Тосыг гэмтээхгүйгээр хайрч сурья

Twitter Print
2022 оны 09-р сар 09-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

ТОСЫГ ГЭМТЭЭХГҮЙГЭЭР ХАЙРЧ СУРЬЯ.

Омега-3 буюу загасны тосыг хүнсний нэмэлтээр л хэрэглэхээс биш хоол хайрдаггүй нь халуунд тэсвэргүй, жаахан л халаахад бүтэц нь гэмтдэг шинж чанартай нь холбоотой юм.

Ханаагүй тосыг устөрөгчийн атомтай холбож гидролизжуулахад тогтвортой нэгдэл болон хувирдаг тухай дээр дурдсан. Ингэж химийн аргаар бүтцийг нь өөрчилсөн өөх тосоор нарийн боов хайрах үед тосны бүтэц дахин үл гэмтэх тул хүнсний үйлдвэрүүд транс тос ихээр агуулсан гидролизжуулсан тос түгээмэл хэрэглэж байгаа нь туйлын харамсалтай.

Хүний биед транс, гидролизжуулсан тос аюултай учир үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний орц, найрлагыг заавал уншиж байх ёстой. Таны сонгосон бүтээгдэхүүнд транс тосны хэмжээ 2% хүрэхгүй байх ёстой шүү.

Хоол хийхдээ олив, газрын самарны тос зэрэг дан-ханаагүй эсвэл ханасан амьтны гаралтай өөх тос хэрэглэхийг зөвлөе. Тогооч нар өөх тосны ашиг тус, тэжээллэг чанар, үнэр амт зэргийг хадгалахын тулд сүүлийн үед "wet sauté" хайрах аргыг нэвтрүүлээд байна.

Эхлээд хайруулын тавганд 1/4 аяга ус хийн буцалгалгүй халаагаад, дараа нь шарах гэж буй хүнсээ хийж хэдэн минут хайрч байгаад тосоо нэмдэг байна.

"Wet sauté" аргаар хайрахад тос хэт халахгүйгээс гадна, үнэр нь хэвээр үлдэж, хоол түргэн болдог. Хоолоо тогтмол хутгаж хайрвал тос хэт халахгүй, түлэгдэхгүй, мөн гэмтдэггүй юм. Тосны хүчилтөрөгчтэй нарны гэрэл урвалд орж чөлөөт радикал үүсэж тос муутгадаг учир ихэнх тосыг харанхуй, сэрүүн нөхцөлд хадгалдаг. Харин оливын тос нь олеик өөхний хүчил болон антиоксидант ихтэй тул өрөөний хэмд хадгалж болно.

Аль тос хамгийн сайн бэ гэх асуултад хариулах нэн төвөгтэй. Хэрэглэгчийн амтны мэдрэмж л сонголтыг хийх байх. Наран цэцэг, сафлор, газрын самар болон оливын тосыг хамгийн өргөн хэрэглэж байна, бүгдээрээ л сайнд тооцогддог.

Тосны талаар дахин жаахан тодруулъя:

Нэг хоолны халбага тос 120 ккал-тэй, иймд аль болох бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.

Дан-ханаагүй, тухайлбал оливын тос зүрх судасны эрүүл мэндэд ач тустай. Гэртээ зүрх судасны эмгэгтэй хүнтэй бол оливын тосыг түлхүү хэрэглээрэй. Гэхдээ extra virgin буюу цэвэрлээгүй тос аваарай гэж зөвлөе.

Оливоос бусад үнэр ихтэй хушга, сезам зэрэг тос халуунд тэсвэргүй тул зөвхөн салат л амталдаг юм.

Сануулга: Мэдээлэл нь эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлтэй, иймд нарийн зөвлөгөөг зөвхөн эмч танд өгнө!

АУ-ны доктор Д.Булган

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.