"Их-20"-ийн удирдагчид Афганистанд тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзжээ

Twitter Print
2021 оны 10-р сар 13-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудыг багтаасан "Их-20" -ийн удирдагчид эдийн засгийн хурц хямралтай тулаад буй Афганистан улсад тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзжээ.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель улс орнууд Афганистаны нөхцөл байдал хүндэрч эмх замбараагүй байдал руу шилжихийг зөвшөөрч болохгүй гэдгийг анхааруулжээ. НҮБ-ын зүгээс улс орнуудаас Афганистан улсад тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэнтэй холбоотойгоор зохион байгуулагдсан "Их-20"-ийн цахим уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанд үзүүлэх санхүүгийн тусламж дэмжлэгийг одоо эрх барьж буй Талибан хөдөлгөөнд шууд өгөх бус бие даасан олон улсын байгууллагуудаар дамжуулах нь зүйтэй гэдгийг онцолжээ.

Өнөөдрийн байдлаар улс орнууд Афганистанд олон сая ам. долларын үнэ бүхий нэн шаардлагатай хүнс болон эм тарианы тусламж үзүүлээд байгаа билээ. Европын Холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Европын холбоо Афганистан болон Афганистаны дүрвэгсдийг хүлээн авч буй хөрш орнуудад нь 1 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээ амласан бол ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Герман улс Афганистанд 600 сая еврогийн тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ. Ангела Меркель, "Афганистаны валютын систем эсвэл эдийн засаг нь уналтанд орох нь бидний хэнд ч ашиггүй." хэмээн онцолжээ. Тэрээр Талибан хөдөлгөөн Афганистанд тусламжийн бараа хүргэж байгаа НҮБ-ын бүх байгууллагуудад Афганистан руу орох зөвшөөрлийг олгож, талибууд охид эмэгтэйчүүдийн эрхийг хүндлэх ёстой гэжээ.

"Их-20"-ийн цахим уулзалтыг зохион байгуулсан Итали улсын Ерөнхий сайд Марио Драги Ангела Меркельтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн ба "Их-20"-ийн гишүүн орнууд Талибан хөдөлгөөнтэй уулзаж ярилцах шаардлагатай гэж үзэж байгаагаа дурджээ. Ингэснээр "Их-20"-ийн гишүүн орнууд Талибан хөдөлгөөний байгуулсан засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм гэдгийг мөн онцолжээ. "Их-20" -ийн цахим уулзалтанд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар оролцоогүй ч бүх гишүүн орнууд Афганистанд тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нийлсэн гэдгийг Марио Драги мэдэгдсэн байна.

Түүнээс гадна "Их-20" -ийн удирдагчид Афганистаныг алан хядах бүлэглэлүүдийн үүр уурхай болохоос сэргийлэх арга замуудын тухай хэлэлцэж, Афганистанаас гарахыг хүссэн гадаадын иргэд болон афганчуудыг аюулгүй зорчих боломжоор хангах тухай ярилцжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнгөрсөн сард болсон уулзалтын үеэр Афганистанд ядуурлын түвшин нэмэгдэж, төрийн үйлчилгээ нь уналтанд орох дээрээ тулсан талаар онцолж байсан юм.

Дэлхийн банкнаас мэдээлж байгаагаар Афганистан улсын ДНБ-ий 40 хувийг гадны тусламж дэмжлэг бүрдүүлж байгаа ба Талибан хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарсантай холбоотойгоор Вашингтон Афганистаны төв банкан дахь 10 тэрбум ам. долларыг царцаасан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.