МИНИМАЛИСТ аялагчид аль хэдийнэ бий болчихсон, ирээдүйд ч ихэснэ

Twitter Print
2020 оны 12-р сар 13-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Минималист хэв маяг гэдэг бол хэрэгтэй зүйлээ хэрэглэх, хэрэггүй зүйлээ цуглуулахгүй байх философи. Хүнтэй харилцах харилцаа, оролцох оролцохгүй ажлын хүрээнд ч энэ хамаарна. Уулзаад таагүй санагдаад байдаг хүнд цаг гаргахаа байсан, олон сэтэр зүүсэн цалинтай цалингүй ажлуудын ихэнхээс татгалзсан. Сошиалд унших уншихгүй сайт, пэйж хуудсуудыг багасгасан. Дагадаг, админ хийдэг пэйж, груп, сайтуудыг эрс цөөлсөн. Үр дүн нь өглөө сэрэхэд бүх зүйл тодорхой.

Өмнө нь 4, 5 чемоданд багтахгүй, өлгөөд өлгүүр, шкаф хүрэлцдэггүй их хувцастай байлаа. Одоо 2-хон чемоданд бүгд багтана. Минималист байна гэдэг нь энгийн загвартай цөөн хувцас хэрэглэж, нэмэлт гоёл чимэглэлээ тохируулна гэсэн үг. Зохидог өнгөн дээрээ тухайн жилийн трэнд өнгийн жижиг хэрэглэл буюу хүзүүний алчуур, бүс гэх мэтийг хэрэглэхэд цаг үеэсээ хоцрохгүй. Хэн нэгэнд бэлэг өгөхдөө хэрэгцээг нь мэдэрч өгөх гоё байдаг. Тухайн хүнд одоо яг юу хэрэгтэй байгаа бол гэж бодож бэлэг бэлддэг. Авсан хүний сэтгэл ханамж намайг баярлуулдаг.

Эрүүл мэндэд хор болох хүнснээс татгалзахыг хичээсээр л байна. Эрчүүдийн сэтгэхүй өөр учраас бас асуудал гарна аа. Махыг янз бүрээр хэрэглэх дуртай, “төмс аваарай” гээд байдаг хүмүүсийг яалтай билээ. Гадуурхи уулзалтууд, шар айраг... тухайн үед бага зарцуулсан юм шиг хэрнээ сарын эцэст нийлүүлээд харахаар гайхаш төрүүлэхээр. Сүүлийн үед ковидын нөхцөл байдал “туслаад” багагүй хэмнэлттэй.

Минималист хэв маягийг сонгож буй залуучууд эрс нэмэгджээ. Тэднийг ажиглаад байхад мөнгө хэмнэж хуримтлал үүсгэн дэлхийгээр аялах зорилготой. Тэд хувцас, элдэв амттанаас илүү “аялах”-ыг сонгодог. Манайхан ярьдаг даа, үүргэвчээ үүрсэн “гуйлгачин” жуулчид их ирдэг боллоо. Машин хямд хөлсөлж авсан хэрнээ жолоочдоо бэлэн гоймон, чипс идүүлээд яваад байна... гэж бухимддаг. Үүнийг нөгөө өнцөгөөс нь харах хэрэгтэй. МИНИМАЛИСТ аялагчид аль хэдийнэ бий болчихсон, ирээдүйд ихэснэ. Тэдэнд зориулсан “аяллын технологи” хэрэгтэй болж байна даа, салбарын нөхдүүд минь. Жинхэнэ ЖУУЛЧИД чинь АЯЛАГЧ гэдэг эгнээ рүү бага багаар шилжиж, аялагч нь МИНИМАЛИСТ руу чиглэх нь тодорхой болчихлоо.

Монголчуудынхаа аяллыг харахаар ЖУУЛЧИН лав биш, АЯЛАГЧ уу гээд харахаар бас биш. Учир нь аяллын үр дүн нь хог хаягдал, замбараагүй байдал. Хогийг нь харахаар тэнд ямар ч хэмнэлт МИНИМАЛИСТ хэв маяг харагддаггүй. Аялж сураагүй, жуулчилж сураагүй, зүгээр л гэрээсээ өөр газарт түр “шилжигсэд”. Тэдэнд АЯЛАХ ба ЖУУЛЧЛАХ гэдгийг ойлгуулах нь “аялал жуулчлалын боловсрол олгох” ажил болж байгаа юм.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.