Танд хэрэгтэй 7 төрлийн амралт

Twitter Print
2022 оны 04-р сар 04-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

ТАНД ХЭРЭГТЭЙ 7 ТӨРЛИЙН АМРАЛТ

Та бага зэрэг дуг хийх замаар эрч хүчээ нөхөх гэж оролдож байсан уу? Тэгвэл, унтах, амрах хоёр нь тэс ондоо зүйл ажээ. Бид бодохдоо сайн унтаж чадвал, сайн амарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бид хангалттай сайн унтсан л бол, хангалттай сайн амарсан гэж боддог. Гэтэл үнэндээ, бидэнд зайлшгүй хэрэгтэй бусад төрлийн амралтуудыг авч чадалгүй явсаар байдаг байдаг бөгөөд энэ биднийг гүн ядрааж байдаг. Үүний нэг илрэл нь хичнээн их унтсан ч ядарсан хэвээрээ байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх, мөн амьдралаас аз жаргалыг мэдэрч чадахгүй байх зэрэг болно.

Тэгэхээр та яавал жинхэнэ амралтыг авах вэ гэвэл, дараах 7 хэсэг дээр тэнцвэртэй байдлаар амарч байж амардаг байх нь.

ЭХНИЙ АМРАЛТ БОЛ БИЕ МАХБОДИЙН АМРАЛТ ЮМ. Энэ нь идэвхтэй, эсвэл идэвхгүй ч байх боломжтой. Идэвхгүй бие махбодийн амралт гэдэгт унтаж, нойрсох ордог бол, идэвхтэй амралт гэдэгт ёог, сунгалт, массаж зэрэг, биеийн цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд, уян хатан байдлыг хангахад чиглэсэн дасгал хөдөлгөөн ордог байна. Тиймээс та бие махбодио амраахыг хүсэж байвал, дээрхийг хийнэ гэсэн үг.

ХОЁР ДАХЬ ТӨРЛИЙН АМРАЛТ БОЛ ОЮУНЫ АМРАЛТ ЮМ. Өглөө бүр том аягатай кофе ууж байж ажлаа арай гэж эхлүүлдэг хүнийг та мэдэх үү? Тэд ихэвчлэн мартамхай, бас ааш муутай байдаг бөгөөд ажилдаа төвлөрч чаддаггүй. Учир нь тэд шөнө унтахаар орондоо ордог ч толгойд нь тухайн өдрийн үйл явдалтай холбоотой үй түмэн бодлууд орж ирдгээс болоод унтаж чаддаггүй нойр нь хулждаг. Ийм үед тэд хичнээн 7-8 цаг унтаад сэрсэн ч, өглөө сэрэхэд огт унтаагүй юм шиг ядарсан сэрдэг байна. Энэ бол оюун ухаанаа хангалттай амарч чадахгүй байгаатай холбоотой.

Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд та заавал ажлаасаа гарч, амралтад явах шаардлагагүй. Харин ажлын өдрүүдэд хоёр цаг тутамд богино хэмжээний завсарлага авч болно. Ийм завсарлагууд нь таны оюуныг тайвшруулж, тайван ажиллахыг сануулдаг. Мөн та шөнө бүр таныг зовоогоод байгаа бодлуудаа тэмдэглэж бичиж үзээрэй. Тэмдэглэлийн дэвтрээ орныхоо хажууд тавьчих.

ТА БИДЭНД ХЭРЭГТЭЙ ГУРАВ ДАХЬ АМРАЛТ БОЛ МЭДРЭХҮЙН АМРАЛТ ЮМ. Тод гэрэл, утас, компютерийн дэлгэц, дуу чимээ, хүмүүсийн яриа нь бидний мэдрэхүйнүүдийг маш их ядрааж байдаг байна. Тэгвэл ийм үед хэсэгхэн зуур ч гэсэн нүдээ аниад, мөн унтахдаа бүх цахим хэрэгслүүдээ унтраах нь ихээхэн тустай байдаг. Цаашлаад аль болох гар утасны дэлгэц ширтэх цагаа хянаж, багасгах нь таны мэдрэхүйн хэсгүүдийг амрааж өгч байдаг.

ДӨРӨВ ДЭХ ТӨРЛИЙН АМРАЛТ БОЛ БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙН АМРАЛТ ЮМ. Ийм төрлийн амралт нь аливаа төвөгтэй асуудлыг шийддэг, дүн шинжилгээ хийдэг, гаргалгаа хайдаг, эсвэл шинэ санал санаачилга гаргадаг хүмүүс, цаашлаад уран бүтээл туурвидаг бүтээлч хүмүүст маш чухал байдаг. Бүтээлч сэтгэхүйн амралтыг авч чадсанаар энэ нь бидний доторх сониуч байдал, аливааг өөрөөр харах байдлыг сэргээж өгдөг. Та жишээ нь анх удаа Grand Canyon үндэсний паркийг харах үед, эсвэл хамгийн том усан хүхрээг харахад танд төрж байсан сэтгэгдлээ санаад үз дээ. Байгалийн үзэсгэлэн, эсвэл маш гоё цэцэрлэгт алхахад л таны бүтээлч сэтгэхүйд маш том амралт болдог.

Гэхдээ бүтээлч сэтгэхүйгээ амраахын тулд дан ганц байгалийн үзэсгэлэнг харж, мэдрэх нь хангалтгүй. Мөн зураг зурах нь ч өөрөө амралт болдог. Та ажлын байрандаа таныг омогшуулж, сэргээж өгдөг газруудын зураг, эсвэл гайхалтай уран зургуудыг тавьснаар та илүү бүтээлч болно. Яагаад гэхээр шинэлэг санаа, бүтээлч байдал энгийн нэг цулгуу өрөөнд 40 цаг ажилласнаар ирдэггүй.

ДАРААГИЙН НЭГ АМРАЛТ БОЛ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН АМРАЛТ ЮМ. Энэ бол өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх цаг, орон зайг өөртөө гаргах. Цаашлаад заавал хэн нэгэнд таалагдах гэж хичээхгүй байх явдал буюу зүгээр л өөрийнхөөрөө байх юм.

Та сэтгэл хөдлөлийн амралтыг эдлэхийн тулд өөрийнхөөрөө байх зоригтой байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийн амралт авч чадсан хүн, “Чи сайн уу?” гэж хэн нэгэн асуух үед, “Өнөөдөр би сайнгүй л байна” гэж үнэнээр хэлж чаддаг. Цаашлаад өөрт таалагдахгүй байгаа асуудлуудаа үнэнээр ярьж чаддаг.

Хэрэв танд сэтгэл хөдлөлийн амралт хэрэгэй байгаа бол, магадгүй НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ АМРАЛТ Ч ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙЖ БОЛОХ ЮМ. Нийгмийн харилцааны ядаргаа хэзээ нь бий болдог вэ гэвэл, бидэнд урам зориг, сэргэлт өгдөг харилцаа болон биднийг ядраадаг харилцаа хоёрын хоорондын ялгааг ялгаж чадахгүй болсон үед бий болдог. Тиймээс бид бидэнд урам зориг өгдөг хүмүүстэй илүү харилцаж, харин сөрөг хүмүүсээс аль болох зайгаа барьснаар өөрийгөө амрааж чадна.

СҮҮЛИЙН ХЭЛБЭР БОЛ, СҮНСЛЭГ АМРАЛТ ЮМ. Энэ бол биемахбодь, оюуны амралтаас ч гүнзгий ойлголт бөгөөд хэн нэгэнд хамааралтай байх, хайрлуулах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, зорилготой амьдрах хэрэгцээнүүд орно. Сүнслэг амралтыг авахын тулд бид зөвхөн өөрийн өнөө маргаашийн хэрэгцээнээс давсан үйл хэрэгт өөрийгөө зориулж, өөртэйгээ ярилцаж, бясалгал хийж, залбирал үйлдэж эхлэх нь тустай байдаг. Мөн таны сүнслэг байдлыг нэмэгдүүлэх ном судар ч уншиж, түүний талаар тунгаан бодох нь том амралт болно.

Учир нь дан ганц унтаад сэрэх нь таныг бүрэн сэргээж, амрааж чаддаггүй. Тиймээс танд яг одоо аль амралт нь илүү их хэрэгтэй байна, түүнийгээ бодож олоод тийнхүү амарч өөрийгөө жинхнээсээ амрааж, сэргээцгээе.

Эх сурвалж: Saundra Dalton-Smith “Хэрхэн жинхэнэ хүмүүн байх вэ” цуврал

Цэндийн Одонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.