
Канад улсад гарсан ой хээрийн түймрийн утааны улмаас Хойд Америкийн сая сая иргэдэд гадуур явахдаа N95 шүүлтүүртэй амны хаалт зүүхийг зөвлөж байна. Агаарын чанар муудсантай холбоотойгоор Нью Йорк хот энэ пүрэв гарагаас эхлэн иргэдэд үнэгүй амны хаалт тараана гэдгээ мэдэгдсэн бол Канадын эрх баригчид иргэдийг гадагшаа гарахгүй байх, гарах шаардлагатай бол амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Эрх баригчдын мэдээлж байгаагаар түймрийн утаа ирэх амралтын өдрүүд хүртэл арилахгүй байх төлөвтэй байгаа аж. Түймрийн утааны дийлэнх нь Канадын Квебек мужаас ирж байгаа ба тус мужид өнөөдрийн байдлаар түймрийн 150 голомт бүртгэгджээ. Канадын эрх баригчдын мэдээлж байгаагаар ой хээрийн түймрийн улмаас Квебек мужаас 15 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Нью Йорк мужийн амбан захирагч Кэти Хоукул мужийн зүгээс иргэдэд 1 сая амны хаалт тараана гэдгээ мэдэгдсэн ба түүний хэлж байгаагаар Нью Йорк хотын автобус, метро зэрэг нийтийн тээврүүд нь өндөр чанарын агаар шүүгчтэй учраас нийтийн тээврээр зорчих нь эрүүл мэндэд аюулгүй хэмээн онцолжээ. Пүрэв гарагийн байдлаар Канадын Торонто хот ой хээрийн түймрийн утаанд автсан байна.
Канадын Байгаль орчин ба Цаг уурын өөрчлөлтийн агентлагаас гадагш гарахдаа амны хаалт зүүх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай нарийн ширхэгт тоосонцроос хамгаалж чадах ч амны хаалт нь ойн түймрийн утаанд байх хорт хий амьсгалах явдлын бууруулж чадахгүй гэдгийг онцолжээ. АНУ-ын Байгаль орчин хамгааллын агентлаг АНУ-ын зүүн хойд бүс нутгуудын агаарын чанарыг "эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй" хэмээн ангилсан байна. Нью Йорк хотын дарга Эрик Адамс нью йоркчуудад аль болох гадаа гарахгүй байхыг зөвлөсөн байна. Тус хотод үйл ажиллагаа явуулдаг амьтны хүрээлэнгүүд амьтдаа байшин дотор оруулаад байгаа хөсөг тэргүүдийн үйд ажиллагааг түр зогсоосон байна.
Вашингтон хотын сургуулиуд гадаа зохион байгуулах арга хэмжээнүүдээ цуцалжээ. Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг гадаа дасгал хөдөлгөөн хийхгүй байх, гадаа байх хугацаагаа аль болох багасгахыг зөвлөж байна. Мэргэжилтнүүд дунджаас илүү дулаан бөгөөд хуурай хавар нь ой хээрийн түймэр газар авах гол шалтгаан болж байгаа аж.
Канадад асаж буй ой хээрийн түймрүүд нь хэдийн 3.8 сая гаруй га газрыг хамарсан нь сүүлийн 10 жилийн дунджаас 12 дахин өссөн үзүүлэлт юм.
Цагаан ордноос мэдээлснээр АНУ Канад руу 600 гаруй гал сөнөөгчдөө илгээжээ. Ой хээрийн түймрийн утаа эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй бөгөөд утааг амьсгалсан даруйд амьсгалахад хүндрэлтэй болох, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, чих хамар хоолой үрэвсэх шинж тэмдэг илэрч болох тухай Торонтогийн их сургуулийн профессор Мэтью Адамс онцолжээ.
Нөгөө талаас түймрийн утаа хавдар болон уушгины эмгэг зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэх эрсдэлтэй аж. Түймрийн утаанд байх жижиг тоосонцрууд нь цусны эргэлт болон бусад эд эрхтэнд орж, генийн мутаци болон эрүүл мэндийн өөр бусад асуудал үүсгэх аюултай гэдгийг профессор Мэтью Адамс анхааруулсан байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.