чанга тод хариулав. Байдлыг нь ажиглавал ер нь хэлэмгий нүүрэмгий шинжтэй. Орны хөндий доогуур тонгойж хоёр гутлаа аваад гарснаа удсан ч үгүй хувцсаа сольж нүүрээ угаачихаад орж ирлээ.

- Халуун цай ууна уу? гэж ээж нь тосон асуутал,

- Үгүй ээ, үгүй гэж толгой сэгсэрснээ эргүүлгийн өмнө цаашаа харж эв эгцхэн зогсож байгаад дараагаар хоёр аяга хүйтэн цай чимээгүй залгилав. Энэ хооронд би хойноос нь нэлээд сайн ажиглаж амжлаа. Яваандаа ханхар цээжтэй болмоор өргөн тэгш мөртэй, урт хүзүүтэй, бүдүүн ширхэгтэй баймаар урт хар үсийг хоёр салаалан сүлжиж нэгийг нь ар зураагаа дагуулан унжуулсан байв. Нимгэн хувцасны дороос дал мөр нь товойн харагдана. Харин бүслэхээрээ нарийвтар хүүхэн байв.

Хүйтэн цай ууж дуусаад хошуугаа арчсаар зүүн мөрөн дээгүүрээ эргэж над руу харлаа. Хойноосоо хүн ажиглаад байгааг сая мэдсэн бололтой. Би өөдөөс нь харж огт утгагүй инээмсэглэчихээд “Ээ тэнэг ээ!” гэж өөрийгөө зүхэж суутал тэр хүүхэн миний инээмсэглэсний хариуд бас инээмсэглээд цаашаа харчих шиг боллоо. Тэгэхээр нь миний сэтгэл дорхноо баясан “Чамайг хэзээ ч мартахгүй” гэж жижигхэн чихэнд нь шивнэхсэн гэж бодогдов. Сэтгэлд таатай сайхан санагдсан хүн өөдөөс харж инээмсэглэх их учиртай. Өөдөөс инээмсэглээд инээмсэглэснээ мэдэгдэх төдийн болоод нуучихвал “чамтай хуйвалдахаас буцахгүй сэтгэл надад бий! Яахыг өөрөө л мэдээрэй” гэж хэлсэнтэй адил санагддаг юм. Би горьдсон хүнээсээ нэг том бэлэг авчихаад түүнийгээ тавих газар олдохгүй гайхчихаад байх шиг болов. Эх, охин хоёр хонио холбохоор сур дээс барин хот руу оров. Явдаг юм билүү дээ гэж бодтол сэтгэл минь нэг л хоргодоод болдоггүй. Яахав гэж эргэлзсэн шинжтэй жолооч руугаа хараад “Явах уу даа” гэж дурамжхан асуутал,

За за чи машинтайгаа ноцолд доо гэж жолоочдоо хэлээд би хонь холболцохоор хот руу орлоо. Айл болгон хониндоо гарч “Хоолбой, хоолбой” гэж хоттой хонийг ийш тийш нь хэсэг хэсгээр таслан үйсрүүлж эхлэв. Би Хандмаад ойртож очоод,

- Хониноос чинь холболцох уу? гэтэл,

- Тэг л дээ гэж тохуурхсан маягтай хэлчихээд цааш эргэв. Би тэдний хонийг танихгүй болохоор Хандмааг бараадан жаал дэмий гэлдэрлээ. Гэвч Хандмаагийн хүрэн савхин гуталтай савх шиг хоёр хөл нь нэг мэдэхэд хойно, нэг мэдэхэд урд гарч хаа сайгүй гялалзаж харагдаад надад гүйцэгддэггүй. Хонь холбож яваа өч төчнөөн хүний өмнө хотон дотор орж ирчихээд хэнээтэй юм шиг гэгээн цагаан өдөр ганц хүүхэн дагаж гүйгээд байлтай ч биш. Арга барахад би өөртөө таарсан ажил олж сүүлдээ холбооны ам барьж зогсов. Сайн ч ажил олж. Хандмаагийн сэвэлзтэл алхалж гүйж яваа налархай хонгор биеийг таашаан ажиглаж бас хонь авчрах зуурт нь нэг үг сольж амжаад байх боллоо. Нэг ирэхэд нь,

- Чи сургуульд байсан уу? гэж шал тэнэг юм асуув.

- Байсаан. Яахнав?

- Зүгээр. Чи хэддүгээр анги төгссөн бэ?

- Долоо

- Цааш нь суралцахад яасан юм бэ?

- Болоогүй л юм даа.

- Муу байна.

- Яаж байна? Мал маллаж тэнцмээргүй хүн харагдана уу? гэж Хандмаа дургүйцсэн шинжтэй асуув. Дух руугаа хошуурч ургасан өтгөн хар үсий нь хараад эрс тэс зантай байх даа гэж бодож байсан маань оносон бололтой. Хонь холбоод шувтрах гэж байхад Хандмаа урт биетэй бүдүүн халзан хонь хөтөлж ирээд түүнийгээ надад хүн шиг танилцуулав.

- Энэ манай хамгийн залхуу хонь байгаа юм. Юм болгонд залхуурна. Бэлчээрт гараад толгой өөд татахгүй ээ. Өндийж юм харахаасаа хүртэл залхуурдаг юм. Хачин амьтан шүү хөөрхий гээд тэр хонийг надад хүзүүдүүлэв. Тэгээд салхи өөд харан хоолойныхоо товчийг задгайлж, хөлс нь бурзайсан хамрынхаа үзүүр дороос үлээхэд дух руу нь унжсан хэсэгхэн үс сөрвөсхийн хийсэв.

Холбооны хонио эх охин хоёр тал талаар нь сааж эхлэв. Би Хандмаагийн талд гарч холбооны дунд хирд завилан суугаад түүний шонтгор бор хамар, ихэмсэг богинохон эрүү, нарийн ирэмэгтэй хүрэн уруулыг нь ажиглаж суулаа. Миний сэтгэл энэ үдийн нар шиг дуугуй дунирч, өвчингүй шаналж суув.

Би Хандмааг хот газрын нэг байшинд ... р гуанзны нягтлан бодогч гээд сампин цохиж суугаагаар төсөөлөн бодлоо. Тэгэхэд талд татсан солонгыг тасалгаанд оруулаад үзэж болдоггүйтэй адил санагдана. Энэ хүүхнийг хээрийн бэлчээрт хонио хариулж явахад нь би дагаж үзсэнгүй, хонины захад дуртай дуугаа дуулж суухыг нь би сонсоогүй. Энэ бүсгүйн сэтгэлийг татан цэнгүүлж байдаг хоньчин хүний амьдралын түмэн жаргалан мянган бэрхийг би огт мэдэхгүй. Гэсэн ч би түүнийг малчин хүн, жаргалаа олсон хүн, сайхан хүн гэж хайр хүрэн биширч сууваа.

Үдийн хонь сааж дуусаад хонь оройн бэлчээрт гарч айл бүр сүү саалиа борлуулж хөөрүүлэв. Нар баруунаа хэлбийж агаар сэрүүсэн өтгөрөөд цээжний цангаа гаргахтай боллоо.

Машиныхаа сүүдэрт гэдрэг хараад хэвтэж байтал сэтгэл минь гэнэт хачин уйтгартай болчихов. Гэхдээ харамсах гаслах юмгүй, хаяагаар үлээгээд байгаа салхи шиг нэг л аятайхан дөлгөөн уйтгарлаад байлаа. Чухам яагаад тэгснийг одоо болтол мэддэггүй юм. Ертөнцийн ямар ч гоо сайхан юм цөм төрөх цэцэглэх, гандах мөхөх, тавилантай байдаг даа гэж Хандмаагийн тухай л бодож хэвтсэн шиг санагдана. Ингэж байтал,

- Ээж ээ! гэж нарийхан уянгатай дуугаар дуудаад –Би хониныхоо хойноос явъя. Дэрс рүү орчих шиг байна гэж Хандмаагийн хэлэх нь тов тодхон дуулдав. Явах гэж байгаагаа надад зориуд сонсгох гэж ингэж чанга дуугарсан байх гэж надад бодогдоод явчихлаа.

Би босон харайж машин дээрээ гараад аяныхаа цагаан авдрын ёроолыг нь гартал онгичив. Шинэ аятайхан юм юу ч олдсонгүй. Уг нь бараг хүүхдээрээ яваа хөдөөний энэ зэргийн охиныг юухан хийхнээр хуураад баярлуулчихад мөн ч төлөөгүйсэн дээ. Эрж эрж хэрэг болж магадгүй гэж нөөцөлж явсан нүүрний саван, ганц шинэ сойз хоёр оллоо. Шүдний сойз юм шүү дээ. Тэр хоёрыгоо уншиж явсан номтойгоо хэдэн чихэртэй хамт сонинд боож бариад би гэрт орлоо.

Хандмаа хариугүй явах гэж байгаа бололтой хувцсаа өмсөж, ээж нь аяганд зэлгээн цай хийж тавьсан байв.

- Жаахан сурны тасархай байвал өгөөч гэж би дөлгөөхөн гуйлаа.

- Яахнав? гэж Хандмаа гайхан асуув.

- Машинд хэрэг болоод байна гэж би худлаа хэллээ.

- Аль зэрэг урт сур хэрэгтэй юм бэ? гэж асуухаар нь би эрхий долоовор хоёр хуруугаа гозойлгон “өдий хирийн” гэж багцаа үзүүллээ.

Хандмаа хутга барин гарч шилбүүрнийхээ сурнаас “энэ болох уу?” гэж надад үзүүлж хэмжээд сөөм хиртэй сур огтолж өгөв.

- Май! Манай жолооч энүүнийг оронд нь өгөөрэй гэсэн юм гэж би боодолтой юм өглөө. Энэ бэлгээр түүний ямар хүн болох нь танигдана, хашир муу санаа сууж гүйцсэн хүн бол авахгүй биз гэж би бодсон юм. Хандмаа “Юу юм бэ, яршиг” гэж дургүйцэн боодолтой юмыг биенээсээ зайлуулж түлхсэнээ, намайг аргадаад гуйхаар авчихаад дор нь задалж үзлээ. Доторхи юмыг нь үзэж инээмсэглэснээ над руу хараад “Та хачин хүн байна шүү” гэж дахин инээмсэглэв.

Хандмаа энэ удаа миний өмнө чухамхүү давхар санаагүй хүүхэд царайгаа үзүүлж шувуу үргэхээр нисдэгийн адил тийм жирийн байдлаар баярласнаа нуулгүй, гэнэн сайхан инээмсэглэсэн билээ. Би түүнийг өчүүхэн ч атугай баярлуулж чадсандаа өөрөө баярлаад, - Би чамайг хэзээ ч мартахгүй гэж үнэн сэтгэлээсээ хэллээ. Хандмаа ичсэн янзтай харцаа буруулж машины дугуй руу хараад байснаа амаа жаахан ангайж, тун бүдэгхэн дөнгөж дуулдахын төдий,

“Би ч гэсэн...” гэж хэлчихээд царай нь учиргүй улайсаар гэр рүүгээ гүйж орлоо.

Ингээд би жолоочтойгоо хамжиж машинаа шалавхан эмхлүүлж аваад оройн хонь ирэхээс өмнөхөн эндээс хөдөлсөн юм. Жолооч маань их л дурамжхан байлаа. Уулын сүүдэр бэл рүүгээ бараантан бууж байхад би кабиныхаа цонхоор цээжээ гаргаад машины дугуйн дороос эргэлдэн манарсаар хоцорч байгаа цагаан тоосыг эргэн эргэн харсаар явсан тэр үед жолооч маань,

Би нэг алдаа хийлээ дээ, эмчээ. Энд л хонодог байсан юм гэв. “Харин ээ...” гэж би тодорхойгүй хариу хэлсэн боловч хойшоо хоргодсоор яваа сэтгэлдээ автан нээрэн ч алдаа хийв үү дээ гэж тэр цагт харамсах шиг санагдаж явсан юм.

Тэр цагаас хойш олон жил өнгөрлөө. Нэлээд газар үзлээ. Гэвч миний өмнө инээмсэглээд зогсож байсан тэр охин мөнх арван найман настайгаа, өнөөх л сайхан санагддаг хэвээрээ, миний сэтгэлд өдий хүртэл бодогдсоор явдгийг үзвэл би тэр цагт ямар ч алдаа хийсэнгүй бололтой.

1966 он

Авъяаслаг зохиолч агсан П.Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт төржээ.

1944 оноос бага, дунд сургуульд суралцаж 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсжээ.

Уран бүтээлээ 1962 оноос эхэлж «Нар шингээгүй», «Ус шиг цэнхэр», «Хаврын шувуу», «Мөнгөн аяга», «Сарны сонат», «Нүүдэл» зэрэг олон өгүүллэг «Хөдөөгийн дуун» тууж бичсэн нь «Нар шингээгүй», «Оддын дор», «Хаврын шувуу», «Усны эргүүлэг буюу Борзооны явдал» зэрэг ном болон хэвлэгджээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.