
2025 оноос хос бичигтэн болох Засгийн газрын хөтөлбөр дуншиж дуншиж гарлаа. Уг нь хууль нь аль 2016 онд УИХ-аар батлагдсан.
Нэрээ бичиж сурахаас өгсүүлээд цагаан толгойгоо мэдэх, ойр зуурын юм уншиж сурах дадлага "зүгээр суухаар зүлгэж суу" гэгчээр сонирхож буй хувь хүмүүс хичээгээсэй хэмээн уриалмаар байна. Хос бичигтэн болох, улмаар хойч үе маань монгол бичигтээ эргэн шилжихэд одооноос аав, ээж нарын үүрэг их шүү.
Бидний өвөг, дээдэс үүнээс хүнд, ядуу, тарчиг цаг үед үндэсний бичгээ сурах гэж үнэхээрийн мэрийж байсныг түүхэн баримтууд гэрчилнэ. Нэгэн баримт болгож тэртээх 1936 оны наадам угтаж Улсын 15 жилийн ойн өмнө Төв засан хүмүүжүүлэх газрын хоригдлууд үндэсний бичиг үсэгт хэрхэн суралцаж байсныг өгүүлсү.
Бичиг үсэг сурч буй талаар Төв засан хүмүүжүүлэх газрын тайлан илтгэл - 1936 оны 8 сарын 6
"Шүүх яамны харьяа төв засан сайжруулах газар ану энэ 26 он дор төлөвлөгөөний ёсоор 200 хоригдол хүмүүсийг үндэсний бичиг дор бүрэн сургаж гаргах байсан бөгөөд эдүгээ энэ 7 сарын 1-ний баттай мэдээгээр тэргүүн 6 сарын дотор бүгд 116 хүмүс дор монгол бичгийг зааж буй бөгөөд түүний сурлагын байдлыг ялган салгаж үзвээс энэ 6 сарын дотор монгол бичгийг сайн сурч бусад дор багшилж чадах хүртэл суралцаж, уншиж бичихийг заалгах явдлаас бүрэн тайлагдсан хүмүүс 30, мөн цагаан толгойноос эхлэн бусад ямар нэгэн ном, дэвтрийг сайн унших ба дунд муухан бичих зэргээр сайн сурч буй 111, мөн цагаан толгойн ба бусад ном дэвтрийг заалгаж буй ану 146 баймуй.
Үүгээр үзвэл тооны талаар уул төлөвлөгөөнөөс хувь илүү тооны хүмүүс дор зааж сурган буйн дээр зааж буй хийгээд сургаж буй явдлын явц чанарын талаар зүгээр болох ану дээрх байдлаас илэрхий хэмээн үзэж сайшаамуй. Ард түмний идэвхи зүтгэл энэ газарт ч тод оршиж баймуй."
Баянбатын Баясгалан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.