
Малигийн эрх баригчид Оросын цэргийн хувийн компаниас Мали дахь босогчидтой тэмцэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Тэрээр, "Франц улс Малид алан хядагчидтай тэмцэж буй цэргүүдийнхээ тоог цөөлөхөөр төлөвлөж байгаатай холбоотойгоор Малигийн эрх баригчид Оросын цэргийн хувийн компанид хандсан" гэжээ.
Түүний хэлж байгаагаар Францын цэргийн ажиллагаа амжилтгүй болж, алан хядагчид одоог хүртэл Малид ноёрхож байгаа аж. Малигийн Ерөнхий сайд Шогель Кокалла Майгагийн мэдэгдсэнээр Франц Мали улсыг хөсөр хаясан учраас Малигийн эрх баригчид өөр улсаас цэргийн тусламж хүсэхэд хүрсэн ба Оросын цэргийн хувийн компанид хандсан аж.
Тэрээр, "Францын цэргийн "Бархан" ажиллагаа дууссантай холбоотойгоор Мали улс аюулгүй байдлаа хангах арга замаа өөрсдөө эсвэл өөр түншүүдтэйгээ хамтран олох шаардлагатай болсон" хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мэдэгдсэн юм.
Европын холбооны Гадаад харилцаа хариуцсан сайд Жозеп Боррель ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Малигийн Гадаад хэргийн сайдад Малид Оросын цэргийн хувийн "Вагнер" компанийн цэргүүдийг Малид байршуулахыг Европын холбоо эрс эсэргүүцэж байгааг илэрхийлсэн ба энэ нь цаашдын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулжээ.
Нөгөө талаас ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын цэргийн хувийн компани болон Мали улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт ОХУ-ын засгийн газар ямар ч хамааралгүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.