
Нас хүйс, гарал үүсэл, баян ядуугаас үл хамааран арван хар нүглийг бид (1) мэдэхгүйгээс (мунхаг) болж, (2) нисванисын сэтгэлийн хүч ихдэхэд, (3) хэнэггүй, санамсаргүйгээр бусдыг шоглож үйлддэг. Иймд мэдэхгүйгээ мэдэж авч, мэдлэгтэй болох, нисванисын гэм эргүүг бодож анхааран, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Буруу эсвэл муу зүйл гэдгийг нь мэдсээр байж үйлдвэл нүгэл хилэнцийг илүү ихээр хураана.
Бурханы шашинтан хүний үндсэн баримтлал нь арван хар нүглийг тэвчих юм. Худал ярьж, мууг үйлдэх мөртлөө том эрхи барьж, зул хүж өргөөд, Бурхан шүтээд сайн заяанд төрөхгүй.
Арван хар нүглийг тэвчихийн тулд хүн бодлоо цэгцлэх хэрэгтэй. Хар амиа бодоход бүх муу зүйл төрдөг. Бусдыг гэж бодоход сэтгэл зөөлрөөд, явдал зөв болно. Бусдыг гэж бодоход л ажил төрөл бүгд сайхан бүтдэг. Хамт олон дотор амиа бодсон хүний ажил хэрэг бүтэмжгүй, хэл амтай, ашиг орлогогүй байдаг. Арван хар нүглийг тэвчдэг газар хамт олон хэрүүл шуугиангүй, амгалан тайван, хөгжиж дэвшиж байдаг. Иймд үр хүүхэддээ багаас нь бусдад туслах ямар их ач тустай болохыг ойлгуулж, сургах хэрэгтэй.
Чухал биш зүйлийг чухалд тооцож, түүндээ хүрч чадаагүйдээ хүн амиа хорлох алхам хийдэг. Аборт их хийлгэдэг газар орны байдал, уур амьсгал өөрчлөгддөг. Ерөөлийн барилдлагаар ирсэн хүүхдийг үгүй хийвэл хүүхэд үл тогтох үр гарна.
Хувийн өмч, улсын өмчийг хулгайлах ялгаатай. Улсын өмч 3.0 сая хүнээс хулгай хийнэ гэсэн үг. Ийм хулгайн үр там болно. Тамаас аврагдах замыг мэдэлгүй айж явах биш, хэрхэн зөв явахыг зааж өгсөн ном сургаалыг сонсч, судлах ёстой. Аврал хайхад бидний зүгээс зохилдох шалтгаан бүрдүүлбэл чухаг дээд гурваас адис жинлав ирдэг юм. Тос гаргана гээд ус бүлээд байвал буруу шүү дээ. Энэ адил ном сургаалыг үл мэдэх атал хонх, очир бариад яах вэ? Нийтийн ном мөрийг барьж ойлгоогүй хүн алдаа эндэлгүй яаж зөв явах вэ? Алдаа эндэлгүй явахад билиг чанар төгс бүрдсэн буяны садан чухал юм.
Арван хар нүглийг үл хийх чадамж, баталгаатай болох хүртэл дадуулах хэрэгтэй. Сэтгэлээ номхтгоогүй бол өөрийгөө ч, өрөөлийг ч, бүр улс орноо ч алж мэднэ. Иймд дараа буян хийе гэж хойшлуулалгүй, одооноос буянд шамдаарай.
Түвдэн Зопа гэвшийн айлдвараас...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.