Гэнэтийн орчинд бид ямар гайхалтай зүйлсийг алдаж байгаа бол...

Twitter Print
2021 оны 01-р сар 23-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Нэгэн эр Вашингтон хотын метроны буудалд зогсоод хийл тоглож эхэлсэн байна. Энэ бол 1-р сарын нэгэн хүйтэн өглөө байсан юм. Тэрээр Бах (Иоганн Себастьян Бах)-ийн 6 зохиолыг 45 минутын турш тогложээ.

Өглөөний оргил цаг байсан учраас энэ хугацаанд ойролцоогоор 1100 хүн тэр метроны буудлаар дайрч явсан гэсэн тооцоо гарсан бөгөөд ихэнх нь ажил руугаа явцгааж байсан нь ойлгомжтой. Тоглож эхлээд 3 минут хэртэй болж байхад нэгэн идэр насны эр хэн нэгэн хөгжимчин хөгжим тоглож байгааг анзаарсан бөгөөд алхалтын хэмнэлтээ бууруулж хэдэн секунд зогссоноо өөрийн төлөвлөгөөт ажил руу яаравчлан цааш алхав.

Нэг минутын дараа хийлчин анхны доллараа хүлээж авлаа. Тэр хүүхэн зогссон ч үгүй алхаан дундаа түүний хөгжмийн хайрцагт мөнгөө хийчихээд цааш алхан одов. Хэдэн минутын дараа хэн нэгэн хана налан зогсож хэсэг түүнийг сонссоноо цагаа хараад цааш яаравчилав. Ажлаасаа хоцорч яваа нь илт байлаа. Хамгийн их анхаарлаа хандуулсан хүн бол 3 настай хүү байв. Түүний ээж гараас нь чангаасан боловч хүү хийлчийг ширтэн зогслоо. Эцэст нь, ээж нь хүчлэн татсан учраас дуртай дургүй цааш хөдөллөө.

Гэхдээ, тэрээр хөгжимчний зүг толгойгоо эргүүлэн харсаар явсан юм. Энэ үйлдэл хэд хэдэн хүүхдүүд дээр яг адилхан давтагдлаа. Эцэг эх нь л тэднийг хүчээр цааш хөтөлж холдуулсан юм. Хөгжимчинг 45 минут тоглох хугацаанд зургаахан хүн түр зогсож сонссон байна. 20 гаруй хүн түүнд мөнгө өгсөн, гэхдээ, ихэвчлэн алхаан дундаа. Тэрээр нийтдээ 32 доллар олжээ. Хийлчийг хөгжмөө тоглож дуусахад анир чимээгүй метроны буудлыг бүрхэн авлаа. Хэн ч алга ташсангүй. Хэн ч анзаарсангүй. Хэн ч энэ хийлчийг дэлхийн хамгийн авъяаслаг хөгжимчдийн нэг Жошуа Белл байсныг мэдсэнгүй, таньсангүй.

Тэрээр хамгийн гэмээр ээдрээтэй зохиолыг 3.5 сая долларын үнэтэй хийлээр тоглосон юм. Метронд тоглохоосоо 2 хоногийн өмнө тэрээр дундажаар 100 долларын үнэтэй бүрэн зарагдсан суудал бүхий Бостоны театрт тоглолтоо хийгээд байсан юм. Энэ бол бодит түүх. Вашингтон Пост сониноос хүмүүсийн мэдэрхүй, дур сонирхол, анзаарга зэргийг судлах туршилтын ажлын хүрээнд алдарт Жошуа Белл-ийг тоглохыг хүсч урьжээ. Нийтийн талбайн орчинд, зохисгүй цагаар бид гоо сайхныг мэдэрдэг үү?

Мэдэрдэг бол бид зогсож талархдаг уу?

Гэнэтийн орчинд бид авъяасыг анзаардаг уу?

Боломжит нэг дүгнэлт бол:

Хамгийн шилдэг зохиолыг хамгийн шилдэг хөгжимчин тоглож байхад бид түр зогсоод сонсож чадахгүй байгаа юм чинь өөр ямар гайхалтай зүйлсийг, моментыг алдаж байгаа бол, бид? ...

С.Эрдэнэбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.