Эмнэлгүүдэд хүчилтөрөгч хангалтгүйгээс коронавирусын халдвартай өвчтнүүд үхэх аюулд оржээ

Twitter Print
2021 оны 01-р сар 15-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Манаус хотын эмнэлгүүдэд хүчилтөрөгч хангалтгүй байгаагаас болж коронавирусын халдвартай өвчтнүүд үхэх өндөр эрсдэлтэй байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Амазонас мужийн Манаус хотод коронавирусын халдварын улмаас нас барсан мөн халдвар авсан иргэдийн тоо огцом өсчээ. Тус хотын эмнэлгүүдэд ажиллаж буй эмч мэргэжилтнүүд олон тооны хүмүүс хүчилтөрөгч, тоног төхөөрөмжийн дутагдал, эмч мэргэжилтнүүдийн тоо хомс байгаагаас болж үхэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Бразил улс нь коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийнхээ тоогоор дэлхийд 2т бичигдэж байгаа ба коронавирусын цар тахлын эхний давалгаанд хүнд өртсөн Бразилийн Амазонас мужид коронавирусын халдварын тархалт дахин огцом өсөөд байна.

Үүнтэй холбоотойгоор улс даяар онц байдлын дэглэм зарлаж, эрх баригчид эмнэлгүүдийг цогцос хадгалах контейнерүүдээр хангаж эхэлжээ. Фиокруз-Амазония эрдэм шинжилгээний институтээс мэдээлснээр Манаус хотын эмнэлгүүд хүчилтөрөгчийн хомсдолд орсон ба эмнэлгүүдэд өвчтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж, үхэхэд хүрч байгаа аж. Орон нутгийн хэвлэлд зарим эмнэлгүүдэд эмч сувилагч нар өвчтнүүдээ үхүүлэхгүйн тулд амбуугаар амьсгалуулж байгаа тухай бичжээ. Амазонас мужийн Эрүүл мэндийн сайд Марселлус Кампелу Амазонас мужийн эмнэлгүүдэд тус мужид үйлдвэрлэж буй нийт хүчилтөрөгчийн хэмжээнээс 3 дахин их хүчилтөрөгч шаардлагатай байгаа талаар мэдэгдэж, тусламж хүсчээ.

Бразилийн Дэд ерөнхийлөгч Амилтон Моуран нисэх хүчний онгоцнууд орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног хэрэгсэл, хүчилтөрөгч зэргийг хүргэж өгөхөөр ниссэн тухай өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Түүнчлэн эмнэлгүүдийн ачаалал их байгаатай холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэх шаардлагатай зарим өвчтнүүдийг онгоцоор өөр эмнэлгүүд рүү шилжүүлж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.