Татварын хуримтлагдсан өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 11-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТЭЦ-3 станцад хоёр дахь шатны шинэчлэл хийнэ

Дулааны III цахилгаан станцад хоёр дахь шатны шинэчлэл хийх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Тус ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөсөн эхний ээлжийн өргөтгөлийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, энэ оны 7 дугаар сарын 1-нээс турбин-генераторыг сүлжээнд залган бүрэн хүчин чадлаар ажиллуулж байна.

Харин хоёр дахь шатны шинэчлэлээр 2x125 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкны зээл болон бусад эх үүсвэрээс 2014 оноос гаргаж эхлэхийг Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкинд даалгалаа. Санхүүжилтийг 2015-2019 онд үе шаттайгаар эргэн төлнө.

Хоёр дахь шатны шинэчлэлийн үр дүнд хүчин чадал нэмэгдэхээс гадна тус станцаас агаарт ялгаруулж буй хорт бодисын хэмжээг 98 хувь бууруулж чадна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ. Хотын төв буюу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг гол эх үүсвэр ТЭЦ-3 шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилтай ч хэт хуучирсан тоног төхөөрөмж дээр суурилсан учир байгаль орчинд их хэмжээний бохирдол үүсгэж байгаа юм.

Татварын хуримтлагдсан өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор татварын өрийг өршөөх гэж байна гэсэн хүлээлт олон нийтэд бий болжээ. Үүнээс улбаалан энэ оны улсын төсөвт төлөх татварын өр 10 дугаар сарын 5-ны байдлаар 353,7 тэрбум төгрөгт хүрсний 194,2 тэрбум нь барагдуулах боломжтой өр байна.

Иймд татварын өр барагдуулах чиглэлээр 2014 он дуустал зорилтот ажил зохион байгуулах үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагуудад өглөө.

Юуны түрүүнд, Засгийн газраас өргөн барьсан хуулийн бодлого, зохицуулалтыг тайлбарлаж, хуулийн төслийн хүрээнд ногдуулсан татварын өрийг энэ хуулиар чөлөөлөхгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатайг Татварын ерөнхий газарт анхаарууллаа. “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлд хуулийн дагуу ногдуулсан аливаа татварын өрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудал тусгагдаагүй юм.

Аж ахуйн нэгжүүд харилцан зөвшөөрсөн тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын өрийг бусад татвар төлөгчид төсвөөс олгох татаас, санхүүжилт, шилжүүлэгт суутгах замаар татварын өрийн зангилааг тайлах боломжтой. Энэ нь мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болно гэж үзээд, үүнд чиглэсэн ажил зохион байгуулахыг Сангийн яаманд даалгалаа. Түүнчлэн, татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хамтарсан аянаар хуримтлагдсан өрийг богино хугацаанд барагдуулах боломжтойг зөвлөлөө. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 94,4 тэрбум төгрөгийн татварын өp шилжүүлcнээс 53,4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаагүй байна.

Цаашид өр барагдуулах чиг үүргийг хариуцсан нэгжийг оновчтой зохион байгуулалтад оруулах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд дүгнэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.