Монголчууд XX зууны эхэнд - Монголчуудын боловсрол ба сургууль

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 18:50 цагт
Мэдээний зураг,

Монгол улс 1919 онд хятадын харгис түрэмгийлэгчдэд алдсан тусгаар тогтнолоо Орос хааны угсаа Барон Унгерны тусламжтайгаар 1921 онд буцаан авч, Богд гэгээнийг хаан ширээнд нь эргүүлэн залсан байдаг.

Ингэж Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж ардын эрхт, хэмжээт цаазат Монгол Улс болж, Засгийн газраа шинэчлэн байуулаад ямар үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн тухай, мөн тэдгээрийг ажил хэрэг болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн зарим хүмүүсийн талаар ингэж бичжээ.

БОЛОВСРОЛ БА СУРГУУЛЬ

Монголд 1908 оныг хүртэл гэрийн сургууль болон сүм хийдийн сургууль зонхилж байлаа. Энэ нь гол төлөв бурханы сургааль, байгалийн ухаан, анагаах ухааны хичээлүүдийг төвд хэлээр зааж байжээ. Харин 1908 оноос "Түшмэл бэлтгэх сургууль" хүрээнд байгуулагдаж манж, монгол, хятад хэл зааж эхэлсэн байна. Мөн оноос Хүрээний орос консулын дэргэд орос хүүхдүүдэд зориулсан бага сургууль байгуулж, орос хүүхдүүдийн зэрэгцээ зарим ноёдын монгол хүүхдүүд хамрагдах болсон байна. Монгол улсын бүх нутаг дэвсгэрт сургууль байгуулах лүндэнг Богд Хаан амьд сэрүүндээ буулгаж байжээ. 

Түүний зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт "Нийслэл хүрээ болон олон хошуу, шавийн газарт бага дунд сургуулийн танхим байгуулах, 10 наснаас дээш, 15 наснаас доош ухаан сэргэлэн хөвгүүдийг цөм сургуульд оруул!" гэж заажээ. Бага сургуульд монгол бичиг үсэг, энгийн зэрэг тоо бодох, монгол болон олон газрын байдал төлөв, аж төрөхийг сайжруулах ёс, элдэв зүйлийн сургааль, соёл сурвалжит уг бичиг уншуулах зэрэг хичээл үзэж байсан бол дунд сургуульд Манж Монгол хавсарсан толь бичиг, Урьд эрдэмтэний уламжилсан 5 ном, 4 бичиг, орос хятад улс болон англи, франц зэрэг улсын үг хэл, бичиг үсгийг хавсран сурч, орчуулан бичих, мөн гадаад олон улс, тэдний аж төрөх ёс, эрдэмтний хэмжээ, бодлого чадавхи, тоо зурхай, дүрс, бодис шинжлэх, газар дэлхийн зураг, дээж боловсруулах, хэмжих, зурах, бодох, биеийн судал тамирийг сайжруулах зэрэг эрдмийн хичээл заадаг байжээ.

Badrakh Damba-н зураг.

Дунд сургуульд боловсрон шалгарсан нь дээд шатны сургуульд орж, тэнгэрийн ёс, хүний эрдэмийг сураад, улмаар төр засагт ажиллаж эхлэхээр бэлтгэгддэг байсан юм. Консулын дэргэдэх сургууль 1912 оноос өргөжин тэлж "Консулын дэргэдэх Орос-Монголын орчуулагчын сургууль" болж түүнд монгол хүүхдүүд олноор хамрагдах болсон байна. Анхны Монгол сурагчдын дотор Бат-Очир, Гүрсэд нар байлаа. Тус сургуулийн багшаар Жамсрангын Цэвээн, Данчинов(?) нар ажиллаж байлаа.

Badrakh Damba-н зураг.

1912 оны 3 сарын 24-нд Монгол улсын Гадаад хэргийн яамны дэргэд ерөнхий боловсролын сургууль нээгджээ. Тус сургуульд 1912 онд 8, 1913 онд 20, 1914-1915 онд 46-60 хүүхэд сурч байжээ. Сурагчид монгол хэл бичиг, орос хэл, тоо, газар зүй, түмэн бодис зэрэг хичээл үзэж байсан байна.

Судар бичгийн хүрээлэн

1921 оны намар "Судар бичгийн хүрээлэн" байгуулах ажил өрнөж, эртний хуучин ном судар, ном түүх тууль цуглуулж орчуулж эхэлсэн бол 1921 оны 11-р сарын 19-ны өдрийн Ардын засгийн газрын хурлын тогтоолоор "Судар бичгийн хүрээлэн"-н дүрмийг баталж, албан ёсоор байгуулжээ. Энэ хүрээлэнгийн анхны даргаар Онходын Жамъян гүн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Цэвээнийг Ардын засгийн газар томилсон байдаг.

Badrakh Damba-н зураг.

Судар бичгийн хүрээлэн нь анх "Ши мэргэн ноёны шийтгэсэн хэсгийн эх тогтоох", "Жидаа хуушааны намтар", "Тансан ламын тууж", "Дөрвөн хэлний тайлбар толь", Ардыг тэтгэх рашааны дусал" тэргүүтэнг хуулан бичиж, орчуулан хавтасладаг болжээ. Мөн тэр үеэс эрдэм шинжилгээний ажил хийх, газрын зураг гаргах болсон юм. Ийнхүү судар бичгийн хүрээлэнг байгуулснаар Монгол улсад шинэ үеийн Шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. Харин хожим нь "Шинжлэх ухааны хүрээлэн", "Шинжлэх ухааны дээд боловсролын хүрээлэн" болон өргөжин тэлсээр 1961 онд "Шинжлэх ухааны академи" болон зохион байгуулагдсан билээ.

Badrakh Damba-н зураг.

Анхны "Судар бичгийн хүрээлэн", хожмын ШУ-н академийг үндэслэгчдийн нэг Жамсрангийн Цэвээн Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч, нэртэй улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн байжээ.

Тэрээр Монголын түүх яруу найраг дуу шүлэг, бөө мөргөлийн дурсгалт зүйлсийг цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэгч байсан юм. Монголын сэхээтнүүдтэй хамтран газар зүйн зураг зурах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж байгаад тэрээр хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж, 1942 онд Оренбургын шоронд насан өөд болжээ.

Жамсрангийн Цэвээн 1888-1891 оны хооронд Аг-н бага сургуульд суралцаж төгсөөд, 1891 онд Чита хотын гимназид элсэн оржээ. 1895 онд Петер Бадмаев хувийн сургуулиа Петербургт нээж, Өвөр байгалаас сурагчид элсүүлсэний дунд Цэвээн багтсан байна. Ийнхүү 1912 оны эхээр Нийслэл хүрээнд ирж, Монгол улсын гадаад явдлын яаманд туслах түшмэл, "Шинэ толь" сэтгүүийн эрхлэгч зэрэг алба хаших болсон төдийгүй, 1913 онд Ерөнхий сайд сайн ноён Хан Намнансүрэнгийн Хаант Оросод хийсэн айлчлал, 1915 оны Хиагтын 3 улсын хэлэлцээрт орчуулагчаар оролцжээ.

1915 онд "Улсын эрх" зохиолоо нийтлүүлсэн юм. Тэрээр 1921-1923 онд Дотоод яамны дэд сайд, 1923 оноос "Судар бичгийн хүрээлэн"-н эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1924 оноос Ардыг гэгээрүүлэх яамны зөвлөх түшмэл, Монгол банкны зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашиж байжээ.

Онходын Жамъян гүн бол нэрт бичгийн эрдэмтэн төдийгүй цаглашгүй их авъяас билэгт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч хүн байсан байна. Тэрээр өөрийгөө ямагт Халх монголын дорд бичээч буюу болхи бичээч хэмээн хочилдог байжээ.

Badrakh Damba-н зураг.

Жамъян гүн хуучны Сэцэн хан аймгийн Ачит ван Сансрайдоржийн хошуунд 1864 он буюу 14 жараны Хөх хулгана жил төрсөн юм. Эцэг нь түүнд нутгийн номтой хүнээр бичиг заалгаж, оюун билгийнх нь нүдийг нээсэн байна.

Тэрээр 10 насандаа хошуу тамгийн жасаанд дагалдан, тал бичээч, дараа нь жинхэнэ бичээч зэрэг ажилд дэвшин ажилласаар албан бичгийн эх зохиол, найруулахад гойд мэргэшсэн байна. Тийнхүү хошуу нутагтаа алдаршсан тул "Гүн" цолоор шагнагджээ. 

Badrakh Damba-н зураг.

Жамъян гүн 1912 онд байгуулагдсан "Судар бичгийн хүрээлэн"-н дарга, мөн Ардыг гэгээрүүлэх Яамны анхны сайд байлаа. Тэрээр орчин цагийн шинжлэх ухааны байгууллагуудын үндсийг тавьсан хүн төдийгүй, үндэсний соёлын их өв санг хайрлан хамгаалах, судлах талаар ихээхэн гавъяа бүхий эрдэмтэн билээ. 

Badrakh Damba-н зураг.

Жамъян гүн Монголын түүх соёлын олон эх сурвалж, судар ном цуглуулсаны дотор "Данжуур"-н 226 боть ном ордог юм. Түүний Наянт вантай гэрээ байгуулан 16 үхэр тэрэг буюу 25 тэмээнд ачиж авчирсан энэхүү Данжуур хэмээх ховор номын талаар байгуулсан уг гэрээг боржин чулуунд сийлж, он удаан жилийн дурсгал болгосон нь дэлхийд цорын ганц, "номонд зориулсан хөшөө" болсон түүхтэй.

Түүхийн ухааны доктор О.Батсайхан

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.