Хүмүүс байнга л дурамжхан явах юм...

Twitter Print
2021 оны 09-р сар 27-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Өөртөө, хөршүүддээ, эрх баригчдад, зуны аагим халуунд, өвлийн тэсгим хүйтэнд, эрхэлдэг ажилдаа, авдаг цалиндаа, гэр бүл үр хүүхэддээ, ээлжийн амралтандаа, оройн хоолондоо, цагдаа сэргийлэхийнхэнд, орон сууцны конторынхонд, нийтийн тээврийнхэнд, баярт өдрүүдэд гээд л тоочоод байвал барагдахгүй. Боломжийн сайхан байгаа юмнаас хүртэл болохгүй байгаа ганц юмыг нь олж харчихаад муулж гардаг, яг л доторх кассетээ зажлах магнитофон адил.

Бид гэрээрээ гадаадад амарчихаад буцаж явлаа л даа. Бидэнтэй нэг буудалд буудаллаж байсан хоёр эмэгтэй хажууханд минь сууж байна. Тэдний ярианаас би олон зүйлийг олж мэдлээ:

- Буудлын наран шарлагын газар нь бөгс эргэх зайгүй жижигхэн байсан л гэнэ.

- Нар дэндүү хурц байсан л гэнэ.

- Буудлын өрөөнүүдийнх нь интерьер арай л цайвар байсан л гэнэ.

- Өглөөний хоол нь амт чанарын хувьд яав ч дөрвөн одтой буудлынх байгаагүй л гэнэ.

- Буудлаас зохион байгуулдаг экскурсиуд залхмаар урт байсан л гэнэ.

Тэдний энэ ярианаас холдон өөр сандал дээр суусан биш өөр нэгэн харилцан ярианы гэрч болов:

- Энэ онгоцны буудал чинь ямар их хүнтэй юм бэ, бүгд шавчихсан байх чинь. Тэр бүдүүн нөхрийг хар аа, энэ лав гурван хүний суудал эзэлнэ шүү.

- Энэ кофе нь зүгээр л угаадас, хачиртай талх нь өчигдрийнх байна.

- Duty Free-ийн худалдагч нар яасан ч удаан хөдөлгөөнтэй юм.

Миний нэг найз хүүхэн саяхан нэг хуриманд уригдан оролцсон юм. Дээд зэрэглэлийн буудалд шил толь болсон танхимд симфони оркестр төрөл бүрийн аяз тоглоод л, хүрэлцэн ирсэн зочдыг хар түрсээр дайлаад л, их л чамин хурим болсон сурагтай. Тэгсэн найз хүүхэн маань хуримын маргааш над руу залгаад:

- Оргилуун дарс нь үлбийсэн бүлээн юм байсан гээд чи бод доо! Гаатай панна кота дессертынх нь лимон ихэдчихсэн ч байх шиг. Сүүт бүсгүйн хуримын даашинз гоё санагдаагүй, дэндүү энгийн байсан. Хуримын дундуур сольж өмссөн даашинз нь зүгээр л нэг хар захаас авсан юм уу гэмээр инээдтэй. Үзүүлсэн слайд шоу нь шал утгагүй, хосын анхны бүжиг уйтгартай, хуримын хөтлөгч нь үндэсний телевизийн нэвтрүүлэгчийг санагдуулж байсан хэмээн “сонирхуулав”.

Танилууд маань сүүлийн үеийн загвараар баригдсан шинэхэн байранд нүүж орлоо. Тэдэнд баяр хүргэхээр залгатал өөдөөс харин:

- Чи чинь юу ярина вэ? Юун баяр хөөр? Өөрийнхөөрөө засч тохижуулах ямар үнэтэй байсан гэж бодно? Люстр гэхэд л хоёр мянган рубль, англи ханын цаас нэг боодол нь гурван мянга, өрөө хоорондын хаалганууд нь хар модон, нэг нь л гэхэд 12 мянга, цэвэр модон паркет нэг куб метр нь 1.5 мянга гээд бөөн зардал хэмээн зовлонгоо тоочих нь тэр.

Хүмүүс мөнхийн сэтгэл дундуур явах юм. Гартаа томруулдаг шил атгачихаад юм юмнаас зөвхөн “хасах”-ыг нь хайгаад л... эргэн тойронд нь том том “нэмэх” дүүрэн байхад. Юм юман дээр дургүйцлээ илэрхийлээд л, гоншигоноод л, шүүмжлээд л, шүүгээд л, өөлөөд л, муулаад л… Уг нь энэ хорвоод сайн муу нь ижил тэнцүү байдаг сан…

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.