БНСУ-ын Ерөнхийлөгч нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох санал гаргажээ

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг бүр мөсөн хориглох санал гаргажээ. Солонгосчуудын дийлэнх нь нохойн мах хэзээ ч идэж байгаагүй ба сүүлийн жилүүдэд нохойн махны эрэлт огцом буурсан аж.

Гэсэн хэдий ч тус улсад жил бүр 1 сая хүртэлх нохойг махыг нь хоол хүнсэнд ашиглах зорилгоор нядалдаг аж.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ерөнхий сайд Ким Бу Гёмтэй хийсэн уулзалтынхаа үеэр нохойн махыг бүр мөсөн хориглох цаг болсон эсэх тухай ярилцжээ. Тэрээр хаягдсан гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах тухай шинэ хуулийн төслийн талаар хэлэлцэх үеэрээ уг асуудлыг хөнджээ.

Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост нохой болон муурыг хэрцгийгээр хөнөөхийг хориглосон хууль хэрэгжиж байгаа ч нохойн махны хэрэглээг хориглосон хууль байхгүй аж.

Сүүлийн жилүүдэд солонгосчууд нохой муур тэжээх нь нэмэгдсэн ба нохойн махнаас татгалзаж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсад үйл ажиллагаа явуулдаг хамгийн том нохойн махны захуудын гурав нь хаагдсан юм.

2020 онд хийсэн судалгаагаар солонгосчуудын 84 хувь нь нохойн мах идэж байгаагүй, цаашид ч идэх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн солонгосчуудын 59 хувь нь нохойн махыг хориглохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний саналыг сайшааж байна. БНСУ-ын Амьтны эрхийн хамгаалах байгууллагын тэргүүн Жон Жин Гён, "Нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг уламжлал гэхээсээ илүү амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзэх солонгосчуудын тоо нэмэгдсээр байгаа." хэмээн ярьжээ.

Ирэх жил болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэд хэдэн улс төрч нохойн махыг хориглох асуудлыг хөндөөд байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.