Бээжин эрүүл мэндийн бус шалтгаанаар хийгдэх үр хөндөлтийн тоог хязгаарлана

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс "эрүүл мэндийн бус" шалтгаанаар хийгдэх үр хөндөлтийн тоог хязгаарлах тухай шинэ удирдамж гаргажээ.

Тус улсын хувьд ургийн хүйсээс шалтгаалж үр хөндөлт хийгддэг явдлыг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авч байсан ба 2018 онд Хятадын Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоохын тулд үр хөндөлт хйилгэх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гэсэн анхааруулга гаргаж байсан юм. Төрийн зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу эмэгтэйчүүдийн жирэмсэн болохоосоо өмнө авах эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах аж.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс мэдээлснээр 2014-2018 оны хооронд Хятадад жилд дунджаар 9.7 сая үр хөндөлт хийгдсэн нь 2009-2013 онуудын дунджаас даруй 51 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Шинээр гаргасан удирдамж нь Хятадын төрөлтийн тоог нэмэгдүүлэх зорилготой эсэх нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд Хятадад төрөлтийн тоо буурч буй явдал нь тус улсад тулгараад буй хамгийн том асуудал болоод байгааг онцолсоор байгаа билээ.

БНХАУ нь дэлхийн хамгийн их хүн амтай улсын нэгд тооцогддог ч сүүлд хийсэн судалгаагаар Хятадын хүн амын өсөлт 2011-2020 оны хооронд 1950 оноос хойш хамгийн доод үзүүлэлтэнд хүрсэн нь тогтоогдсон ба ойрын жилүүдэд бүр ч илүү удаашрах төлөвтэй байгаа аж.

Олон жилийн турш хүн амын өсөлтөө удаашруулах бодлого баримталсны эцэст сүүлийн жилүүдэд Бээжин иргэдээ олон хүүхэдтэй болохыг уриалж, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм.

Нөгөөтэйгүүр ганц бие ээжүүдийн дийлэнх нь эрүүл мэндийн даатгал болон нийгмийн халамжид хамрагдаж чаддагүй ба Хятадад эмэгтэйчүүд хүүхэд гаргах нь карьерт сөргөөр нөлөөлнө гэж үздэг байна.

Өнгөрсөн 6-р сард Бээжин хосуудад 3 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ба давхар хүүхэд өсгөхөд гарах зардлыг багасгахад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлж эхэлсэн юм.

2005 онд хийсэн судалгаар Хятадад нэг хүүхэд өсгөхөд дунджаар 74 838 ам. доллар байсан бол 2020 онд энэ тоо 2005 оныхоос 4 дахин өсч 308 030 ам. доллар болжээ.

Эх сурвалж: aljazeera.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.