Гималайн уулсыг 30 жилийн дараа харах боломжтой болжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 11-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн хойд зүгт байрлах Пунжаб мужийн иргэд 160 гаруй километрийн зайд байрлах Гималайн уулсыг алсаас харах боломжтой болжээ.

Коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас Энэтхэг даяар хөл хорио тогтоосноор тус улсад агаарын бохирдол буурч, Гималайн нурууны ойролцоо байрлах бүс нутгуудад амьдардаг иргэд хэдэн 10 жилийн турш хараагүй Гималайн нуруудын оргилыг алсаас харах боломжтой болсон байна. Коронавирусын цар тахлын улмаас өнгөрсөн долоо хоногуудад Энэтхэгт үйлдвэрүүд хаагдаж, замын хөдөлгөөн зогсч, нислэгүүд цуцлагдсанаар тус улсын агаарын чанарын үзүүлэлт огцом сайжирчээ.

Нийслэл Делид хөл хорио тогтоосон эхний өдөр гэхэд агаар дахь PM10 тоосонцрын хэмжээ 44 хувиар буурчээ. Энэтхэгийн Агаарын бохирдлыг хянах төвөөс мэдээлж байгаагаар хөл хорио тогтоосон эхний долоо хоногт Энэтхэгийн 85 хотод агаарын бохирдол буурсан байна. Гималайн нуруунаас 160 гаруй километрийн зайд байрлах Жаландхар хотод агаарын чанарын үзүүлэлт сүүлийн 16 хоногийн турш сайн гэсэн үзүүлэлттэй байгаа ба тус хотын иргэд нийгмийн сүлжээгээр Гималайн нурууны зургийг хуваалцсаар байна.

2019 оны Дэлхийн Агаарын чанарын үзүүлэлтээр Энэтхэгийн 21 хот дэлхийн хамгийн бохир агаартай 30 хотын тоонд багтсан билээ. Коронавирусын цар тахлын улмаас Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улс даяар 21 хоногийн хөл хорио тогтоосон ба иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хориглосон юм. Хүнсний дэлгүүрээс бусад худалдаа үйлчилгээний газрууд, үйлдвэрүүд, оффис, захууд болон сүм хийдүүд хаалгаа бариад байгаа ба нийтийн тээвэр, метроны үйл ажиллагааг зогсоосон юм.

Тус улсад коронавирусын халдвар авсан 6000 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 178 хүн нас бараад байгаа билээ. Гималайн нуруу хэдэн 10 жилийн дараа дахин харагдаж эхэлснээс гадна тус уулс өнгөрсөн жилүүдийнхээс илүү зэлүүд болжээ. Учир нь Эверест руу Балба болон Хятадын талаас гарах замуудыг өнгөрсөн сарын эхэнд хаасан аж. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.