"Инсулин"-ыг нээгч Сэр Фредерик Грант Бантинг

Twitter Print
2022 оны 10-р сар 14-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

"Инсулин"-ыг нээгч Сэр Фредерик Грант Бантинг

Сэр Фредерик Грант Бантинг Англи, Канадын эмч, физиологич, инсулин гормоныг нээсэн эрдэмтний нэг. Тэрээр 1891 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Канадын Онтарио мужийн Алистон хотод төржээ. Тэрээр Уильям Томпсон, Маргарет Грант Бантинг нарын гэр бүлийн 5 хүүхдийн хамгийн бага нь байв.

Фредерик Бантинг Аллистоны сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд дараа нь Торонтогийн их сургуульд теологийн чиглэлээр суралцахаар элсэн орсон ч удалгүй анагаах ухааны чиглэлээр суралцжээ.

1916 онд анагаах ухааны бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд тэр даруй Канадын эмнэлгийн албанд элсэн Дэлхийн 1 дүгээр дайны үед Францын армид алба хаажээ. 1918 онд Фредерик Бантинг Камбрайн тулалдаанд шархдаж, 1919 онд түүний баатарлаг, эр зоригийг нь үнэлж Цэргийн загалмай одонгоор шагнагдсан.

1919 онд дайн дууссаны дараа Фредерик Бантинг Канад руу буцаж Онтариогийн Лондон хотод хэсэг хугацаанд эмчлүүлэн ортопедийн чиглэлээр суралцаж, 1919-1920 онд Торонтогийн Хүүхдийн эмнэлэгт мэс заслын эмчээр ажилласан.

1920-1921 онд Лондон дахь Баруун Онтариогийн Их Сургуульд ортопедийн чиглэлээр багшилжээ. 1922 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, алтан медалиар шагнагдсан.

Чихрийн шижин цусан дахь сахарын хэмжээ алдагдаж, даамжирахаараа хараагүй болгож, бөөрний үйл ажиллагааг үгүй хийдэг, зүрх судасны өвчнөөр өвчлүүлэх зэрэг үхэлд хүргэх аюултай өвчин.

Зуун зуун жилээр эмч нар судалж, анагаах хэрэгсэл хайсаар ирсэн ч амжилтгүй байлаа. Гагцхүү 19 дүгээр зууны сүүлээр чихрийн шижинтэй өвчтөнүүдэд цусан дахь сахарын хэмжээг хянах үүрэгтэй гормон ялгаруулдаг нойр булчирхайн бүлэг эсүүд гэмтсэн байгааг олж илрүүлсэн юм. Ялгаруулдаг гормоныг нь инсулин гэж нэрлэв.

1920 онд Канадын мэс засалч Фредерик Бантинг, түүний шавь Чарльз Бест нар нохойн нойр булчирхайн инсулин гормоны ялгарлыг судалж үзээд, эрүүл нохойн инсулиныг өвчтэй нохойд хийж туршиж гайхалтай үр дүнд хүрч чадсан.

Өвчтэй нохойн цусан дахь сахарын хэмжээ тогтвортой болж чадсан байв. 1922 оны 01 дүгээр сард чихрийн шижингээс болж үхлийн ирмэгт тулаад байсан 14 настай хүү дээр туршиж, хүү удалгүй эдгэрсэн юм. Тэр анагаах ухааны салбарт маш чухал нээлт хийн дэлхий дээр чихрийн шижин өвчнөөр шаналж буй олон хүний амийг аварсан билээ.

Дэлхийн 2 дугаар дайны үед Фредерик Бантинг холбоочноор ажиллаж байсан бөгөөд Их Британи руу байнга нисч, Британи болон Хойд Америкийн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд холбоо тогтоожээ.

1941 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Фредерик Бантинг Ньюфаундлендийн ойролцоо онгоцны ослоор нас барсан юм. Фредерик Бантинг 1924 онд Марион Робертсонтой гэрлэж Уильям хэмээх нэг хүүхэдтэй болсон. Гэвч тэд 1932 онд гэр бүлээ цуцлуулж 1937 онд Хенриетта Болл хэмээх бүсгүйтэй гэрлэжээ.

Тэрээр энэхүү нээлтээрээ 1923 онд физиологи, анагаах ухааны салбарт Жон Маклеодын хамт Нобелийн шагнал хүртсэн.

Фредерик Бантингийн анагаахын шинжлэх ухаанд оруулсан гавьяаг үнэлэн түүний төрсөн өдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдрийг “Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Тэрээр өөрийн туслах, шавь Чарльз Бестийн инсулиныг нээхэд оруулсан хувь нэмрийг үргэлж онцлон талархал илэрхийлж Нобелийн шагналын хувиасаа шавьдаа өгсөн гэдэг. Тэрээр Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хамгийн залуудаа буюу 32 настайдаа хүртсэн юм...

Батдоржийн Болд-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.