
Австралийн зүүн эрэг дагуу үргэлжилсэн бороо орсоны улмаас гол мөрнүүд үерлэж, Сидней хотын баруун зүгт байрлах бүс нутгуудын оршин суугчдыг яаралтай журмаар нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Австралийн Цаг уурын албанаас Нью Саут Уэльс муж даяар гол мөрнүүд үерлэж буй тухай анхааруулгыг гаргасан байна. Хоксбери болон Непин голуудын хөндийд сүүлийн 60 жилд байгаагүй томоохон хэмжээний үер болох төлөвтэй байгаа ба нам доор газар амьдардаг иргэдэд үерийн далангуудаа цэвэрлэж, байшингуудынхаа эргэн тойронд шуудайтай элс овоолж тавихыг зөвлөжээ. Үерийн ус байшин барилга, зам талбайг эвдлэн сүйтгэж, моднуудыг хугалж байгаа талаар орон нутгуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.
Онцгой байдлын албаныхны мэдээлж байгаагаар үерийн улмаас хэдэн зуун байшин усанд автсан ба үргэлжилсэн аадар бороо ирэх лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж Нью Саут Уэльс мужийн эрх баригчид автомашины хэд хэдэн томоохон замуудыг хааж, тус мужид үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй сургуулиуд даваа гарагт хичээл ороогүй байна. Сидней хот болон Нью Саут Уэльс муж дахь коронавирусын эсрэг дархлаажуулалтын ажил цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшилсон талаар Австралийн Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Нью Саут Уэльс мужид 25 сая хүн оршин суудаг ба тус мужийн Ерөнхий сайд Глэдис Бережиклян үерт өртсөн бүс нутгууд нь өнгөрсөн жил ой хээрийн түймэрт автаж болон ган гачигтай байсан гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.