Монгол төрийн тангараг

Twitter Print
2020 оны 07-р сар 02-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

Бид аливаа юмыг хийхдээ ёс болгоод сурчихаж. Тангараг өргөлөө гэхэд, өргөх нь гол болохоос биш, юу хэлэх нь нэг их чухал биш янзтай. 

Монгол төрийн тангараг гэж өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-аар томилогдсон Ерөнхий сайд нар ёстой төртэй, бүр нэг чин сэтгэлээсээ, сүрдэж сөгдөж өргөдөг тангарагтай болох хэрэгтэй нь их л тод анзаарагдах боллоо.

Тангаргийн тэр үгийг хэн зохиож, хаанаас батлах вэ? 21-р зууны, дэлхийд нэг нь ч танигдаагүй бид өөрсдөө зохиох биш, харин хоёрхон сурвалжаас л гаргаж авах хэрэгтэй санагдана. Нэгд, Эзэн Чингисийн зохиомол биш, түүхэн эх сурвалжаас олж тогтоосон сургаал үг байх бололцоотой мэт. Далай лам Төвдийг мартуулдаггүй гэгчээр Эзэн их Чингис Монголыг мартуулдаггүй төдийгүй, миний үр сад, эх Монгол минь дэлхийн дайдад өнө мөнхөд оршин бий хэмээн сануулж байдаг юм.

Эзэн их Чингис бол монголчуудын бидний хувьд хаан ч мөн, биширч шүтэх бурхан ч мөн. Ийм сод хүү дундаасаа төрүүлсэн ард түмэн түүгээрээ бахархахгүй бол өөр юугаараа бахархахсан билээ. Хоёрт, “Монголын нууц товчоо”-ны эрдэм шинжилгээний ч биш, элдэв хадмал орчуулга ч биш, гагцхүү их эрдэмтэн Цэндийн Дамидинсүрэн гуайн энэ цагийн монгол хэлээрээ эгнэгт давташгүйгээр буулгасан тэр эхээс төрийн тангаргийн үгийг хайж олж болох мэт. 

“Илиада”, “Одиссей”, “Фиваид”, “Беовульф”, “Теогони”, “Махабхарата”, “Гильгамешийн тууль” “Ролландын дуулал”, “Барсан хэвнэгт баатар”, “Хутагт билэг”, “Гэсэр”, “Жангар” гэх зэрэг хөлгөн их туульс хүн төрөлхтөн бүтээсэн хэдий ч “Монголын нууц товчоо” бол ижилгүй бүтээл юм. Ийм хөлгөн судар бүтээсэн ард түмэн түүгээрээ бахархахгүй бол, өөр юугаараа бахархахсан билээ. Сүрдэж сөгдөж хэлэх, шүншигтэй сүлдтэй төрийн их тангараг энэ хоёрт л бий.

Д.Чулуунбаатар 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.