Дэлхийн банкнаас манай улсад 2.2 сая ам.долларын санхүүжилт олгожээ

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

COVID-19 цар тахал газар авч буй энэ үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд туслах зорилгоор Дэлхийн Банкнаас 2.2 сая америк долларын санхүүжилтийг олгохоор болжээ.

Тус санхүүжилтийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж. Санхүүжилтийг одоо хэрэгжиж буй Цахим Эрүүл Мэнд төслийн хүрээнд олгож байгаа бөгөөд энэхүү төсөл нь сонгосон туршилтын байршлуудад цахим эрүүл мэндийн шийдэл, эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой юм.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев "Нэн даруй олгож буй тус санхүүжилт нь Монгол улс COVID-19 халдварын болзошгүй тархалтаас ард иргэдээ хамгаалах, халдварыг эрт оношлох, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд туслах юм” гэв. Энэхүү санхүүжилтын хүрээнд 15 суурин ба 12 зөөврийн дижитал рентген аппарат, 41 хэт авианы оношилгооны аппарат зэрэг тоног төхөөрөмж худалдан авах бөгөөд тоног төхөөрөмж ирэх сарын эхээр Монголд ирэх юм байна. 

Дэлхийн Банкны Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Динеш Найр хэлэхдээ “Нэмж худалдан авч буй эдгээр тоног төхөөрөмж нь COVID-19 зэрэг халдварт өвчний тархалтын үед улс орны бэлэн байдлыг бэхжүүлнэ гэж бид найдаж байна. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалт, оношилгоог сайжруулахад туслах зорилгоор бид цаашид засгийн газартай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллана" гэв. 

Дэлхийн Банк Групп энэ сарын 17-нд COVID-19 халдварт өвчний эрүүл мэнд, эдийн засгийн нөлөөллийг даван туулахаар тэмцэж буй улс орнуудад туслах зорилгоор 14 тэрбум ам.долларын шууд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Тус санхүүжилт нь гишүүн орнуудад, үүний дунд Монгол улсад дэлхийн даяар тархсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эмгэнэлтэй нөлөөллийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслах зорилготой юм.  

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.