Хятадад байгалийн хий дамжуулах чиглэлийг өнөөдөр шийдвэрлэнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Орос, Хятад хоёр гар гараасаа барилцан барууныханы эсрэг хатуу зогсохоор шийдэв бололтой. Хоёр улсын засгийн газрын тэргүүнүүд өнөөдөр Москва хотноо уулзалдаж стратеги төлөвлөгөөний асуудлаа хэлэлцэх аж. Хятадын төрийн зөвлөлийн дарга Ли Көцян 13-14-нд Москва хотноо зохион байгуулж буй «Нээлттэй инноваци» чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн очоод байгаа бөгөөд энэ үеэр Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх түлхүүр асуудлуудыг ухаж хэлэлцэх тухай Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

Харин Оросын news.mail.ru цахим хуудсанд тэмдэглэснээр, уг уулзалтын хүрээнд ОХУ-аас Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг дорнод чиглэлээр тавих гэрээнд гарын үсэг зурах аж. ОХУ-аас Хятадад суугаа худалдааны төлөөлөгч Алексей Груздев ТАСС агентлагт ингэж мэдэгдсэн байна. Дорнод чиглэлээр гэдэг нь юу гэсэн үг вэ? Монгол улсын нутаг дэвсгэрээр гэсэн үг болж таарах юм биш биз? Гэтэл үгүй бололтой,  Байгалийн чанадаар тавих асуудал эртнээс яригдаж байсан учраас Хятадууд хүнд үйлдвэрлэл төвлөрсөн зүүн хойд нутгаар дамжуулж авахаар төлөвлөсөн бололтой. Оросын болон Хятадын талаас олон сарын турш хэлэлцэж байгаа уг асуудлыг энэ удаа эцэслэн шийдвэрлэж өнөөдөр буюу аравдугаар сарын 13-нд хоёр улсын засгийн газар хоорондын ээлжит 19 дэх уулзалтаар гарын үсэг зурж баталгаажуулах аж.

Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд  Оросын «Газпром» компани болон Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн CNPC корпораци уг хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж үздэг. Нийт өртөг нь 400 тэрбум доллароор хэмжигдэх уг төслийн дагуу Хятадууд гучин жилийн турш 38 тэрбум кубометр эзлэхүүн байгалийн хий хүлээн авна.

Барууныхан Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан явдал Хятадуудад эдийн засгийн зарим боломж өгсөн гэж үзэж болно. Тиймээс ч Хятадууд энэ эгзэгийг тун боломжтой ашиглаж, барууныханы «өнгөт» хувьсгалын эсрэг хамтдаа зогсож, бие биедээ дэм өгөхийг Москвад уриалж байгаа аж. Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга Ван Ян Хонконгод болж буй олны эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбогдуулан энэ тухай мэдэгджээ. Тэрээр Оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээ болон Хонконгийн үймээн самуун  аль нь ч тэр «өнгөт хувьсгал хийх гэсэн тэдний зорилгод нийцэж байна» гэж тэмдэглэсэн байна. Тиймээс Орос, Хятад улсууд стратегийн харилцан тустай хамтын ажиллагааг хөгжүүлж, барууныханд дорвитой хариу барих ёстой гэж Ван Ян үзэж байгаа аж.

Оросын талаас ч Хятадын энэ “хүчин зүтгэлийг” өндөр үнэлж байгаа бөгөөд БНХАУ байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, аравдугаар сарын 1-нд Хятадын дарга Си Зиньпинд илгээсэн цахилгаан утсандаа “Орос-Хятадын бүх талын хамтын ажиллагаа, стратегийн түншлэл маргаангүй өндөр шатанд гарлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Энэ ч үндсэн дээр Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян энэ удаагийн айчлалын хүрээнд Оросын Холбооны Зөвлөлийн нарийн бичгийн дарга Валентина Матвиенко болон Төрийн Думын спикер Сергей Нарышкин нартай уулзаж, ерөнхийлөгч Владимир Путинд бараалхах болсныг ИТАР-ТАСС уламжилсан байна.

Хоёр талаас өндөр ач холбогдол өгч байгаа энэ удаагийн уулзалт "улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ОХУ, БНХАУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан дэмжих хүрээнд" чухал ач холбогдолтой болохыг Хятадын ГХЯ-аас онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.