Цүнх баригчийг өмөөрөхүй...

Twitter Print
2020 оны 06-р сар 08-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Тоглоогүй шүү. Ази болон Европ маягийн ажил сурах, дадлагажих арга ялгаатай. Азийн орнуудад залуучууд туслах чанарын ажил хийж, өөрөөсөө илүү туршлагатай, байр суурьтай хүнийг даган явж, түүнээс харж, практик дээр суралцах явдал элбэг. Мэс заслын эмч боллоо гэхэд юу юугүй хүний эрдэнэт биед ороод явчихгүй. Урт хугацаанд туслах байдлаар ажиллаж, тэр чухал хариуцлагатай ажилд “нүдээрээ” суралцана. Шприц баригч, хөвөн марль баригч хийнэ гэсэн үг. Сайн үсчин болохын тулд эхлээд 2 жил шал угааж, 2 жил толгой угаана. Мастер үсчин үйлчлүүлэгчтэй яаж харьцаж байгаа, хүний тэргүүнд яаж зөв хүрч байгаа зэргийг хажуугаас харж, орчинд нь мэдэрч суралцана. Алчуур баригч, сам баригчид юм. Ерөөсөө ажлын байран дотор ямар нэг юм хийгээд сууж байгаа хүн өөрөө ч анзааралгүй тухайн орчноос их юм сураад явж байдаг. Гэхдээ зүгээр гөлийгөөд сууж байх биш, нэг юм барьж байх ёстой.

Японы төрийн албаны хүмүүс, эсвэл томоохон бизнесмэнүүд гадаад оронд, жишээ нь Монголд томилолтоор ирэхдээ заавал нэг “цэргээ” дагуулж ирдэгийг гэрээ хэлцэл байгуулж, харьцаж байсан хүмүүс анзаардаг байх. Нөгөө залуу нь хамаг бичиг баримт юмнуудаа авч явахаас гадна, билет авах, зочид буудалтай ярих гэх мэт туслах чанарын бүх ажлуудыг хийж, гол хүнээ голлох асуудалдаа төвлөрөхөд нь тусална. Ёстой жинхэнэ цүнх баригч. Тийнхүү дагаж явахдаа даргынхаа биеэ авч яваа байдал, гэрээ хэлэлцээрт орж байгаа байдал, асуудлыг шийдэж байгаа байдал зэргээс суралцаад явна.

Манайд гишүүний туслах зэрэг ажил хийж байгаад ахиж дэвшсэн, нийгэмд байр сууриа олсон хүмүүс зөндөө л байдаг. Хэчнээн мундаг сургууль төгссөн, хэл устай, толгойтой байлаа гээд бодит амьдралыг мэдэхгүй, тийм асуудлуудтай нүүр тулж, ядаж хажуунаас нь ч болов харж байгаагүй хүмүүст олон мянган хүний амьдрал ахуй хамаарах хариуцлагатай ажил оногдохгүй л дээ. Дан онолын мэдлэг, дипломын цаас барьсан, жор мэдэхгүй “гэлэнгээс”, харин зовлон үзсэн, туулсан туслах, муу нэртэй “цүнх баригч” нэг мэдэхэд илүү хөгжсөн байх вий. Монголын баялаг болсон ахмад үеийнхэн, туршлагатай, чадвартай эрхэм хүмүүсээс суралцах юм үнэндээ их. Ганцаар тогтохгүй 2-3 залуус дагаж явж, цүнхийг нь барьдаг санж уу, яадаг санж, тэр хүнээс зулгаан авч болох бүхнийг шингээн явж суралцахгүй бол хайран.

За нөгөө талаас ах нарынхаа хамаг муу муухай юмыг нь сурсан цүнх баригчид байна аа, байна. Үгүй тэгээд тэр ах нар нь олигтой юм заагаад өгчихгүй. Буруу юм заасан, буруу юм сурсанаас болоод л явж явж ийм хэллэг гарч ирсэн. Цүнх барьж явснаа гэнэт газар, хэлтсийн дарга болоод пээдэлзээд эхэлдэг, хоосон толгойтой нөхдийг энд өмөөрөхгүй. Цүнх баригч болгон муу муухай бишээ гэдгийг л хэлэх гэсэн хэрэг.

За бас “пялдага” гэдэг үг байна. Энэ үг сүүлдээ өсвөр үеийнхнийг ахмад хүнийг хүндэлдэггүй болгох нь. Хүмүүс хоорондын амжилттай харилцаа хүндлэлээс эхэлнэ. Хүнийг хүндэтгэж харьцахыг “пялдагдахтай” андуураад байна цаана чинь. Өдөр тутам уулзаж учирч буй хүмүүстэй хүндэлж харилцахгүйгээр залуу хүн хол явахгүй. Захирал хүн хүртэл “хүнд үйлчилдэг ажил хийдэг юм” гэж би залуустаа хэлдэг. Харилцагч компанитай хийх уулзалтын үеэр нөгөө талдаа хүндэтгэлтэй хандаж, анхаарал тавьж, уулзсан учирсан хүмүүстэйгээ найрсаг харилцаа үүсгэхгүйгээр, тэдэнд нэг ёсондоо үйлчлэхгүйгээр ажил хэрэг амжилттай явна гэж байхгүй. Үнэндээ нэг муухай огиудас хүрэм пялдагддаг хүмүүс байдаг аа, гэхдээ түүнийг “хүндлэл үзүүлэх”-тэй хольж хутгаж болохгүй ээ.

М.Тулгат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.