Хүүхдийг хөл нүцгэн өсгөхийн давуу тал

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ хэзээ, ямар нөхцөлд хөл нүцгэн явуулахаа асран хамгаалагч эцэг эх та өөрөө шийднэ. 

Давуу талыг нь мэдээд авчихсан байхад хэрэгжүүлэх нөхцөл гарч ирнэ шүү дээ. Японд ирээд бага насны хүүхдүүд нь байнга хөл нүцгэн байж, цэцэрлэг, өдөр өнжүүлэх дээрээ оймс ч өмсүүлдэггүй болохыг харж байна. Олон ээжүүд яагаад ингэдэг, ямар ач холбогдолтой, доороосоо даараад ханиад хүрэхгүй юу гэх зэргээр асууж байсан учир энэ талаар мэдээлэл оруулъя.

Хүүхдийг хөл нүцгэн өсгөх нь хэд хэдэн давуу талтай ажээ.

Тархины хөгжлийг хурдасгана.

Хүний 2 дахь зүрхийг хөлийн ул гэж үздэг бөгөөд хөл нүцгэн байх нь хөлийн улан дахь олон эд эсийг сэргээж, 5 мэдрэхүйг хөгжүүлдэг байна. Ингэснээр хүний тархины хөгжлийг дэмждэг.

Хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлнэ.

Оймс, гутал өмсөхгүй байх нь хүүхэд хөлөөрөө газрын хөрсийг мэдрэх, тэнцвэрээ сайн олох чадварыг хөгжүүлдэг. Өөрийн хөлөөрөө дамжуулан хөдөлгөөнөө мэдрэх нь хүний хөдөлгөөний чадварыг сайжруулдаг.

Шөрмөс чангарна.

Гутал өмссөний улмаас хүний хөлийн зарим хуруунуудын гүйцэтгэх үүрэг багасч, тухайн хурууны шөрмөсүүд сулардаг. Иймд хөл нүцгэн байх нь хөлийн бүх хурууг жигд ачааллууж, бүх шөрмөсүүд чангарч, хөлийн зөв гишгэлттэй болоход тусладаг.

Дархлааг сайжруулна.

Хөл нүцгэн байх нь хүүхдэд тав тухтай байх бөгөөд илүү тааламжтай мэдрэмжийг төрүүлж, стрессийг бууруулдаг. Ийнхүү тайван байснаар биеийн дулаан тогтворжиж, дархлааг дэмждэг хэмээн тайлбарлажээ.

Үүнийг Японы хүүхэд өсгөх зөвлөмжид бичжээ. Монголоос ирсэн хүүхэд эхэндээ гэртээ оймс, тавчик өмсөөд сурчихсан байсан бол энд ирээд цэцэрлэгт яваад өөрчлөгдсөн. Одоо манай хүүхэд гэртээ ирэхээрээ бушуухан гутал оймсоо тайлаад шидчихдэг. Цэцэрлэг дээрээ байнга хөл нүцгэн байдаг. Эхэндээ цэцэрлэг дээрээ хөл нь даараад байгаа болтой хуруугаа хумьчихдаг байсан бол одоо хүйтэн шалан дээр ч тоохгүй болсон.

Биднийг багад ч гэсэн зундаа хөл нүцгэн сайн яв гэдэг байсан даа. Ялангуяа голын ширдэг, бороо орсны дараа, шүүдэр дундуур хөл нүцгэн алх, гүй гээд л… Шалан дээр хөл нүцгэн явж хөлд орж байгаа хүүхдийн ул хавтгайрдаг гэж бас асуусан байсан. Тийм зүйл байхгүй гэж бичсэн байна. Хөл нүцгэн явуулж хөлийн булчин шөрмөсийг хөгжүүлснээр нум аяндаа өөрөө үүсч зөв гишгэлттэй болдог. Хөлд оруулах гэж дэмжиж өмсүүлж байгаа гутал углаашнуудаа харин эргээд нэг харахыг санал болгоё.

Хүндэтгэсэн: Бичээч ээж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.