
Вашингтон Украинд болж буй дайн болон ОХУ-ын хууль сахиулагчдын зүгээс хууль бус баривчилгаа эсвэл хавчлага мөрдлөгөд өртөхөөс сэргийлж иргэддээ ОХУ-аас яаралтай гарахыг анхааруулжээ.
Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд, "ОХУ-д одоо амьдарч байгаа эсвэл ОХУ руу зорчсон АНУ-ын иргэд ОХУ-аас яаралтай гарна уу. Хууль бусаар баривчилгаанд өртөх эрслэл байгаа тул сонор сэрэмжтэй байгаарай. Аль болох ОХУ руу битгий зорчоорой. Оросын аюулгүй байдлын алба АНУ-ын иргэдэд зохиомол хэрэг тохож, АНУ-ын иргэдийг баривчилж, мөрдөн мөшгиж, шудрага, ил тод байдлаар харилцахаас зайлсхийж, нууцаар шүүх хурлаар оруулж, ямар ч баримт нотолгоогүйгээр ял оноосон явдлууд гарсан. Оросын эрх баригчид шашны үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын иргэдийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгасан." хэмээн бичсэн байна.
Вашингтон хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 9-р сард цэрэг татлага зарлахад иргэддээ ОХУ-аас яаралтай гарахыг зөвлөж байсан юм.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д. Песков, "АНУ-ын Төрийн департаментаас ийм анхааруулга өмнө нь зөндөө гаргаж байсан болохоор энэ удаагийнх нээх сонин байсангүй" хэмээн мэдэгджээ.
Оросын Холбооны Аюулгүй байдлын алба өнгөрсөн 1-р сард АНУ-ын нэгэн иргэнийг тагнуулын хэргээр шалгаж байгаа тухай мэдээлж байсан юм.
Өнгөрсөн 12-р сард Оросын эрх баригчид ОХУ-ын шүүхээс 9 жилийн хорих ял авсан АНУ-ын Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Бриттни Грайнерийг АНУ-д хоригдож байсан зэвсгийн наймаачин В. Бутаар сольсон билээ.
Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албан хаагч байсан Пол Уилан ОХУ-ын шүүхээс тагнуулын хэрэгт буруутгагдан, 16 жилийн хорих ял аван, хоригдож байгаа билээ.
Вашингтон Б. Грайнер, Пол Уилан нарт оросууд санаатайгаар зохиомол хэрэг тохсон хэмээн үзэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.