Европын холбооны хар жагсаалтад орохгүй байх боломж бас байна

Twitter Print
2020 оны 05-р сар 09-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Европын Холбооноос Монгол улсыг "хар жагсаалтад" орууллаа гээд одоохондоо сандраад байх зүйлгүй. Яг ч бас тэр арга хэмжээ нь мөрдөгдөж эхлээгүй байна. Энэ оны 10-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх тул тэр болтол манайх бас зохих ажлуудаа хийгээд, юмаа сайн бэлдчихвэл, тэр "хар" жагсаалтад бүрэн утгаараа орохгүй байх боломжтой.

Одоо энэ 5 сарын сүүлээр болох ФАТФ-ын манай улсын талаарх хурал бас чухал үүрэгтэй байх юм. Хэрэв манайх энэ хурлаар асуудлаа оруулаад "саарал" жагсаалтаас гарчихвал Европын холбооны энэ "хар" жагсаалтад орохгүй байх боломжтой болох юм.

Манайхыг энэ хар жагсаалтад оруулах гээд байгаа хамгийн гол шалтгаан нь Батзандан гэж товарищийн баахан улс төрийн өнгө аястай зарлаад байсан асуудлууд аль нь ч биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Юун тэр Эрдэнэтийн 49 хувь, юун тэр хар тамхи, юун тэр ЖДҮ? Эдгээр асуудлууд нь ЕХ-нд ёстой түй ч хамаа байхгүй.

ЕХ-ны зүгээс бидэнд тавьж буй хамгийн гол асуудал нь "know your customer" буюу санхүү, банкны байгууллагууд болон аудит, татварын зөвлөх компаниуд өөрсдийн харилцагчаа бүрэн мэдэж байх ёстой гэсэн шаардлага юм. Өөрөөр хэлбэл, харилцагчийнхаа санхүүгийн талаарх мэдээллийг 100 хувь шилэн болгох ёстой болж байна.

Манайд энэ "саарал" жагсаалтаас гарах ажлын хүрээнд сүүлийн 1-2 жил банкууд өөрсдийн харилцагчдынхаа мэдээллийг шинэчлэх ажлыг зохион байгуулж байгаа харагдсан. Нилээн нарийн мэдээллүүдийг нэмэж асууж байна лээ, янз бүрийн маягт бөглүүлээд гарын үсэг зуруулж, тамга даруулаад л, гадагшаа мөнгө шилжүүлэхэд гэрээ, нэхэмжлэх зэргийг нэхдэг болсон гэх мэт "хүнд суртал" гэж хэлж болох олон процедурууд нилээд нэмэгдсэн байсан. Мэдээж хэрэг, манайхан болсон хойно аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүс энэ явагдаж буй ажилд нь дургүйцлээ илэрхийлж, хойрго хандаж байгаа харагдсан. Тийм учир аргаа ядаад зарим банкууд хүчээр хүний дансыг түр зогсоох хүртэл арга хэмжээ авч байсанд олон хүмүүс сошиалаар дүүрэн уурлаж, бухимдлаа илэрхийлээд авсан. Энэ ажил нь хангалтгүй хийгдээд байгаа учир банкны гадаад гуйвуулга, олон улсын карт зэрэг нь ажиллахгүй байх тохиолдол гарч байсан байх.

Дээр нь саяхнаас зарим нэг хууль тогтоомжид өөрчлөлт орж аудитын компаниуд болон татварын зөвлөх компаниуд бүгд харилцагчийнхаа хийсэн мөнгөн гүйлгээ, үл хөдлөх хөрөнгө худалдсан болон худалдан авсан гүйлгээ бүрийг мэдээлж байх үүрэг хүлээдэг болоод байна. Энэ бүх ажлууд саяхныг болтол хэрэгжээгүй явсан учир ЕХ-ноос манай улсыг банк санхүүгийн ил тод байдал хангалтгүй, энэ байдлаараа бохир мөнгө угаах эрсдэлтэй байна гэж үзэн "хар" жагсаалтад оруулах сануулга өгч байгаа нь энэ юм. Энийг нь манай нөгөө улс төрийн попчингууд өлгөж аваад л манайхыг яагаад "хар" жагсаалтад орсон талаар өөр өөрсдийнхөө үндэслэлээ зохиож яриад байна.

ЕХ-ны энэхүү алхмын цаана юу байдаг вэ? Өнөөдөр ЕХ-ны хүн ам нь дэлхийн хүн амын 7-хон хувийг эзэлдэг ба дэлхийн ДНБ-ий 25 хувийг эзэлдэг гэнэ, тэгсэн мөртлөө дэлхийн нийт нийгмийн халамжид төлж буй мөнгөний 50 хувийг тэд өөрсдийн иргэддээ төлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ их зардлын эх үүсвэрийг олохын тулд хөгжиж буй орнуудад алдаад буй татварын орлогоо нөхөж авах, ингэхийн тулд элдэв хууль дүрэм гаргаж түүнийгээ бусад буурай орнуудыг дагаж мөрдөхийг шахдаг талаар Австралийн нэгэн нэрт татварын судлаач хэлж байсан юм.

Иймд энэ явдлыг хэт дэвэргэж, хүмүүсийг паникт автуулж, улс төрийн ашиг хонжоо олох хэрэгслээ болгож байгаа нь утгагүй. Гэхдээ ирээдүйд бүх хүмүүсийн данс, гүйлгээ бүгд "шилэн" ил тод болох болно гэдэг нь тодорхой болж байна. Өнөөдөр та татвараас зугтаад эсвэл хуурамч гүйлгээ хийлээ гэхэд 2-3 жилийн дараа бүгд ил болох л болно. Тэр цагт харин ч илүү их торгууль шийтгэлд унах нь гарцаагүй юм. Тийм учир одооноос санхүүгийн сахилга батыг сайжруулж, хууль журмын дагуу бизнесээ хийж байх нь чухал шүү. Ийм л юмруу дэлхийн том гүрнүүд биднийгээ шахаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх л үлдлээ.

Амарбаясгалангийн Тамир

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.