
Дэлхийн номын өдөрт: Жаклин Вүүдсоны залуу уншигчдад илгээсэн захидал
“Та яагаад уншиж байсан өгүүлбэрээ таслаад дундуур нь хүн үнсээд байгаа юм бэ?”
Эрхэм залуу уншигч танаа,
“Бор охин мөрөөдсөн нь” хэмээх намтар номдоо би “Хамгийн эрхэм мөч бол одоо юм” гэж бичсэн байдаг билээ. Анх хараад ер таалагдаагүй боловч үдэш бүр уншсаар улам бүр таалагдах болсон нэгэн номыг долоон настай хүүдээ уншиж өгөн хэвтэж байхдаа энэ тухайгаа бодож сууна. Дээд давхарт өрөөндөө байгаа 13 настай охин маань өдийд даалгавраа хийж байх ёстой ч Инстаграмаа шалгаж, найзуудтайгаа мессеж бичилцэж л байгаа болов уу. Эсвэл орондоо ороод “Ээж, би энэ номонд ёстой их дуртай” гээд байдаг нөгөө Алексия Шерманы “Хагас Энэтхэг хүний хамгийн үнэн өдрийн тэмдэглэл” номоо тэврээд хэвтэж байж ч мэднэ гэж найдахаас.
Хэдхэн л жилийн өмнө охин минь яг л энэ бага хүү шиг минь тэвэрт минь эвхэрч шигдээд, нүдээ дүрлийлгэн үдшийн үлгэрээ сонсдог байж билээ. Өөрийн мэдэлгүй л хүүгийнхээ залаа халимагтай зулайг үнсчихлээ. (Энэ нөхөр үсээ ногооноор будаж үзнэ гээд байгаа юм. Яая гэхэв, ямар цаг үргэлж долоон настай байх биш. Буддаг л байх даа.) Мань хүн учиргүй дүрлийж ирээд л духаа үрчийлгэн дургүйцэж
“Та яагаад уншиж байсан өгүүлбэрээ таслаад дундуур нь хүн үнсээд байгаа юм бэ?”
“Яагаад гэвэл энэ мөч дахин давтагдахгүй шүү дээ” гэж би хэлэв.
“Ээж минь зүгээр л цааш нь үргэлжлүүлээд унш аа”
Ажил хийдэг ганц бие ээжийн охин надад харин ийм мөч олдоогүй юм даа. Өдөржингөө ажиллаж туйлдсан ээжид минь бид дөрвийг гэх тэнхэл үлддэггүй байлаа. Заримдаа том эгч минь бидэнд ном дуудаж өгдөгсөн. Ханс Бринкер, Сильвер Скэйт, Винни Пух бас Харриет гээд л. Харин би тэдгээрийг хүүхдүүдэдээ огтхон ч уншиж өгдөггүй. Би хүүхдүүдэдээ борхон арьстай тэдэн шиг минь дүрүүдийг дотроос нь олж харж болохуйц танил түүхүүдийг уншуулахыг эрхэмлэдэг. Эгчийн минь уншиж өгдөг үлгэрүүд чихэнд сонсогдох шиг болоход өөрийгөө номоос олж харахсан, орчлон хорвоо дээр оршин буйгаа бүрэн дүүрэн мэдрэхсэн гэж тэмүүлдэг асан бага насныхаа зэвэргэн дурсамж руугаа эргэн аялах шиг санагддаг.
Хүүдээ уншиж өгч байгаа номонд маань жижигхэн хотдоо хараагдсан нэгэн мангас өөрт нь сайн ч байж мэдэх бас үгүй ч байж мэдэх нэг охинд хайртай тухай гардаг юм. Өнөөдөр уншиж байхад нөгөө охин чинь харин Улаан малгайтын охин болж таарав. Хм. Тааварлаагүй сонин санаа байна шүү. Бүр ч сонирхолтой санагдаж эхэллээ энэ ном.
“Энэ хаан яагаад ийм муухай санаатай байгаа юм болоо? Энэ чинь сайхан сэтгэл огтхон ч биш шүү дээ. Тийм ээ, Ээжээ?” гэж хүү маань хэлэв.
Би золтой л хүүгээ зулай дээр нь дахиад л үнсэж үнгэх гээд зүтгэчихсэнгүй. Бас бага хүү бид хоёр ингэж хамтдаа, нэгэн түүхийн дотор цуг аялах энэ мөч дандаа иймээрээ байхгүй дээ гэж бодохгүйг хичээж байлаа. Гэхдээ залуу уншигч минь гагцхүү ийм мөчүүд л чухал байдаг юм шүү. Бид өөрсдөдөө чухал гэсэн зүйлээ мэдэрч амьдрах тэр л агшин. Тэр л агшин, дотор нь орчихсон уншиж яваа тэр л түүхүүд биднийг хэрхэн бас үүрд өөрчлөх бол ?
Хүүгийн минь зулайн үнэр, түүний инээмсэглэл, амандаа үглэн буй нь бас аяханаар надаас “Энэ чинь сайхан сэтгэл биш тийм ээ, ээжээ?” асуух нь... Энэ л уншихын гайхамшиг, энэ мэдрэмж л хамгийн чухал нь. Би инээмсэглээд хуудсаа эргүүллээ.
Чин сэтгэлээсээ хүндэтгэсэн,
Жаклин Вүүдсон
Орчуулсан: Норовсамбуугийн Нарантуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Иргэн
(66.181.186.173) 2020-01-07 01:04Хараач зээлээд идсэндээ баясаж мөн ч их байна. Бусдыг яасан муухай юм бэ? Гээд л. Кккк. Өгөөгүй бол муусаын баячууд юу юу гэж суугаа бол. Одоо л нэг зөвөө гэнэ. Хаха
Хариулах