Ерөнхийлөгч тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх хуулийн төсөл өргөн барина

Twitter Print
2020 оны 10-р сар 13-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Булган аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулахаас гадна уулзалтын үеэр давтамжтай хөндөгдсөн хөгжлийн шийдлүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийж буй уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа малын арьс шир үнэгүйдэж байгаа тухай олон санал, хүсэлтийг иргэд хэлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ талаар хэлэхдээ, “Сүүлийн 30 жилд хөдөө аж ахуйн салбар ямар ч бодлогогүй, мартагдаж явж ирсэн гэдэгтэй бүгд санал нийлэх байх гэж бодож байна. 1960-аад оны сүүл, 1980-аад оны эхэн үе хүртэл бид аж үйлдвэрийн комбинаттай байсан. Гутал, арьс шир, ноос ноолуураа бүгдийг нь дотооддоо боловсруулдаг байсан. Өмнө нь байсан юмаа сэргээх талаар яриад байгаа юм.

Хөдөө аж ахуйн сайд байхдаа 10 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт барих тухай төслийг санаачилж, энэ жилээс ажил хэрэг болж байна. Энэ зөвхөн Дарханы үйлдвэр биш ээ. Монгол орны 21 аймаг, 330 суманд салбар нь байгуулагдах үйлдвэр. Суманд анхан шатны, аймагт дараагийн шатны боловсруулалтыг хийж, Дархан арьс ширний цогцолборт бүрэн боловсруулаад бүтээгдэхүүнээ гаргах экспортын том үйлдвэр юм” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогтцэций сумаас Гашуунсухайтын боомтын чиглэлд баригдаж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, Зүүнбаянгаас зүүн зүгт Сүхбаатар, Дорнод чиглэлд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлбэл говийн бүс нутаг сэргэх, эдийн засаг 4-5 дахин тэлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр “…Энэ бүтээн байгуулалтыг монгол залуучууд, монгол инженерүүд хийж байна. Түүхэндээ анх удаа бид ийм том бүтээн байгуулалтыг хийж байгаа. Би үүнийг яагаад ярьж байна вэ гэхээр, монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавьж байгаа юм. Төмөр замын бүтээн байгуулалтаар дамжуулан бид оюун санааны маш том өөрчлөлтийг авчирч байна” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган аймагт ажиллах үеэрээ Булган сумын Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиар зочилсон. Энэ үеэр сургуулийн удирдлагын зүгээс танилцуулсан шинэ спорт заал барих асуудлыг хэлсэн үгэндээ дурдаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар залуу үеийн авьяас чадварыг нээж хөгжүүлэх, тэднийг дэмжих, тухайлбал спортоор хичээллэж буй сурагчдад амжилт гаргах боломж бололцоог нь бүрдүүлэхийн төлөө аймаг, сумын удирдлага идэвх санаачилга, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Өмнн нь Ерөнхийлөгчийн санаачилгаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэсэн бол одоо тэтгэврийн доод хэмжээг 500 мянган болгох хуулийн төсөл өргөн барина гэдгээ уулзалтынхаа үеэр мэдээлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.