Мэдээллийн хүчирхийлэлд дарамтлуулсан Монголын сэтгүүлзүйн үнэн төрх

Twitter Print
2021 оны 04-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсаны дараахан нэгэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан юм. Засгийн газраас хийсэн албан ёсны мэдээлэл дээр халти дурдагдаад өнгөрсөн тэр мэдээнд цөөн сэтгүүлч сэрдхийж, олон нийт анзаараа ч үгүй өнгөрсөн гэхэд болно.

Тэр нь цар тахлын үеийн онцгой нөхцөлд Засгийн газар бодитой (угтаа өөрсдийнхөө хүссэнээр засаж цензурдсэн!) мэдээллийг нэг сувгаар олон нийтэд хүргэх тухай байлаа.

Өнөөдөр түүний үр дүнг бид бодитой харж байна. “Карантин- 14” шоу, “Мэдээллийн урсгал”. Өөр ахиад ямар контентууд гарахыг бид мэдэхгүй. Учир нь индэрт байгаа удирдагчид руу гар даллан, уриа лоозон хашгирсан “баярын парад“ дуусаагүй...

Харин ганц зүйл бүхэнд тодорхой байгаа нь албан баримт дээр тэрбум тэрбум төгрөгөөр хөрвүүлэгдэн бууж байгаа эдгээр контентууд “Херо энтертайнмент” хэмээх хувийн студид л санхүүгийн хувьд нэн ашигтай тусаж байгаа нь ойлгомжтой.

Уран бүтээлчийн халгисан авьяас, бүтээлч, хөдөлмөрч чанараараа “Херо” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч Б.Баатараас нийгмийн хариуцлагын тухай, ардчилсан нийгмийн тулгуур зарчмууд болсон олон нийтийн мэдэх эрх, хүний эрхийг дээдэлсэн хүнлэг зарчмын тухай, уран бүтээлчийн мэргэжлийн ёс зүйн тухай, үгүй ядаж хүн чанар, ичих нүүрийн тухай асуухад илүүц юм.

Учир нь хоёр оны босгон дээр Монголын хүүхдүүдийн нэр барьж, төрийн байгууллагууд, олны танил хүмүүсээр сурталчилгаа хийж байгаад ядарсан ард түмнээсээ 2,2 тэрбум төгрөг хувийнхаа Төрийн бус байгууллагын дансанд цуглуулж чадсан ганцхан баримт нь л найруулагч Б.Баатар хэн бэ гэдгийг олон үггүй тодорхойлчихож байгаа билээ. Түмэн олныг арай л басамжилсан тэрхүү эрээ цээргүй үйлдлээс хойш хагас жил ч өнгөрөөгүй байна.

Үндсэн сэдэвтээ эргэн оръё.

Монголын олонд алдартай сэтгүүлчдийг нэг дор цуглуулж, өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг гурван цагийн турш тодруулан сурталчлах (цаанаа магтан дуулах) зорилготой “Мэдээллийн урсгал”-аас бид юуг харж болох вэ?

Монголын сэтгүүлзүйн хараат бус байдалд бодитой аюул заналхийлж байна. Олны танил сэтгүүлчид маань, бие даасан нийтлэлийн бодлоготой гэж өөрсдийгөө сурталчилдаг том телевизүүд маань их мөнгөнд хошуу дэвсэж, эрх баригчдыг магтан дуулах ганцхан эрх ашгийн төлөө редакцийн бодлого, эфирийн цагаа ч хайрлалгүйгээр эвсэн нэгдэж байгаа юм байна.

Өнөөдөр ямар телевизэд цаг үеийн асуудал хөндөхөд зориулж “Шангри-Ла”-д тусгай студи засах хэмжээний мөнгө байгаа юм бэ? Хэнд нь ч байхгүй. Бүр олон нийтийн харьяаны МҮОНРТ-д ч тийм мөнгө алга. Студи засах байтугай томилолтоор явах төсөв ч байхгүй. Гэтэл ямар нь ингэж ихээр нь дур зоргоороо цацна вэ.

Томруулдаг шилээр тодруулж харвал “Мэдээллийн урсгал”-ын цаана том телевизүүдийн хуйвалдаан, жижиг телевизүүдийг шахах бодлого, бүр ухвал бүх мэдээллийг өөрсдийнхөөрөө цензурдэж, хүссэнээ л хүргэх эрх баригчдын увайгүй, хязгааргүй хүсэл л харагдаж байна.

Агуулгын хувьд хачирхаад байх ч юм алга. Телевизийн Мэдээний редакцийн залуусын өдөр бүр хийж байгаа, хөөж байгаа сэдвүүдээр л ярьж байна. Харин ялгаа нь шадар сайд С.Амарсайхан татвар төлөгчдийн мөнгөөр эхнэр, хүүгийнхээ талаар дэгдсэн шуугианд өөрийгөө өмөөрсөн тайлбар өгөөд, бусад асуудлаар булзааруулан хариулаад дуусгах шив.

Дэлхийн бүх улс орон цар тахлын тэргүүн фронтод тулалдаж байгаа эрүүл мэндийн салбарынхнаа дэмжиж, тусалж, цалинг нь нэмж байгаа үед Монгол Улсын шадар сайд эмч нарынхаа илүү цагийн мөнгийг дор дор нь өгчихөж чадаагүй мөртөө ХӨСҮТ-ийн хэдхэн хүнд холбогдох PCR шинжилгээний хариу зассан тухай яриад сууж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Хэрвээ ингэж дэлгэмээр байгаа бол нэртэй устай, нотлогдсон баримттай нь, тооцсон хариуцлагатай нь дэлгэх ёстой болохоос авгай, хүүхдийнхээ нэрийг цэвэрлэх гэж арчих маягаар мэдээлэх ёсгүй юм аа. Тэр тусмаа татвар төлөгч бидний мөнгөөр бидний амыг таглах ёсгүй, тэгэх эрх ч байхгүй.

Коронавирусний халдвараар олон хүн амь алдаж, тархалт нэмэгдэж, өдөр бүр 1000 давсан тоог сонсон, түмэн олноороо түгшиж, хоолгүй нь ходоод хонхолзон тэсэж байгаа хөл хорионы өдрүүдэд манай эрх баригчид зүгээр л марзаганасан, цэнгээнт хөтөлбөр явуулж, олон нийтийн тархийг угаасан шигээ л ажиллаж байна. Тиймээс эдгээр контентыг хийж байгаа, захиалж байгаа хүмүүст хэлэхэд уучлаарай та нарт "монгол хүний үнэр" байтугай мэргэжлийн мэдрэмж ч алга.

Ганцхан жишээ хэлэхэд “Мэдээллийн урсгал”-ын эхний дугаарын үзэгчдэд С.Амарсайханы ойлгомжгүй, нуршуу яриаг биш МУИС-ийн генетикч залуу О.Одгэрэлийн яриаг л сонсмоор байлаа. Гэгээнтэн хүнээс гэрлэх тухай асуугаад сууж байсны оронд Монголд өгсөн гадаадын тусламжийн зарцуулалтын талаар, Ковидоор өвдсөн хүүхдүүдийн тухай... гээд олон сэдвээр хөндөн ярьж болох байлаа. Тэгэхэд энийг мэдрэх мэдрэмж сэтгүүлчид нь ч байсангүй.

Хэдий “Монгол коммент”-ийн Билгээ хөтөлж, “Зариг”-ийн Өнөрөө ноцож, сэтгүүлч Отгон ухаж, “Улаан бал”-ын Лодой шахсан... ч тэд зүгээр л тавилт, зохиомжийг нь урьдчилан төлөвлөчихсөн жүжигт “орлон тоглогч”-ийн үүргийг гүйцэтгэж, Засгийн газрын даалгавраар, мөнгөөр дуугарагч хүүхэлдэйнүүд болж орхилоо.

Магадгүй тэд өөрсдийгөө энэ жүжгийн гол дүр гэж бодож байж болох юм, үзэгчийн өнцгөөс харахад тэд ердөө л “худалдагдсан сэтгүүлчдийн арми”-ийн яруу царайг тодруулж, эрх баригчдын иргэд рүү барих бамбай болж л харагдаж байна. Хайран сайхан мэргэжлийн нэр хүнд. Хайран олон түмний итгэл.

Мэдээж сэтгүүл зүйд онцгой нөхцөл байдлын үед, ялангуяа осол гамшгийн үед мэдээллийг дамжуулахад баримталдаг ёс зүйн дүрмүүд байдаг. Ялангуяа олон нийтийг цочирдуулсан, эмх замбараагүй мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллага анхааралтай хандах ёстой. Гэвч “цар тахлын үеийн онцгой нөхцөл” нэрийн дор эрх баригчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний мэдээлэл авах эрх чөлөөг ямар их хумьсан талаар 2020 оны аравдугаар сард болсон Монгол-Хятадын сэтгүүлчдийн цахим форум дээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн тавьсан илтгэлийг санаж байна. Зөвхөн ганцхан жилийн хугацаанд хэчнээн олон хууль, журамд өөрчлөлт оруулсан гэж санана, өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад өмнөх жилийнхээс илүү хаалт ихтэй болсон. Дээр нь илүү айдастай, төрийн гэм шийтгэлийн далайлттай болсон. Тэр тухай яагаад ярихгүй, асуухгүй байна вэ? Хэрвээ үнэхээр ярья гэвэл мэдмээр, хөндмөөр сэдэв бидэнд олон бий шүү дээ.

Хэлбэрийн ардчилал, хараат сэтгүүл зүй бидэнд хэрэггүй. Тэр тусмаа мэдээллийн эрх чөлөөг цензурдэн, хязгаарлаж, олон түмний мэдэх эрхэд халдан, "тархи угаах" онцгой эрх хэнд ч байхгүй. Энэ нэвтрүүлгийг захиалагч эрхэм та бүхний сурсан гадаадын нэртэй сургуулиудад, Харвардад ингэж заадаггүй гэдэгт итгэж байна.

Нэгэн насны амьдралаа, итгэл үнэмшлээ мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүлзүйн төлөө зориулсан хүний хувьд та бүхнийг дэмжих үндэслэл харагдахгүй байна.

Гадаадын нэртэй сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн байж болно. Гэвч монголын амьдралыг мэдэхгүйгээр, монгол сэтгэлгээгээр харахгүйгээр хоосон том онол ярьж, бодлого явуулахгүй ээ залуус аа.

Харийг шүтсэнээс Монголоо тань. Харин монголчуудаа битгий басамжлан доромжил эрх баригчид аа!

Очирсүрэнгийн Энхжавхлан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.