СГЗ, сэтгүүлч Г.Жамьян - Сарьсан багваахай чамд алтан хөшөө босгоё

Twitter Print
2020 оны 09-р сар 07-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

1. Эхлэл

Ноднин намар яг л өдийд, БНХАУ-ын Ухань хотод  тааж танигдашгүй халдварт өвчин гарч гэнэ гэсэн яриа чих дэлсэж билээ. Хэн ч төдийлэн анзаараагүй  байх. Удалгүй “өнөөх өвчин хүнээс хүнд  халдварлаж, хүмүүс  нас барлаа. Нууцалж байсан өвчнийг хэвлэл мэдээллийн хэрэглэлээр дэлгэн тавьсан Ли. эмч баривчлагдаж гэнэ. Тэгснээ өнөөх аюулт өвчнөөрөө нас барж гэнэ” гээд л шуугисан. Энэ өвчинд гол буруутан нь сарьсан багваахай, сүүлдээ корона гэдэг могой болж таарсан. Тэгээд  өвчнийг “коронавирус” гэж нэрлээд, дэлхийн эрүүл мэндийн (ДЭМБ)  байгууллага хүртэл эхний үсгээр нь “КОВИД-19” гэж  нэрлэж, өнөөгийн аюулт цар тахал дэлхийн 216 орныг хамарч, өнөөдрийн байдлаар гучаад сая хүнд халдварлан бараг сая шахам хүний маань амь насыг авч одоод байгаа билээ.

Дэлхий цочирдсон. Цар тахалын талаар бичээгүй, дуугараагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй байх. Шинжлэж  судлаагүй эрдэмтэн мэргэд ч ховор үлдсэн. Эмч эмнэлэгийн ажилтнууд  хүртэл хэдэн зуу, мянгаараа өвчилж таалал төгссөн. Улс гүрнүүд байтугай дэлхий даяар онц байдал зарлагдан, хөл хорионд орсон. Газар, ус, агаарын замууд тэр аяараа хаагдан, унааны түгжрэл ярьдаг байсан бол хүний түгжрэл ярих болсон. Зарим том гүрнүүд таалал төгсөгчдөө хийх хайрцаггүй, оршуулах газаргүй, хөргөгч, хөлдөөгчид хадгалж байлаа.

Дэлхий даяараа сарьсан багваахайг л харааж зүхэж, энэ амьтнаас болж дэлхий сүйрлээ гэж гасалцгаасан. Сарьсан багваахайтай бүх улс гүрэн энэ амьтныг үзэн ядаж, махыг нь лангуун дээрээсээ хураагаад газрын гүнд булж байлаа. Манайхан ч ялгаагүй, сарьсан багваахай ихтэй газраасаа нүүж Отгонтэнгэр мэтийн арц хүжтэй газраа бараадсан сураг байна. Манайханд сарьсан багваахайн тухай домог мэт яриа их бий л дээ. “Хараалч амьтан, хавьтаж ойртож болохгүй”. “Арцтай газраас их зугтаадаг, Отгонтэнгэр мэтийн их арцтай газар нутагладаггүй”. “Харин энэ өвчнийг арцаар эмчлэх талаар судлавал яасан юм?”... гэхчлэн дэл сул яриа их хөвөрсөн л дөө. Олон улсын эмч мэргэд коронавирусыг эмчилдэг эм, сэргийлдэг вакцин гаргаж авах гэж нүдээ улайтал, шүдээ зууртал суугаад одоо хирнээ бүрэн баталгаажсан эм вакцин гаргаж авч чадаагүй, тэр битгий хэл энэ аюулт цар тахал чухам юунааас, хаанаас, ямар замаар анх гарч ирснийг ч бүрэн тогтоож чадаагүй байгаа юм гэсэн. Олон янзын сэтгэгдэл, таавар яриа хэвлэл  мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан. Түүнээс хамгийн итгэл үнэмшилтэй нь  “Дэлхийн хүн амыг цөөлөх биологийн зэвсгийг гаргаж авах гэж АНУ, БНХАУ-ын эрдэмтэд Уханы нууц лабораториосоо, сарьсан багваахайд байдаг вирусыг алдснаас энэ өвчин тархсан” гэдэг нь арай илүү баримттай юм билээ. Тэгээд ч хятадууд нууцлаж хугацаа алдсан, АНУ-ийн төрийн тэргүүн Д.Трамп эс тоомсорлосон байдлаар “Жирийн л нэг ханиад томуу” гээд өөрөө маскнаас татгалцаж байсан зэргийг харвал, мань хүмүүс мэдэж байсан, дэлхийн хүн амыг өндөр настнаас нь эхлэн цөөлөх “Ухаалаг” вирус гаргаж авах бодлоготой байсан юм биш байгаадаа гэсэн таавар төрөхөд хүрдэг юм.

Жирийн нэг амьтнаас тархсан гэхэд итгэмээргүй, дэндүү “ухаалаг” энэ вирусыг 21 дүгээр зууны эрдэмтэд, тэр дундаа дэлхийн “гавал”-ууд бүтээсэн гэдэгт би ердөө эргэлздэггүй. Мутацад орж олон хувирахын зэрэгцээ, нэг, хоёр, гурав, хичнээн ч давалгаа үүсэх юм, бүү мэд. Зарим эрдэмтэд “энэ өвчин дэлхийгээс салахгүй, үе үе намжин , дахин гарч ирээд, хүн төрөлхтнийг, тэр дундаа хүүхэд хөгшчүүлийг зовооно доо” гэж бичсэн байна билээ. Манай орны хувьд “оргил үе нь энэ оны аравдугаар сард” гэж биднийгээ айлгасаар л байгаа.

2 . ӨРНӨЛ  

Коронавирус буюу цар тахал , дэлхий дахины хүн амыг өвчлүүлж, үхүүлж сүйрүүлэхээс гадна хэдэн муу үр уршиг дагуулж явна. Гол нь эдийн засгийн сүйрэл. Улс үндэстнүүд хил хязгаараа хааж, хорио цээр тогтоож, үйлдвэрлэл үйлчилгээ нэлэнхүйдээ зогссоноос хүн төрөлхтний 80-90 хувь нь “туйлдаж ядарлаа” гэж гадны хэвлэлд бичсэн байна. энэ оны  есдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийн эдийн засаг 10 гаруй хувиар агшиж. Зарим хүчирхэг орны эдийн засаг 2-3 жилд сэргэж чадахгүй гэж бичсэн байна.

Олон улсын, тухайлвал “Ковид-19” тархсан 216 орны тухай ярихаа больё. Монгол минь яаж байгаа билээ?!  Цар тахалыг “ялж” байгаа цөөн орны тоонд Монгол багтаж ДЭМБ-аас “үлгэр жишээ авах улс”-ыг Монгол тэргүүлж байгаа. Аюулт цар тахал хамгийн их тархаж олон мянган хүнээ энэ өвчнөөр алдсан Орос, Хятад хоёрын хооронд, олон улсын бараг бүх зам холбоо дайрч өнгөрдөг манай улс коронавирусыг хазаарлаж бариад нутаг дотроо ганц ч тохиолдол гаргалгүй,  нэг ч хүн нас баруулалгүй арван сар болно гэдэг бол гайхамшиг. Саяхны байдлаар /есдүгээр сарын 1-ний/ Монголд зөөвөрлөгдөн орж ирсэн 306 тохиолдлын 300-г нь эмчилж эдгэрүүлээд ХӨСҮТ-д зургаахан өвчтөнтэй тэдний нэг нь л хүндхэн байлаа. Энэнийг чинь амжилт гэхээсээ гайхамшиг гэмээр юм биш үү?!  Энэ бол Монгол улсын төр засгийн зөв мэргэн бодлого, Эрүүл мэнд, онцгой байдал, Мэргэжлийн хяналт, сэтгүүлчид цагдаа , хил гаалийнхны шаргуу хөдөлмөр гэхээсээ баатарлаг үйлсийн үр дүн гэлтэй.

Цар тахалын өмнө Монгол хүн сөхөрсөнгүй ээ!  Мал нь өсөөд 80 сая даваж, тариа ногооных нь ургац дээд цэгтээ хүрч, гол бүтээгдэхүүн болох гурил, төмс хоёроо дотооддоо хангана гэнэ. Эдийн засгийн гол үзүүлэлтийг авч явдаг үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл, зам тээвэр, аялал жуулчлал бага зэрэг агшиж. Агшихад хоёр тал бий.

Цар тахалын нөлөө зайлшгүй байгаа. Дэлхийн бараг бүх орны эдийн засаг унаж байхад Монголынх өснө гэж байхгүй л дээ. Гэхдээ, бидний алдаа бий гэж миний хувьд хардаг. Хилээ хаасан нь зөв бодлого байлаа. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлээ эрч далайцтай явуулж болох байсан. Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой... бусад үйлдвэр үйлчилгээний газрууд нарийн зохион байгуулалттай, хяналттй ажиллаж болох байсан. Нүүрс, зэс, нефть... бусад олборлолтоо явуулж, гол хэдэн боомтоороо экспортоо тасалдуулахгүй явуулах боломж байсан гэж эдийн засагчид, судлаачид үздэг юм билээ.

Хариуцлагын тогтолцоо зарим газар хэтэрхий суларсан. Үүнийг Улаанбаатар-Дарханы замаар жишээлж болно. Зам тээврийн яамны удирдлагууд, зөвхөн хувийн ашиг сонирхолын үүднээс бодлогогүй алхам хийсэн. Тендер будлиантуулж энэ чухал замын ажлыг гадныханд өгснөөс их бүтээн байгуулалт саатна билээ. Гадныхан авилга их өгдөг учраас Хятадын компаниудыг шалгаруулаад тэд нь цар тахалын үеэр хилийн чанадад хашигдсан. Яагаад монгол барилгачидаараа, монгол замчдаараа бариулж болоогүй юм!  Монголчууд Улаанбаатар- Дарханы зам байтугай Дорноговь аймагт хоёр том төмөр зам, бас засмал замыг өөрсдөө барьчихлаа. Замын энэ том бүтээн байгуулалтад алдаа гаргасан сайд дарга нарт хариуцлага тооцох нь бүү хэл дахиад л УИХ-д нэр дэвшүүлж, сонгож байх юм.

Бас аялал жуулчлал уналаа, сүйрлээ гэнэ. Энэ чинь коронавирусынх биш, энэ салбарын түрүүчийн удирдлагуудын хэтэрхий хариуцлагагүй байдал голлоно билээ. Гадаад жуулчлал зогссон нь үнээн. Дотоодын аялал жуулчдаас хэдий л бол хэдий орлого олж болох байсан. Улаанбаатараас бусад газарт халдвар тархсангүй. Хаа л бол хаа чөлөөтэй аялаж болох байлаа. Яам газрынх нь удирдлагууд хааяа нэг “аялал жуулчлалын салбарын төчнөөн хүн ажилгүй боллоо” гэж зовлон тооччихоод л суугаад байгаа.  Аялал жуулчлалынхныг татаж хөрөнгө босгоно гэж Хэнтийд хэдэн шавар овоолчихоод санаа амарсан. Би харамсдаг юм. Дэлхийд гайхагдмаар газар орон Монголд бий. Хаа ч байхгүй түүхийн дурсгал Монголд л бий. Даанч түүнийгээ сурталчилж ард түмэндээ ойлгуулдаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Монголоо сурталчлахгүй хэрнээ “Миний очих дуртай 100 газар” “Үүргэвчтэй аялал” гээд бусад улс орнуудыг л орой болгон телевизээр сурталчилж цацаж байх юм. Ингэхлээр дотоодын аялал жуулчлал яаж хөгжих билээ дээ!

Хотын бүтээн байгуулалт гээд байгаа зүйлийг хар даа. Долдугаар сарын нэгэн хүртэл сонгууль гэж шоудсан. Дараа нь бүгд амралтаа аваад алга болсон. Айраг архинд умбаж умбаж ирээд , яг сургууль цуглаж хөдөлгөөн ихсэх үеэр зам талбайнуудыг ухаж сэндийлээд хаячихсан. Тэгээд “түгжрэл” гэж сүржигнэлдлээ. Засгийн газар түгжрэлийг бууруулах талаар хариуцсан байгууллага, хүмүүсээс санал авсныг та нар ажигласан байх. Тэнд улс орны эрх ашиг, нийслэлийнхний сайн сайхны төлөө дуугарсан хүн бараг алга билээ. Бүгд л хувийн , салбарын ашиг сонирхолд хөтлөгдсөн. Банк санхүүгийнхэн гэхэд л татвар хураамж нэмье л гэж хашгиралдсан байна билээ. Замын түгжрэл гэдэг чинь Улаанбаатарын гудамжинд байгаа юм биш. Дарга сайд нар, баячуудын толгойд байгаа юм. Жилд өчнөөн мянган машин  хил гаалиар оруулж ирээд  байхад түгжрэлийг арилгана гэж зүүдлээд яах юм. Энэ томчууд чинь жилд өчнөөн машин оруулж ирээд, албандаа 2-3 , ар гэртээ 2-5 машинтай болсон байна.  Би 5 жилийн өмнө гадаадаас машин оруулж ирэхээ 5-6 жил хориглооч гэж саналаа бичиж байсан. Тэгсэн чинь юун хориглох, таван жилд улам олон  машин орж ирсэн байна билээ. Одоо уланбаатарчууд унаагаар хангагдсан. Түргэн тусламж, галын машинаас бусадыг нь тодорхой хугацаагаар хориглох хэрэгтэй шүү дээ. Ингэж л байж замын түгжрэл буурна.

Ингээд харахлаар Монголын эдийн засаг, цар тахалын хямралыг хохирол багатай даван туулах бүрэн бололцоотой байсан, цаашид ч “эзэн хичээвэл, заяа хичээнэ”

 3. төгсгөл

Одоо хүн бүрийн сэтгэлд “Цар тахалын дараа яах вэ?” гэсэн асуулт явж байгаа. Гэхдээ энэ аймшигт цар тахал хэзээ дуусах юм?, “Ер нь дуусах юм уу, ингээд л үргэлжлээд байх юмуу? “Бүр хоёр, гуравдугаар давалгаа гээд дэлхийн улс үндэстнийг сүйрүүлэх юмуу? Хэн ч тодорхой хариулт өгөөгүй л байгаа. Улс болгонд л коронавирусын эсрэг эм тариа, вакцин үйлдвэрлэж байгаа сураг байна. Энэ нь хүн төрөлхтнийг аврах санаа агуулсан гэдэгтэй маргахгүй. Гэхдээ нэр хүндний төлөө, борлуулалтын төлөө, их олз олборын төлөө өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл ч хөвөрсөөр л байна.  ОХУ хамгийн түрүү “спутник-5” вакцин гаргаснаа зарлаж, В.Путины охин болон нэр хүндтэй хүмүүс нь өөр дээрээ туршсан гэсэн. Тэгтэл ДЭМБ энэ вакциныг “шаардлага хангаагүй” хэмээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Ер нь аль ч вакциныг бүтээлээ гэхэд 1,8-2 жилийн туршилтын хугацаа заавал шаарддаг гэсэн. Ингэхлээр коронавирус гэх аюулт цар тахалын  төгсгөл нэг л бүдэг санагдаад байгаа юм.

Монгол минь одоо яах вэ? Энэ цар тахалыг хохирол багатай яаж  даван туулах вэ? гэсэн асуултад бүгд л хариулт бэлдэж байгаа, би ч хувийн бодлоо нэмэрлэе.

- Манай эрхэм дээдэс оны төсөвтөө, ард түмнээрээ өчнөөн сар шаардуулж байж тодотгол хийсэн чинь 4,8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчихлаа. Эрдэмтэн судлаачид “тодотгоод улам дордуулчихлаа” гэж байна. Магадгүй л юм. Хоёр  жил тэсчихэж болохоор тэр олон барилга байшин, хэрэгтэй хэрэггүй юмыг яах гэж төсөвт оруулаад байгаа юм бэ?. Барилга нь нураад уначихсан, дарга нь гадаа ширээ сандалтайгаа сууж байгаа газар байгаа юм уу? Тэгвэл бүгдийг цомхотгочих л доо. Эдийн засагч бүсгүй: “Төсвийн 50 хувь нь хасчихаж болох л зүйл байна билээ” гэж телевизээр ярьсан. Дарга сайд нар минь, ингэж үрэлгэн загнаад цар тахалын хохирлыг арилгана гэвэл эндүүрэл байх шүү.

- Гол нь бизнесийн орчноо л тэлж өгье. Уул уурхайнууд нь ажилладагаараа ажиллаж, хил гаалиараа гаргадагаа гаргая. Уртасгасан цагаар, ээлжийн системээр ...гээд экспортын баялагаа нэмэгдүүлэх олон гарц бий дээ. Тэр бүхнийг ашиглаж, олз олбороо нэмье.

-  Жижиг дунд үйлдвэрүүдийг зогсоочихсон. Ажилчид нь хаа яваа нь бүү мэд. Энэ бол төр засгийн бодлогын нэг номерын асуудал. Өнөө жил, дараа жилийн төсвийн гол нь үүнд л чиглэх ёстой байсан. Дараа жилийн төсвийг удахгүй батална. Үүндээ эн  түрүүний тусгах зүйл ЖДҮ. УИХ-ын намрын чуулган хэдхэн хоногийн дараа эхлэнэ. Чуулганы хэлэлцэх асуудлын нэгдүгээрт ЖДҮ-г дэмжих, зах зээлийг нь нээж өгөх, арьс шир, ноос ноолуурын гэх мэт дотооддоо үйлдвэрлэж болох бүх зүйлийг дэмжсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлээсэй гэж бодох юм.

 - Монголын хөрөнгийн тал хувь нь гадаадад яваа. Нэг нь оффшор бүсэд хадгалуулсан валют, нөгөө нь дэлхийн хамаг тансаг газруудад барьж босгосон үл хөдлөх хөрөнгө. Гадаад улс орнууд харьд гаргасан хөрөнгөө татаж эхлэлээ шүү дээ. Манайх бол эздийг нь барьж хорьчихоод юмуу, хилийн хориг тавьчихаад л хараад суугаа. Харин АТГ-ын шинэ удирдлагууд,  тухайлвал З.Дашдаваа тэргүүтэй дарга нар нь сүүлийн үед хууль бусаар олж аваад нуусан хөрөнгөтэй “дайн” зарлаж байгаа юм билээ. Эхлээд, хаана аль улсад хэний нэр дээр ямар хөрөнгө нууцаар хадгалагдаж байгааг тухайн улсын хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж,дараа нь тэр улсын хууль эрх зүйн үндэслэлийнх нь дагуу гэрээ хэлцэл байгуулан “нуугдмал хөрөнгө”- ийг татаж авчран улсын орлого болгох гэнэ. Энэ ажиллагаа эхлэчихэж.

- Дэлхийн баячууд тэрбумтнууд өөр өөрийнхөө улс орны энэ хүнд үед жинхэнээсээ туслаж байна. Манайхан таг чиг. Над нэг ийм санал байгаа юм. Хууль бусаар хөрөнгөжсөн, гадаад улс орнуудад эдлэн газар, орд харштай болчихсон хүмүүс сайн дураараа тэр хөрөнгөө энэ хүнд хэцүү үед улсдаа хандивлачихвал ял шийтгэлээс чөлөөлж болох юм гэж бодож байгаа. Зөвхөн АНУ-д 9 хаустай С.Баяр тодорч байсан бол Сөүлийн хамгийн тансаг хороололд 3 хаустай сайд тодорлоо. 5-10 сая ам. долларын авилга авсан сайд , УИХ-ын гишүүдийн нэр удахгүй зарлагдана гэсэн. Бас Австралиас , Оюу-толгойн холбогдолтой авилга авсан монголчуудын нэрс, хөдөлшгүй баримт ч ирэх сураг гарлаа. АТГ-ын шинэ удирдлага маш өргөн цар хүрээтэй, дайчин шуурхай ажиллаж байгаа ч гэсэн, шүүх прокурор нь яах юм бол доо? Нэгдэж чадвал, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадвал, улсын төсвөөс илүү их хөрөнгө ороод ирэх юуны магад.

- Дотоодын эрдэмтэн мэргэд, инженер техникчиддээ итгэл хүлээлгэе. Нэг дарга нь гарч ирээд л метро байгуулна гэдэг, нөгөө нь гарч ирээд агаарын дүүжин зам барина гэж шоуддагаа больё л доо. Дарханыхаа замыг, гэр хорооллуудынхаа зам, далан сувагийн барилга байгууламжийг юуны түрүү өөрийнхөө барилгачдын хүч хөрөнгөөр хийе. Улаанбаатарт эмнэлэг сургууль хоёроос өөр барилга барихыг хатуу хориглоё. Нууц хуйвалдаанаар хотын захиргааг Арцатын ам руу нүүлгэх гэсэн санаархлыг таслан зогсоож Арцтад барьчихаад байгаа байгууламжийг халдвартын эмнэлэгийн зориулалтаар ашиглая. Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд баригдсан 120 ортой эмнэлэгийн барилга, Түлэнхийн төвийн барилга зэрэг обьектуудыг нэн яаралтай ашиглалтад оруулъя.

- Дээрээсээ эхлээд бүх зүйлд хэмнэлттэй хандъя. Эдийн засгийн энэ хүнд үед Яам, Агентлаг,газар , хэлтсүүдийг нэмэж өөрсдийнхөө садан төрөл, танил талд суудал гаргаж өгдөгөө болил доо! ГХЯ-нд гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах гэнэ. ЭМЯ-нд эмийн агентлагтай болно. Кембриджийн сургалттай тусгай сургууль бий болгохыг завдлаа. Энэ татварын хэдэн төгрөгийг чинь хэн дуртай нь ингээд “суйлдаг” болсон байна шүү дээ. Кембриджийн сургалт гэдгийг чинь Монголд арваад жилийн өмнөөс туршсан. Би сайн мэднэ. Төсвийн мөнгийг ёстой л “иддэг” юм билээ. Харийн ийм хөтөлбөрийг оруулж ирэн, үндэсний сургалтын тэр сайхан уламжлалаа нам цохих хэнд хэрэгтэй байгаа юм?! Ер нь тэгээд хувийн сургууль, хувийн эмнэлэгүүд ард түмнээсээ барж ядсан их мөнгө нэхэж авч байхад улсын төсвөөс олон тэрбумын дотац олгодог нь ямар учиртай юм. Үүнийг болих хэрэгтэй.

Ингэж л “өөрийн” “хүний” гэсэн ялгавартай сэтгэлгээнээсээ салж байж цар тахалын дараах эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулна даа.

Би, энэ бяцхан өгүүллээ Сарьсан багваахайгаар эхлэсэн. Бас түүгээрээ өндөрлөе. Хөөрхийдөө, энэ нэг далавчтай амьтан ямарч буруугүй хирнээ яасан их нүгэл хураав!   Олон янзын өвчний вирус тээж, хоол эрж явдаг жирийн л амьтадын нэг. Хүн рүү дайраагүй, хүнд халдаагүй. Хүн төрөлхтөнд ямарч хор зэм  хүргээгүй. Энэ амьтныг алаад түүхий нойтон махыг нь идсэнээс өвчин тархсан бол хүний л буруу. Энэ амьтныг барьж аваад лабораторт тарчлаан тамласан бол бас л хүний буруу. Тэгтэл энэ амьтан удам судраараа яаж дормжлогдов! Яаж хараалгаж зүхүүлэв!  Яаж тамлуулж алуулав. Хүн л тэгсэн!

Амиараа дэнчин тавьсан энэ хөөрхий, сарьсан багваахай хүн төрөлхтөнд, амьтны ертөнцөд олон чухал сургамж үлдээлээ. Хятадаас эхлээд олон улс орон, зэрлэг амьтан жигүүртэн шувуудыг алж хүнсэнд хэрэглэхийг хориглолоо. Амиараа дэнчин тавиад бусдыгаа аварчих нь энэ.

“Унтаж байсан” хүн төрөлхтөнийг сэрээлээ. Больницуудаа хаагаад, устгахыг нь устгаад санаа амарч байсан Оросууд, Францчууд, Италчууд... өвчтөн хэвтүүлэх оргүй, шарил хадгалах газаргүй болж сандарлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл хэзээ ч тохиолдож болно, бэлэн байдалд байх ёстой гэдгийг мартсан байсныг санууллаа.

Хүчирхэг улс гүрнүүд од гариг руу аялаж, онгоц пуужин бүтээгээд, хүн хийх нь холгүй байсан хэрнээ ганцхан вируст яаж дарлуулж болдогийг удирдагчид, эрдэмтэн мэргэдэд нь мэдрүүллээ. Эмчлүүлэх гэж харь орныг зорьж , хамаг мөнгөө барсан, хаа нэг газар ном сурах гэж махарсан, харин эх орноо муулж эргэж харалгүй зугтаасан, олз олбор хөөж орон дэлхийг хэрсэн, олон улс дамжин биеэ үнэлж явсан, бүх хүн өнөөдөр Монголоо саналаа. Алтаар сольж болшгүй аугаа сайхан эх оронтой хүн гэдгээ хэн хүнгүй мэдрэв бололтой. Онгоц онгоцоор ирцгээлээ. Ор дэрийг нь засчихаад хүлээж байлаа. Сарьсан багваахайн буянаар садан төрлүүд уулзлаа, уйлалдлаа. Дэлхийн улс үндэстнүүдийг ойлголцуулж, халуун цэгийнхнийг хүртэл харилцан буулт  хийлгэлээ.

Дэлхийн улс орнуудыг хэмнэлтэд сургалаа. Ямарч тооцоо судалгаагүй үрэгддэг, хаягддаг, далайд аваачаад цацчихдаг зүйл хэрэг болох цаг байж шүү гэдгийг хүн болгонд ойлгууллаа. Эдийн засгийг хэмнэлтийн зарчмаар хохиролгүй авч гарна гэсэн бодлого давамгайлах боллоо. Ийм олон сургамжийг Сарьсан багваахай гэдэг хөөрхий нэгэн амьтан, амь насаараа дэнчин тавин байж хүн төрөлхтөнд үлдээж байна даа. Тэгээд л би сарьсан багваахайн алтадмал хөшөөг Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагын үүдэнд босгоё гэж санал тавиад байгаа юм. 

Г.Жамьян

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

 

                

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (192.82.70.28) 2020-09-08 11:10
      • 0
      • 0

      Uls ornoo uursduu hudulmurluj hugjuulj, chanartai buteegdehuun uildverlej, dotooddoo hurungu oruulj, surch, ajillatsgaa. Hytaduudaas het hamaaraltai bolood baihaar korono garch holduulj baigaa ch yum biluu.

      Хариулах

    • Зочин

      (77.37.225.98) 2020-09-08 01:01
      • 0
      • 0

      Наад зах нь нус цэрээ ил хаяж, хаа дуртай газраа морь хардаг нь цөөрлөө. Гар хөлөө угааж амны хаалт зүүснээр ханиад томуу суулгалт багасч. Эзэн хичээвэл заяа нь хичээнээ.

      Хариулах