Д.Ламжав: УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог ердийн хуулиар оруулах хууль зүйн бүрэн боломжтой

Twitter Print
2022 оны 06-р сар 13-нд 08:39 цагт
Мэдээний зураг,

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай ярилцлаа.


-Гуравхан жилийн өмнө өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэллээ.Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын шаардлагад хариулт өгөх зорилгоор энэ асуудлыг ярьж байгаа хэмээн албан ёсоор тайлбарлаж байна.Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ санаачлагын жинхэнэ эзэн нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бололтой. Эрхэм гишүүн “би НҮБ-ын шугамаар Африкт ажиллаж байсан туршлагатай. Бүх залуустайгаа толгой дараалан уулзаж байгаад асуудлыг шийдвэрлэнэ” гэх маягаар сүрдүүлэхийг оролдож байна билээ. Монголын залуучуудын холбоог дайчлана гэсэн санаа юм боловуу. Асуудал ийм байдлаар МАН-тай холбогдож байгаа бол эрх барьж буй нам Үндсэн хуульт байгууллын эсрэг хууль бус ажиллагаанд оролцон нийтийг хууран мэхэлж байна гэсэн үг. Миний болгоомжилж байгаа хоёрдох шалтгаан бол дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болзошгүй олон улсын нөхцөл байдалд манай улс боолын сэтгэхүйгээр хандаж буй явдал. Бас болгоомжилж буй гуравдах шалтгаан бол Короновирусийн далбаан дор бүхнийг хяналтад авах дон шүгэлсэн Засгийн газраас баримталж буй дотоод бодлого.

-Боолын сэтгэхүй гэдгийнхээ дор Та НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр Монгол Улс “Украиныг зохицуулах ОХУ-ын ажиллагаа”-тай холбоотой асуудлаар түдгэлзсэн санал өгсөөр байгааг хэлж байна уу?

-Би түдгэлзсэн саналуудыг буруутгахгүй. Харин зарим эгзэгтэй мөчид саналаа үндэслэлтэй тайлбарлах зоригтой байх хэрэгтэй. Гэтэл тавдугаар сарын 9-нд Улаан-Үдэд болсон Z үсгийн тэмдэгтэй жагсаалд оролцсон байна. Хойд хөршид маань “рашизм” нэр аваад буй, фашизмаас дор өөрийн улсаа эрээ цээргүй дээрэмддэг өвөрмөгц маягийн фашизм тогтоод удаж байна. Нэг удирдагчийг шүтэх, өнгөрсөн түүхэн алдрыг шүтэх, зарим талийгаачийг шүтэх энэ гурван шинж фашизмыг тодорхойлдог аж. Зөвлөлт Холбоот Улсын үеийн газар нутгийг сэргээх алсын бодлогоор Украиныг гуравхан хоногийн дотор эзлэх ОХУ-ын цахилгаан дайн дампууран удаашрах шатандаа шилжсэнтэй зэрэгцэн, дэлхийн ядуу буурай орнууд, ялангуяа Африкийн олон орон өлсгөлөнд нэрвэгдэж эхлээд байна. Шалтгаан нь Украины улаанбуудайн экспорт тэр зүгт зогссон. Оросын эсрэг тавьсан хоригоос боллоо хэмээн рашистууд тайлбарлаж байна. Хоригт улаанбуудайн экспорт ороогүй, экспортын тээврийг хариуцдаг Хар тэнгис дэх Украины портуудыг ОХУ хаан саатуулснаас болж байна хэмээн хариу тайлбарлаж байна. НҮБ үүнийг зохицуулж чадахгүй бол АНУ-ын холч мэргэн пуужингаар жижиг-НАТО Хар тэнгисийг ОХУ-аас чөлөөлнө гэж тохироод байна. Энэ бол Крымыг оролцуулан Украины газар нутаг булаан эзлэгчээс бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. АНУ нэг хятадын бодлогыг баримталдаг боловч Тайванийг хүчээр нэгтгэхийн эсрэг тууштай байна. Иймээс Крымыг эзлэгдсэн хэвээр хоцроох нь Хятадыг урамшуулах муу үр дагавартай хэмээн АНУ үзэж байна. Өмнөд хөрш Хятадад ч стратегийн шинжтэй өөрчлөлт болж байна. Шалтаг нь Шанхайд тогтоосон Ковидын эсрэг хатуу хөл хорио. Гурван хоногийн турш төрийн албаны шалгалт өгдөг мянган жилийн уламжлалтай манай Хятад ямар гайгаар хэнээс болж Москватай нэг завин дээр суучихав хэмээн Си Жиньпин даргыг албаны сониноор чимхээд авсан нь учиртай байж. Хятадын коммунист намын улс төрийн товчоо Си даргыг ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлаар буулгах болж эрх мэдлийг далдуур Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянд шилжүүлсэн хэмээн барууны хэвлэл шуугилаа. Ийнхүү Путиныг бүтээлцэж Хятадын эдийн засагт асар их гарз хохирол учруулсан гэж буруутгагдаж буй Си дарга гурав дахь арван жилдээ улирахгүй бололтой.Хятад Оросоос зай барьж АНУ-тай харилцаагаа сайжруулах замыг сонгож “эдийн засаг нэгдүгээрт” гэсэн бодлогоо хүчтэй илэрхийлж байгаа нь өөрчлөлт зөвхөн Си даргыг буулгаснаар зогсохгүй байж мэднэ. Иймээс “гучин жилийн алдааг засна”, “Хятадын замаар л явах байсан юм” гэж ярьдаг манай дарга, сэхээтнүүдээс өөрийн эрхгүй болгоомжлох сэтгэл төрөх юм.

-Бид Үндсэн хуульдаа ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт оруулаад байдаг нь ямар учиртай гэж хардаг вэ. Зарим орнууд Үндсэн хуульдаа нэмэлт оруулаагүй зуун жил болж байгаа ч гэх юм?

-Бодож үзлээ, эхний өөрчлөлт найман жилийн дараа, хоёр дахь нь 19 жилийн дараа орсон байна. Хэрэв Доржхандын гэх дээрх шаардлагын дагуу хэрэгжиж чадвал гурав дахь нь гурван жил. Энэ гурван жил биеллээ олоогүй байгаа учир Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт орсон гэж бодохгүй байна. Яриа, шаардлага хэрэгжих хүртэл лай ч бий, зай ч бий. Монгол Улсын Үндсэн хууль бол их товч ерөнхий байдлаар хийгдсэн. Иймээс түүнийг хуулиар тайлбарлах өргөн боломжтой. Үүнийг байнгын ажиллагаатай парламент хийх үүрэгтэй. Жишээлбэл, сүүлчийн өөрчлөлтийн дагуу орон нутгийн захиргааны хуулийг санаачлах үүрэг Үндсэн хуулиар Засгийн газарт оноогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн оронд гучин жилийн өмнөх алдааг засах хийрхэл, тавин жилийн цаадахыг төлөвлөх мөрөөдөлд автан Үндсэн хууль зөрчиж байна. Коммунист дэглэмийн их хямрлын давлагаанд автсан 30 жилийн өмнөх Монголын нөхцөл байдлыг тэр тусмаа тавин жилийн дараахыг хангалттай төсөөлөх бол хэцүү, бараг боломжгүй учир хийрхэл, мөрөөдөл гэсэн хатуу үгийг хэрэглэлээ. Ямар ч хууль, түүний дотор Онц байдлын тухай хууль ч Үндсэн хуульд нийцэж байх нь Үндэсний аюулгүй байдлын чухал шалгуур. Улс орноор дүүрэн үүрэг гүйцэтгэгч тодотголтой албан тушаалтан. Энэ нь хуулиар оногдуулсан зарим үүргээ хэрэгжүүлж болохгүй гэсэн тодотгол. Жишээлбэл, ковидын улмаас тухайн албан тушаалтныг хялбаршуулсан байдлаар томилсон нь түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохоор хуульчилж байгаа нь онц байдлын тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж буй хэрэг. “Үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн талаар иргэн гар утсаараа бичлэг хийж болохгүй”, “тамирчин допинг хэрэглэвэл дасгалжуулагч болон эмч нь давхар хариуцлага хүлээнэ” ч гэх шиг. Ингээд л иргэн, дасгалжуулагч, эмч буруутай болохыг хуулиар тогтоогоод өгчихөж байгаа юм. Энэ бол бүхнийг хянах донгийн илрэл. Энэ донгийн үр дагавар нь захиргааны орон тоог тэлэн байгууллагын эрүүл саруул ажиллагааг алдагдуулаад зогсохгүй эрх мэдлийг даган доош халдварладаг. Хуулийг авлигач шүүгчид орон зай үлдээхгүй нарийн хийх гэж мэрийх нь нөгөө талаасаа сайн шүүгчгүй болохын төлөө хийж буй мэрийлт юм.“Шүүгч бол ярьдаг хууль” гэдэг маш чухал зарчим. Энэ бол Хууль зүйн ухаан дахь тодорхой бусын зарчим. Миний багад манай эцэг, нагац Дэлчээ хочит Лувсанжамц хоёр уруул чимчигнүүлсэн айраг уун өдөржин хууч хөөрөх зуршилтай байлаа. Лувсанжамц бол хоммуны мөн чанарыг сайн ухаарсан, бодол санаагаа нийтэд болгоомжтой боловч айдасгүй илэрхийлдэг оюун санааны хувьд хүчтэй хүн байж. “Бүү мэд. Мэдсэний үгэнд бүү ор гэсэн Түвдийн хараал хүрсэн юм гэнэ лээ” гэж түүний ярьсан нь санаанд хадагдан үлджээ. Герман профессор Нойлон нэлээд хэдэн жилийн өмнө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар шиг санагдана, Монголд хоёул ирэн ил тод судалгаа явуулаад жилийн дараа УИХ-ын сонгуулийн холимог хувилбарыг тайлбарлан илтгээд бас бичгээр үлдээгээд буцсан билээ. Энэ зөвлөгөөг УИХ хүлээж авдаггүй өдий хүрэв. 2019 оны өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгахаас татгалзсан боловч ямар тогтолцоо сонгохыг УИХ-ын бүрэн эрхэд үлдээсэн шиг санагдах юм. Сонгуулийн аль ч тогтолцоонд эерэг, сөрөг тал бий. Шинжлэх ухаанч судалгааг үндэслэн нэгийг нь сонгож аваад Үндсэн хуульд тусгах нь улс төрийн намууд төлөвшихөд түлхэц болно гэдэг.Жижиг газар нутагтай европын ихэнх оронд цэвэр хувь тэнцүүлэх тогтолцоог сонгосон байдаг. Монгол шиг өргөн уудам ядуу оронд их орон зайн хараал тод илрэх магадлал өндөр. Иймээс хувь тэнцүүлэх нь давамгайлсан холимог тогтолцоо илүү тохиромжтой гэсэн Нойлон профессорын судалгаанд итгэж болно. Энэ тогтолцоо сонгогчийн тэгш эрхийг хангах, Бурхан халдунд ойр байгаа сонгогч илүү олон санал өгнө гэх маягийн хөгийн хуулийг эс давтах боломж олгоно.

-Нийт сонгогчдын саналын 40 хувийг авсан нам хэт олонх болчихоод байгаа нь өнөөгийн сонгуулийн тогтолцооны гажиг мөн биз дээ?

-1990 оны УБХ, 2008 оны УИХ-ынхаас бусад УИХ болон 1990 оны АИХ-ын сонгууль мажоратор тогтолцоотой байсан. Мажоратор тогтолцоо эрх мэдлийг өгвөл өгсөн шиг өгдөг, хоёр намын тогтолцоо руу түлхдэг, сонгогчдын санал их хаягддаг онцлогтой. Эерэг сөрөгт ангилах нь үзэл бодлоос хамаарна. Олонх нь засаглах ёстой гэж үздэг хүний хувьд асуулт дахь 40 хувь бол гажуудал. Гэхдээ ардчилал гэдэг нь цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэж чаддаг олонхын засаглал юм.

-Холимог тогтолцооны сул болон давуу тал нь юу байдаг юм бэ?

-1990 оны УБХ, 2008 оны УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлэх тогтолцоогоор явуулжээ. Холимог тогтолцоо сонгогчдын саналыг бага хаядаг, парламентад олон нам орсноос шийдвэр гаргах ажиллагаа удааширдаг зэрэг онцлогтой. Эерэг болон сөрөгт ангилах нь үзэл бодлоос хамаарна. Мажоратор болон хувь тэнцүүлэх тогтолцооны сул талуудыг нөхөх зорилгоор холимог тогтолцоог хэрэглэдэг. Энэ гурван тогтолцоо тус бүр дотроо маш олон хувилбартай тул улсын онцлогт тохирохыг олж сонгоно гэдэг тийм ч амархан асуудал биш.

-Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улс төрийн ашиг хонжооноос бус нийгмийн асуудлын хүрээнд үндэслэлтэй, нийгмийг хамарсан томоохон хэлэлцүүлэг өрнүүлж батлах ёстой гэдгийг бид өнгөрсөн өөрчлөлтүүдээс хангалттай мэдэрлээ шүү дээ. Одоо дахин нэмэлт оруулбал нийгмийн хөрс суурь болоод олон нийтийн санаа бодлыг хэр тусгасан гэж та дүгнэж байна?

-Тийм шүү, хангалттай мэдэрсэн. УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулна гэсэн дэвшилттэй санааг далимдуулан урьд өмнө бүх түвшинд улиг болтлоо яригдаж хэлцэгдсэн, няцаагдсан ч гэж болох заалтуудыг Үндсэн хуульд шургуулах санаа илт ажиглагдаж байна. “УИХ-ын гишүүнийг сонгох журмыг хуулиар тогтооно” гэж байсныг 2019 оны өөрчлөлтөөр “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэж өөрчилсөн. Энэ өөрчлөлт ёсоор УИХ-ын сонгуулийн тогтолцоог ердийн хуулиар тогтоох бүрэн эрх УИХ-д олгогдсон. Харин өмнө гарч байсан Цэцийн холбогдох шийдвэрүүд энэ өөрчлөлтийн дагуу хүчингүй болж таарна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй юү?

-Гишүүдийн тоог нэмэх талынхан “хүн амын тооноос куб язгуур авахад парламентын гишүүдийн тоо гарч байх ёстой” хэмээн барууны судлаачид тогтоосон гэж шинжлэх ухаанаар сүрдүүлэхийг оролддог. Монголын хүн ам 3.500.000 гэвэл УИХ-д 150 гишүүн сууж байх ёстой гэнэ. Хууль тогтоомж батлахад хойрго оролцдог, улсын мөнгөөр үр ашиггүй гадаадад зочлох дуртай нь хэрээс хэтэрсэн 76-ааг тэжээх гэж ядарч буй монголчууд бидэнд 150-ийг бүү хэл, ид шидтэй гэх 9 цифр хоёр удаа орсон 99-ийг ч тэжээх тэнхээ алга. Дашрамд манай улс шинжлэх ухаанаас хэрхэн болгоомжилдог талаар баримт хэлье. Элдэв өвчнөөс хүн амаа урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн бүрээ эмнэлгийн шинжилгээнд хамруулах гэнэ. Үүнийг ёсоор нь хэрэгжүүлэх гэж зүтгэвэл эмнэлэг ч үгүй, эмч ч үгүй болох биз. Ковидын эсрэг сүр дуулиантай тэмцэл хэрхэн дампуурснаас ядаж сургамж аваагүй бололтой. Хүндээр өвчилсөн хүнд танил эмч үгүй, эсвэл хүрэлцэх мөнгө үгүй бол үхэхээ хүлээхээс өөр сонголтгүй байлаа. УИХ энэхүү жинхэнэ онц байдлын өмнө ард түмнээ мартсан. Энэ хориогоо хэдэн жил үргэлжлүүлэх юм? Дарга нар монгол үндэсний баяр-наадмын талаар нэг л учраа олохгүй их удаж байна. Манай үндэсний бөх бол олимпийн төрөл биш, энэ жижиг зах зээлд мэргэжлийн спорт болтол томрох санхүүгийн чадвар хомс. Допингийн шинжилгээ авдагаа зогсоовол илүү амар болно. Харин тэр олимпийн төрөл дээрээ допинг хэрэглэхийн эсрэг олон улсын олимпийн хорооны дүрэм журмаа шударга биелүүл. Тухайн бөхийн эрүүл мэнд, байгууллагын ёс зүйд санаа тавьж байгаа гэж тайлбарладаг боловч энэ асуудлын цаана эрх мэдлээ хэтрүүлэн бөхчүүдийг хянах дон нуугдаж байна. Олон Улсын Олимпийн хорооны журмыг сохроор дууриаснаас тав давахгүй начин болдог, унасан атлаа түрүүлдэг, гадаадын нэгэн компанийн шинжилгээг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болдог, эсвэл уг шинжилгээг хүлээгээд зарлиг гарч чадахгүй бол Наадам маань Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг үгүйсгэхэд хүрч байна. Хурдан морины асуудал бас адил хөгтэй. Бүх монгол моринд монгол адууны генийг тогтоох зорилгоор нэг бүрчлэн генийн шинжилгээ хийх гэнэ. Бүгдийг хамарна гэдэг их зардал шаардах төдийгүй хэрэгжүүлэх боломжгүй байх нь олон. Энэ бэрхшээлийг хялбарчилдаг “Статистикийн математик арга” хэмээх цэвэр математикийн онол байдаг. Түүний ерөнхий аргачлалыг эдийн засгаас эхлээд сонгууль, спортод хүртэл түгээмэл ашигладаг. Төлөөлөх чадвартай харьцангуй цөөн тооны төлөөлөл дээр судлаад нийт олонлогийн талаар дүгнэлт хийдэг. Ингэхдээ алдааны хувийг бас тогтоодог. Бүх олонлогийг элемент дараалан шинжилнэ гэдэг бол шинжлэх ухаанаар сүрдүүлэх дуртай атлаа шинжлэх ухааны эсрэг хандлагатайг харуулж байгаа юм.

-Давхар дээлний асуудал мөн яригдаж байна. Өмнө нь давхар дээл шиг муу юм байхгүй гэцгээгээд байсан хүмүүс одоо давхар дээл шиг сайн юм байхгүй мэтээр л ярьцгаах юм. Ер нь давхар дээлний асуудлыг яаж зохицуулж, яаж тогтвортой болгомоор юм бэ дээ?

-Хамгийн залхатлаа ярьсан юм бол давхар дээл. УИХ-ын гишүүн биш сайд бол их муу чадваргүй байх юм гэх аясаар Засгийн газрыг зуун хувь УИХ дотроос бүрдүүлж болох талынхан тайлбарлаж байна. Энэ бол Монголын мэргэжилтэн, сэхээтнүүдийг шууд доромжилж буй хэрэг. 2019 оны өөрчлөлтөөр дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болохыг зөвшөөрснөөс гадна Ерөнхий сайдад танхимаа хэнээс ч хараат бусаар бие даан бүрдүүлэх бүрэн эрхийг олгосон. Энэ бол сонгогчдыг хууран мэхлэх гэсэн явцгүй санаархал. Хэрэв үнэхээр тийм муу байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох бүрэн эрхийг УИХ-д бас олгосон байгаа. Настай хүний хувиар сайд болон төрийн алив шатны албан хаагчдад захиж хэлье. Шийдвэр гаргах эрхтэй ямар ч этгээдийн өмнө эрхэм чанараа хадгалж сур. Тэр мангас ямар нэг шийдвэр гаргахын тулд Таныг жийрэглэхийг элдвээр оролдох болно, хуулийн хамгаалалт байдаг тул бүү авт. Байж болох цөөн хувилбар бүрийн эерэг, сөрөг талыг үндэслэлтэй товч тайлбарла. Удаан тайлбарлах хортой, цаадах чинь намайг дорд үзлээ гэж уурсаж мэднэ. Эцэст нь ийм л хувилбарууд байна, алиныг сонгох нь Таны бүрэн эрх гэж хэл. Тэгээд зөв нь аль юм? хэмээн шахаж магадгүй, зөв бурууг ялгах нь Таны мэдэх асуудал, би ялгах гэж оролдвол албан хаагчийн ёс зүйг зөрчихөд хүрнэ хэмээн хана болон зогсож сур.

-Ер нь манай Үндсэн хуульд дархлаа байна уу?

-Үндсэн хуулийн цоож ч гэж ярьдаг. Нэг талаас дур зоргоор орж ирээд бужигнуулаад байхааргүй бат бэх, нөгөө талаас агаар дутагдсан нөхцөлд гараад амьсгалж болохуйц онгойдог цоож байх ёстой гэдэг. Цоож байгаа. УИХ-ын 57 гишүүн дэмжсэнээр өөрчлөлт орж болно. Бас өөрчлөлтийг хэрхэн үзэж байгааг сонсох зорилгоор УИХ төслөө Цэцэд урьдчилан хүргэх ёстой. Энэ бол Үндсэн хууль дотор байгаа хамгаалалт.

-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхаар зохицуулах хэрэгтэй гэж нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдэж байна. Энэ хэр зөв зүйтэй зохицуулалт болох бол?

-2019 онд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар сонгох, ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон алив иргэн дахин Ерөнхийлөгч болохгүй байх өөрчлөлт оруулсан. Бүх ард түмнээс сонгогдохыг нь хэвээр үлдээсэн. Германы ерөнхийлөгчтэй адил өргөтгөсөн бүрэлдэхүүнээр сонгох зэрэг хувилбар яригдаж байсан ч ард түмний дургүйцлээс болгоомжлон больсон хэрэг. Ямар байдлаар сонгогдсоныг биш, Үндсэн хуулиар ямар бүрэн эрх олгогдсоныг илүүд үздэг олон улсын Үндсэн хууль судлаачдын хандлага буй болж байгаа тул үүнийг хэвээр тэвчин үлдээж болох асуудал. Гэвч манай сүүлчийн гурван Ерөнхийлөгч ард нийтээр сонгогдсоноо хэмжээгүй эрхт хаан ширээнд залагдсан мэт ойлгож бужигнуулсан гашуун туршлага бий.Төр шашны харилцааг соён гэгээрсэн ардчилсан улсын хэм хэмжээнд шилжүүлэх, түүхэн урт хугацаанд хэзээ ч үндэсний хэмжээний болоогүй уйгаржин бичгийг 2025 оноос эхлэн төрийн албан бичиг болгох “монгол хэлний” гэх буруу нэртэй хуулийг хүчингүй болгон бүх нийтээр бичигтэн болгосон шинэ үсгээ баримтлан энгийн болон казах иргэдийн ачааллыг хөнгөлөх хуулийн зохицуулалт дээр хянамгай ажиллах, албан ёсны сөрөг хүчнийг устгахад чиглэсэн бусармаг үйл ажиллагааны эсрэг АН-ын шинэ үеийнхэн талцах биш хүчээ нэгтгэхээс бүтэх болбоос цоо шинэ дорвитой нам байгуулах хэрэгтэй байна.

-Эдгээр өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд тусгалгүй бусад хуулиараа зохицуулж болохгүй юу. Бүхнийг Үндсэн хуулиар шийдэх гээд байх юм?

-Үндсэн хуулиараа оролдохоо түр хойшлуулаад Үндсэн хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой чухал хуулиуд дээрээ ажиллах нь нийгэмдээ илүү өгөөжтэй гэж зөвлөе. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр их хөөцөлдвөл Үндсэн хуулиа бүр оршуулчих эрсдэлтэй нөхцөлд байгааг би илэрхийлэхийг хичээгээд хэтэрхий урт яриа өрнүүлчих шиг боллоо. Алдаа оноо мэдээж байгаа байх, уншигчдаас урьдчилан хүлцэл өчье.

Ренчингийн Хишигжаргал

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.