Яг одоо иогоор хичээллэж эхлэх 5 шалтгаан

Twitter Print
2021 оны 02-р сар 24-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Ихэнх хүмүүс иогийг ердөө л сунгалтын дасгал гэж ойлгодог. Харин иог бол зөвхөн сунгалтын дасгал биш юм. Яг үнэндээ зөвхөн дасгал ч биш, таны биед төдийгүй оюун бодол, сэтгэл санаанд тань эерэгээр нөлөөлдөг амьдралын зөв хэм, хэмнэл юм. Иогоор хичээллэхээс нааш гайхалтай үр дүнг нь өөрийн бие дээр мэдрэхгүй ч, яагаад таны биед иог хэрэгтэйг тайлбарлая.

1. Таны бие хөшиж, сул дорой, өвчинд өртөмтгий болсон

Орчин үед бидний амьдралын хэв маяг, өдөр тутмын дадал зуршлууд бидний биеийг байгалийн анатомийн зөв байрлалаас нь гажуудуулдах болсон. Ширээний ард бөгтийж суух, гар утсаараа хэдэн цагаар сошиал ухаж, толгойгоо донхойлгож, хүзүүгээ ачаалах гэх мэт. Энэ бүгд танил сонсогдож байгаа биз. Үүнээс болж таны нуруу өвдөж, цаг хугацаа өнгөрөх тусам эмчлэхэд улам л хүнд болдог тул бага дээр нь засаад авах хэрэгтэй. Зөв техник бүхий иогийн дасгал хөдөлгөөн нь таны биеийг анатомийн зөв байрлалд аажмаар оруулж засахын зэрэгцээ цаашдаа биеэ зөв цэх авч явах дадал зуршлыг суулгадаг.

2. Булчин шөрмөс тань үүргээ гүйцэтгэхгүй байгаа

Хүний иеийг зөвхөн яснууд тогтоон барьдаг гэж та бодож байна уу? Өнөөдөр та хөл дээрээ бат бөх зогсоход таны биеийн яснууд тусалж байгаа мэт санагдаж байж магадгүй. Гэвч таны тулгуур эрхтний хэвийн үйл ажиллагааг булчин шөрмөснүүд тань дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл таны тулгуур эрхтэнд ирж буй ачааллыг булчин шөрмөснүүд хуваалцаж байдаг гэсэн үг. Харин булчин шөрмөснүүд тань сул, үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд тулгуур эрхтэнд тань хэвийнээс илүү ачаалал очиж, улмаар үе мөч тань өвдөж эхэлдэг. Аштанга Виняаса иогийн техник нь таны булчинг чангалангаа суллаж өгдөг буюу уян хатан атлаа хүчтэй биетэй болоход тань тусалдаг.

3. Танд стрессийн шинж тэмдгүүд илэрдэг

Өнөөгийн завгүй нийгэмд ихэнх хүмүүс тодорхой хэмжээний стресс дунд амьдардаг. Ялихгүй зүйл дээр түргэн уурлах, сэтгэл санаа тогтворгүй байх, байнга ямар нэг зүйлд санаа зовох, анхаарал суларч бүтээмж муудах, нойргүйдэх эсвэл өглөө босож чадахгүй байх зэрэг нь стрессийн шинж тэмдгүүд юм.

Стресс нь буруу амьдралын хэв маягаас үүдэлтэй. Та өөрийнхөө стрессдэж буй шалтгааныг ямар нэг гадны учир шалтгаантай холбон тайлбарлаж болох ч эргэн тойронд болж буй зүйлсийг та өөрийнхөө хяналтад оруулж чадахгүй шүү дээ. Харин та тэдгээрийг хүлээн авч буй өөрийнхөө хариу үйлдлийг хянаж чадна. Иогийн дасгал хөдөлгөөн таны оюун санааг тайвшруулж, одоодоо оршиж, аливаа зүйлд тайван, ул суурьтай хандахад тань тусалдаг. Иогоор хичээллэгчдийн хамгийн түрүүнд мэдэрдэг зүйл нь сэтгэл санааны тайван байдал бөгөөд дэлхийн томоохон удирдагч CEO нар иогоор хичээллэдэг нь үүнтэй холбоотой билээ.

4. Уушги, зүрх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг

Иогийн дасгал хөдөлгөөнүүд амьсгалтай нягт холбоотой байдаг. Иогийн дасгал хийж байх үеэр та идэвхтэй, зөв амьсгалж, уушгины багтаамжаа сайжруулан, биеийн эд эс бүрдээ хүчилтөрөгчийг дамжуулж байдаг. Харин энгийн үед бид тэр бүр ухамсартайгаар амьсгал авдаггүй шүү дээ. Мөн иогийн дасгалын нэг хэсэг болох нарны мөргөл нь идэвхтэй хөдөлгөөнөөр хүний биеийг халааж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлж, аливаа өвчин эмгэгээс сэргийлдэг. Мушгих дасгалууд нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих замаар биеэс хорт бодисыг гадагшлуулж, дотор өөхийг хайлуулах ач тустай. 

5. Та өөрийгөө илүү их хайрладаг болно

Иогоор хичээллэнэ гэдэг нь та бүтэн нэг цагийг зөвхөн өөртөө зарцуулна гэсэн үг юм. Тэр л ганц цагийн хооронд та оюун бодлоо амарч байгааг, сэтгэл санаагаа тайвширч байгааг, бие тань эрүүлжижн галбиржиж, илүү хүч чадалтай болж байгааг мэдэрдэг. Энэ их аз жаргалыг мэдэрсний дараа тэрхүү гайхамшигт мэдрэмжийг үргээчихийг бодолгүй, өөрийгөө улам илүү хайрлаж эхэлдэг. Дэмий зүйлд стресстэхгүй аль болох өөрийгөө амрааж, буруу зуршлуудаасаа сэргийлж, зөв хооллож, сэтгэл санаа тань өөрийн эрхгүй эрүүл сонголтуудыг хийж эхэлдэг. Хүн илүү дээр зүйлийг мэдэрсэн хойноо эргэж буцахгүй улам л сайн руу тэмүүлэхийг эрмэлздэг шүү дээ.

Эдгээр бүх давуу талуудыг та 7 хоногт ердөө л гуравхан цагийг өөртөө зориулж иогоор хичээллэснээр олж авна гэдэг гайхалтай биш гэж үү. Дараа гэж хойшлуулалгүй яг одоо эхлээрэй. Харин дараа нь та өөртөө талархах болно.

Эх сурвалж: UBYoga.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.