С.Баасанбат: Хүүхдэдээ бие махбодын шийтгэл амсуулах нь хайртай хүмүүстээ хүчирхийлэл үйлдэж болно гэсэн ойлголтыг суулгадаг

Twitter Print
2021 оны 09-р сар 27-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн хүчирхийлэл нь хайр сэтгэл, үр хүүхэд, ураг төрөл, санхүү гэх мэт  харилцан холбоо хамааралтай  хүмүүсийн хооронд далд, давтамжтай, даамжрах хэлбэрээр явагддаг бөгөөд хохирогчид хайр ба халдлагыг нэг хүнээс ээлжлэн мэдрүүлдэг тул тэдний сэтгэл зүйд үргэлж хайр, айдас, итгэл найдварын мэдрэмж төрүүлж, эргэлзээ, шаналал бий болгож байдгаараа бусад төрлийн хүчирхийллээс ялгардаг.

Тэгвэл энэ удаагийн ярилцлагаар гэр бүлийн хүчирхийлэл хохирогч, тэдний хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Монгол Өрх” Сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбаттай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн танин мэдэх вэ ? Ямар үед хамгаалагч, халдагч, ямар үед харилцан тэмцэгч байдаг талаар уншигчдад маань тайлбарлаж өгвөл?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч буюу халдагч нь хамтрагчаа буруутгах, түгшүүр төрүүлэх,  эрхшээл хяналтандаа оруулах, бэртээж гэмтээх явдал илүү байдаг бол хохирогч буюу хамгаалагч нь сэтгэл  хөдлөл, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, зөрчилдөөнийг хурцатгахгүйн тулд нөхцөлд байдлыг бууруулж, аль болох энхийг сахиулахыг хичээдэг. Үүний гол шалтгаан нь айдас. Өөр нэг ялгаа нь халдагч хүсвэл хүчирхийллийг таслан зогсоож чадна, харин хамгаалагчийн хувьд түний хяналтаас давж, хүсээд ч зогсоож чаддаггүй. Хохирогч өөрийн болон үр хүүхдийнхээ амь насыг хамгаалах үүднээс аргагүй хамгаалалт хэрэглэн хүчирхийлэл үйлдэгчийг бэртээх эрсдэлтэй. Харин харилцан тэмцэгч байх үед хэн хэнээсээ айдаггүй, ижил эрх мэдэлтэй, харилцан бие биедээ гэмтэл учруулж болзошгүй.  Харилцаанд үүссэн асуудлаа ярилцаж, зөвшилцөлд хүрч,  харилцан хариуцлагатайгаар  шийдвэрлэж болдог харилцааг тэнцвэртэй харилцаа гэж үздэг.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүс яагаад  орхиж явж чаддаггүй вэ?

Засрах байх гэсэн гол найдвар, мөн хүүхдээ өнчрүүлэхгүй байх, нэр төр,  гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх, санхүүгийн хамаарал,  уламжлалт ёс заншил эсхүл хүчирхийллийн нөхцөл байдалд хэвийн мэт дасан зохицдог гэх мэт хүчин зүйлс үлдэх шалтгаанд нөлөөлдөг.

Харин улам бүр амь насанд халтай болох, үр хүүхдийн сэтгэл санаа, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, засарна гэсэн итгэл найдвар тасрах үед орхиж явах шийдвэр гаргадаг.

"Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн зөрчил зөрөлдөөн, үл ойлголцол төдий зүйл биш гагцхүү уг асуудлаа санаа зорилготойгоор, хуулиар хориглосон, хор хохирол дагуулдаг, хууль заагдсан хариуцлага хүлээлгэх гэх мэт энэхүү үндсэн 4 шинж байдлыг агуулсан бол  зөрчил, гэмт хэрэг  болдог."

Гэр бүлийн хүчирхийлэл нь хохирогчийн сэтгэл зүйн байдалд 4 үе шаттайгаар нөлөөлдөг гэж үздэг. Эхний үе шатанд хохирогч , хамтрагчийнхаа эрхшээлд орж,  эхний дохиогоо авч байна гэж ихэнхдээ ойлгодоггүй. Жишээлбэл  архи ууснаас, ажил ихтэйгээс эсвэл миний буруугаас, найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн нөлөөллөөс болсон байх зэрэг гадны хүчин зүйлээс үүдсэн гэж үзээд нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэхгүйгээр хүчирхийлэл үйлдэгчийг уучлаад л байна. Харин хоёр дахь үе шат бол хүчирхийлэл халдлагаас өөрийгөө хамгаалж харилцан тэмцэлддэг үе. Гэвч нөхцөл байдал улам хүндрээд,  бэртэл аваад ирэхээр гурав дахь шат буюу “зайлсхийх, зугтах,намжаах,  дүр эсгэх” шат руу ордог. Энэ үед уур бухимдал, гомдол, санал нийлэхгүй байгаагаа чөлөөтэй илэрхийлбэл зодож цохиулна, байдал улам бүр дордоно хэмээн айдас түгшүүрт автдаг болсон байна. Үе үе үр хүүхдээ аваад гэрээсээ зугтаж явна.  Асуудлыг шийдвэрлэж ярилцахын оронд зайлсхийнэ. Дөрөв дэх үе шатыг “цөхрөл”-ийн үе гэж үздэг. Учирлаад, засарна гэж найдаад, эсэргүүцээд, тэмцээд нэмэргүй амь насанд халтай, үр хүүхдийн сэтгэл санаа, хүмүүжилд  сөрөг нөлөөтэй болж буйг бие сэтгэл, нүдээрээ харж ойлгоно, цөхөрнө. Цөхрөх үедээ орхиж явах эсвэл бас тэвчээд амьдрах гэсэн хоёр сонголт үлддэг.  Тиймээс хожимдохоос өмнө буюу эхний хоёр шатанд л нөхцөл байдлыг бодитоор үнэлж, мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө, тусламж авах шаардлагатай.

-Хүчирхийлэлд өртөж байгаа хүний сэтгэл санааны байдал ямар байдаг вэ, ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-Анхны гар хүрэлтээр л хохирогч гэмтэл, цочрол авч байдаг. Тархины лимбик систем, автомат тархин дахь баяр, гуниг, таашаал, айдас түгшүүр гэх мэт сэтгэл хөдлөлийг зохицуулдаг тархины хэсэгт амигдала буюу  гүйлсэн булчирхайн хэсэгт айдсын голомт төвлөрч түгшүүрийн дохиоллын систем суурьшиж, гэмтэл үүсдэг. Энэ дохиолол хүчирхийллийн элемент бүрд сэргэж, дохиолол асаж, эзэндээ сэрэмжлүүлэг сануулга өгч, байдаг хамгаалах механизмын нэг хэсэг юм. 

"Түгшүүрийн дохио хуримтлагдаж, жил 6 сарын дараас дээш хугацаанд үргэлжилбэл архагших буюу хохирогч сөргөөр дасан зохицно."

Эхний удаадаа “аюул-зугт, аюул-намжаа, аюул-зайлсхий” гэсэн дохио хуримтлагдана. Сөрөг дасан зохицолт гэдэг нь аюулыг бодит байдлаас хэтрүүлэн эсвэл дутуу үнэлж дасахыг хэлж буй. Өөрөөр хэлбэл энэ үед нөхцөл байдлыг бодитой үнэлж, хариу үйлдэл үзүүлж, даван туулах чадвараа алдаж эхэлдэг. Хүнд гэмтэл авах бие сэтгэлийн өвдөлт амсахын хэрээр нөхцөл байдал даамжирч амь насанд халтай гэдэг мэдрэмж төрүүлэх тусам хохирогчийн сэтгэл зүйд амь насаа аварч үлдэх хамгаалах механизм нь илүү ажиллаж эхэлдэг буюу “өрс-өрс-өрс” гэсэн дохиолол болон хувирч, амь насаа хамгаалахаар хүчирхийлэл үйлдэгчийн амь насанд халтай хариу үйлдэл үзүүлэх эрсдэл өндөрсөх аюултай. Хуулиар шийдэгдсэн хэргүүдийг аваад үзэхэд  хохирогч, хүчирхийлэл үйлдсэн хүний тарчлаан зовоох үйлдэлд дор хаяж 5-20 жил зовсон байдаг. Хүн амины хэргээр хуулийн шийтгэл хүлээсэн эмэгтэйчүүдийн 85 хувь нь хамтран амьдрагчаас үзүүлэх хүчирхийллийн эсрэг өөрт аюулгүй нөхцөл байдлыг сонгон амт насыг бүрэлгэсэн тохиолдлууд байдаг ийм нөхцөл байдлыг  аргагүй хамгаалалт гэж олон улсын сэтгэцийн эмгэг судлалд үздэг ч манай улсад гэнэт цочирдон давчидсаны улмаас эсвэл арга хамгаалалт хэтрүүлсэн гэсэн ангиллыг нотолж чадахгүй бол  санаатайгаар хүний амь нас бүрэлгэсэн зүйл ангиар  ялладаг.   

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн сэтгэл зүйг гэмтлийн  дараах стресс эмгэг хэмээн оношлогдог. Энэ эмгэг хоёр зүйлээр ялгагддаг. Нөхцөл байдлын нэг л сэжүүр илрэх тохиолдол аюулыг урьд өмнө нь болсноор автоматаар дүрслэн мэдэрч хариу үйлдлээ хэтрүүлж, тулалдаж, хүчирхийлэл үйлдэж байгаа хүнд эрсдэл учруулж болзошгүй,  эсвэл зугтах, хөших гэх мэт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байх нь мөн л хохирогчийг аюултай нөхцөл байдалд оруулдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл хохирогчийн сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүчирхийллээс үүдээд гэр бүлийн хамааралтай хүмүүсийн хайр нь шууд хөрчихдөггүй. Хүний сэтгэлийг 100 хувийн тойрог гээд аваад үзвэл, хайр сэтгэлийн орон зай, засрах байх гэсэн итгэлийн орон зай,  нөгөө хэсгийг айдсын орон зай бүрдүүлж байдаг. Энэ гурван мэдрэмж ээлжлэн солигдсоор, нөхцөл байдал хүндрээд ирэхээр хайр сэтгэл, итгэл найдвар багасаж, айдсын орон зай ихэснэ. Цааш даамжраад цөхрөх мөчид хүн сонголтоо хийдэг.

"Байнгын айдас, түгшүүртэй байх үед  булчингийн чангарал, толгой байнга өвдөх, нойр болон ходоодны хямралтай байх, хурдан ярих, эсвэл удаан, гацамтгай ярих, хөдлөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад цөхрөлийн үе шатанд хохирогч сэтгэл гутралд автах эрсдэлтэй."

Тэмцэх хүч, энерги нь барагдахаар сэтгэхүй, биеийн хөдөлгөөн нь удааширч, амьдралд итгэх итгэл үнэмшил нь багасаж аливаад хандах хандлага нь сөрөг болж харьцангуй шүүмжлэмтгий, айдастай, өөрийгөө азгүй, бүтэлгүй, тусламжгүйдсэн,  орхигдсон мэт мэдрэмж нь даамжирсаар байгаад амиа хорлоход хүргэдэг эсвэл сэтгэл гутралын үе хүндэрч  эмгэг шатандаа орж буюу хий юм харж, сонсох түвшинд хүрэх эрсдэл бий.

-Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй орчин хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Асран хамгаалагчид буюу хайртай хүмүүс нь өөр хоорондоо  тэмцэлдэж, бие биенээ гэмтээх үед хүүхэд үргэлж шархалж, айдас түгшүүрийг дам хүртэж сэтгэл санааны гэмтэл авдаг.  Хүүхэд амьдралынхаа эхний 7 жилд ээж аав нь хэрхэн бие биеэ, үр хүүхдээ хайрлах, асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн аз жаргалыг яаж бий болгохыг харж суралцдаг. Ухамсрын тархи төлөвшиж амжаагүй байгаа энэ үед үл ухамсарлах тархи давамгайлж хөгжиж буй үе тул хүүхдэд хэрхэн бусдыг дээрэлхэх, хүчирхийлэх, хэрхэн хяналтаа тогтоох, хайрлахгүй байхыг автоматаар суулгаж байдаг.

"Учир нь хүний амьдралын эхний 7 жилийн хөгжил насан туршид үргэлжилдэг буюу суурь хүмүүжил болж төлөвшдөг."

Нөгөө талаас хамгийн хортой зүйл бол охидын хувьд эрэгтэй хүний ертөнцийг үзэх үзлийг ааваараа дамжуулан хүлээж авдаг. Тиймдээ ч аав нь хүчирхийлэл үйлддэг байвал эрэгтэй хүнтэй харилцах, ойлголцох, үүрэг үнэлэмжийг хүлээж авах, зохицох тал дээр багадаа авсан мэдрэмж нь сэтгэл санааны комплекс, дутуу дулимагийн мэдрэмж болон хуримтлагдаж, хожим эрэгтэй хүнтэй тэнцвэртэй, тогтвортой, аз жаргалтай харилцааг бий болгоход асуудал үүсгэдэг. Харин эрэгтэй хүүхдийн хувьд аав нь хайртай ээжийг нь дарамталж, гар хүрч байгааг харж өссөнөөр эмэгтэй хүнийг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, хайрлах, ойлголцох тал дээр үл ухамсарлах түвшинд сөргөөр нөлөөлж байдаг.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд хэт түрэмгий эсвэл хэт хүлцэнгүй болж төлөвших нь бий. Байнгын шүүмжлэл, дарамтад өссөн хүүхэд зарим тохиолдолд энхийг сахиулагч болдог буюу асуудал үүсмэгц юу ч болоогүй юм шиг дүр эсгэх  нь түгээмэл. Ийм хүүхдүүд сэтгэл санаа нь тавгүй үедээ дэлгэц, мөрийтэй тоглоом, архи, мансууруулах бодист донтох эрсдэлтэй бол нөгөө хэсэг нь шууд зугтагч болдог буюу аливаа асуудалтай нүүр тулахаас зайлсхийж, алиалан хошигнох байдлаар булзааруулагч болдог гэхчлэн өөр өөр сөрөг төлөвшил, бодит бус сэтгэл зүйн хамгаалалт, дасан зохицох онцлогууд илэрдэг. Ийм учраас хүүхэд насны хөгжлийн нэг хэлмэгдэл бөгөөд энэ нь цаашид эрүүл тэнцвэртэй,  аз жаргалтай харилцаа тогтоох, гэр бүлийг бүтээхэд саад болох магадлалыг өндөрсгөдөг.

-Ямар тохиолдолд хохирогч хүчирхийлэлтэй харилцааг таслан зогсоох хэрэгтэй байдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийг хэзээ ч нэг удаагийн үйлдэл байдаггүй тул 3Д гэж үздэг. “Давтагддаг, даамжирдаг, далд явагддаг” гэдгийг хүн бүр саначих хэрэгтэй юм. Тиймээс үүнийг яваандаа засарна гэж тэвчиж, найдахгүйгээр таслан зогсоох ёстой үйлдэл юм.  Гэр бүлийн харилцаанд зөрчил зөрөлдөөн гарч байдаг ч үүнд хэн нэгний зөв, буруу байхаас үл хамааран гэр бүлийн гишүүд асуудлаа хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, ялангуяа хүчирхийлэл үйддсэн хүн хариуцлагаа хүлээж, хүчирхийлэл үйлдэх зан үйлээ өөрчлөх хэрэгтэй юм.  

Гэр бүлийн хүчирхийллийг тэвчээд өнгөрч болохгүй  10 хүчин зүйл

1. Боох үйлдэл хийдэг үү?

2. Зэмсэг хэрэглэдэг үү?

3. Бэртэл гэмтэл учруулж байсан уу?

4. Тагнан мөрдөж, мөшгөж мөрддөг үү?

5. Хүүхдээ барьцаалдаг уу?

6. Тарчлаан зовоодог уу?

7. Айлган сүрдүүлдэг үү?

8. Цагдаад мэдэгдэж байсан уу

Эдгээрээс нэг  нь илэрдэг байхад хангалттай.

9. Хохирогчийн эмзэг байдлыг тодруулах

•         Жирэмсэн үү

•         Бага насны хүүхэдтэй юу

•         Хөгжлийн бэрхшээлтэй юу

•         Архидан мансуурах хамааралтай юу

•         Ажил , орлого багатай юу

•         Алслагдсан нутаг оронд амьдардаг уу

•         Санхүү, хөрөнгийн хараат байдалд байдаг уу

•         Нэр төртэй албан тушаал эрхэлдэг үү

•         Хэл, соёл, шашин, үндэстэн, ястны гэх мэт ...  цөөнх үү

10. Хүчирхийлэл үйлдэж буй хүний эрсдэлийг тодруулах

Зэвсэг хэрэглэх эрхтэй юу

Архины хамааралтай юу 

 Сэтгэцийн эмгэг, төрх үйлийн хурцдалтай юу

Нийгмийн эсрэг гэмт хэрэг хийдэг, гэмт хэргийн бүлэглэлд байдаг уу

Өндөр эрх мэдэл бүхий албан ажил эрхэлдэг үү

Санхүүгийн чадавх эрх мэдэл өндөр үү

-Тэгвэл хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэл зүйг аваад үзье. Хүн яагаад хүчирхийлэл үйлдэгч болж төлөвшдөг вэ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийг хэн ч үйлдэж болзошгүй. Судалгаанаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 95-98 хувийг эрчүүд үйлдсэн байдаг.

"Хүүхдээ хүмүүжүүлэхдээ алганы амт үзүүлж, бие махбодын шийтгэл амсуулах нь хүүхдийн үл ухамсарлах тархинд хайртай эхнэр, хүүхдээ хайрлаж, энхрийлж болно, хүчирхийлж ч бас болно гэсэн ойлголтыг автоматаар суулгадаг."

Нөгөө талаар хөвгүүдийг хүмүүжүүлж буй хортой хандлага, хэвшмэл ойлголт нь асуудлыг ярилцаж, сэтгэл хөдлөл, зан үйлээ удирдаж сургахын оронд хүч хэрэглэж хандлага зан үйлийг нь илүү өөгшүүлсэн байдаг.

Тэгэхээр үзэл бодол өөрчлөгдөхгүй бол хандлага өөрчлөгдөхгүй, хандлага өөрчлөгдөхгүй бол үйлдэл өөрчлөгдөхгүй.

Иймд юунаас болж эхнэр, хүүхдэдээ гар хүрсэн нь чухал биш тэр үйлдлийг зөвшөөрч байгаа бодол, мэдрэмжтэй тулж ажиллаж, өөрчлөх шаардлагатай. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг хайртай хүмүүстээ хүчирхийлэл, харгис хэрцгий зан авир гаргахыг зөвшөөрсөн олон зуун бодол, үзэл хандлагуудаас нь чөлөөлж, хариуцлага хүлээх, зөрчил зөрөлдөөнийг хүчирхийллийн бус үр дүнтэй аргаар шийдвэрлэх  үзэл  бодлоор орлуулж өгвөл эерэгээр өөрчлөгдөхөд бэлэн болдог.

 Ингэхийн тулд хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг 3 хувааж үздэг.

Нэг дэх нь пирамидаар аваад үзвэл хамгийн доод буюу ихэнхийг эзэлдэг давхаргыг хүчирхийлэл үйлдчихээд гэмшдэг, зөвхөн гэр бүл дотроо л хүчирхийлэл үйлддэг хүмүүс байдаг. Энэ төрлийн хүмүүсийг барьж хорихоос илүү сайн дураараа зан үйлээ өөрчлөх сургалтад хамрагдахад өөрчлөгдөх боломж өндөр ангилалд ордог.

Хоёрдох нь давхаргын хүмүүс гэр бүл, олон нийтийн газар хаана ч хүчирхийлэл үйлдэнэ.Түүндээ гэмшдэггүй. Энэ төрлийн хүмүүст эр хүн асуудлыг хүчээр шийддэг, хүндэтгэл, эрх мэдлийг хүчээр тогтооно гэсэн үзэл хандлага тогтсон байдаг. Ийм хүмүүстэй албан сургалтад хамруулах хамгийн багадаа 3 сараас 1 жил 8 сар ажиллаж байж зан үйлийг нь өөрчлөх боломжтой гэж үздэг.

Гурав дахь түвшин буюу пирамидын орой хэсэг. Энэ бол гэмт хэргийн элемент хүмүүс. Өөрөөр хэлбэл, архины  хамааралтай, архинд донтох эмгэгийг 2, 3-р шатанд орсон, зарим нь хүнийг тарчлаан зовоож таашаал авдаг садист маягийн, нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдддэг, түүнийгээ хянах чадваргүй сэтгэцийн эмгэгээр оношлогддог, хохирогчийн амь насанд халтай хүмүүс гэж үздэг.  

Судалгаагаар  хүчирхийлэл үйлддэг хүмүүсийн 98 хувь нь  хариуцлага хүлээх бүрэн чадвартай байдаг бол үлдсэн 2 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байдаг. Ийм ч учраас энэ чиглэлээр мэргэшсэн, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар эдгээр хүмүүстэй ажилладаг.

"ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхээ больчихвол 20 жилийн дараа гэр бүлийн хүчирхийлэл 80 хувь,  танхайрах хэрэг 50 хувь буурна гэсэн тандалт гаргасан байдаг."

Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд 10-20 жилийн өмнөөс эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүчирхийллийн бус эерэг үр нөлөөтэй  аргуудыг санал болгож, боловсрол олгох шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: familycenter.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.