Бахархал, бас харууслын өчил

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Энэ онд 90 жилийн түүхт ой нь тохиож буй олон газрын нэг нь хэдийгээр өнөөдөр уламжлалт нэр нь үгүй болсон ч эх орныхоо  хөгжлийн түүхэнд нэрээ мөнхөлсөн “Алтан гадас” одонт Худалдааны сургууль юм. Худалдааны сургууль анх 1924 онд “Хоршооны  түр сургууль” нэртэйгээр гурван багш 25 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш түүхэн уламжлалаа баяжуулж сургалтын агуулгаа шинэчлэн сайжруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх замаар түр сургуулиас техникум, коллеж, дээд сургууль, улмаар их сургууль болтлоо өргөжин тэлж хөгжихдөө 40 шахам мянган мэргэжилтэн, үүний дотор олон арван алдартнууд, ардын болон гавьяат цолтон, төр, нийгмийн зүтгэлтэн, аж ахуйн авьяаслаг удирдагч, эрдэмтэн мэргэдийг бэлтгэн гаргаж Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй, ард түмэндээ танигдсан сургууль байсан нь саяхан. Тус  сургууль нь өнөөгийн зах зээлийн эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж өөр хоорондоо уялдаа бүхий олон шинэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг эрдмийн нэгэн уурхай болж байсан юм. 

Сургалтын таатай орчныг бүрдүүлэх, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагаар хангах, номын сангийн үйлчилгээг төгөлдөржүүлэхэд ихээхэн анхаарч  онлайн номын санг боловсролын салбарт анхлан байгуулсан сургуулийн нэг.  Мэргэжлийн болон худалдаа, нийтийн хоолны салбарын түүхэн хөгжлийн  чиглэлээр  олон тооны  ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн. Тэр дундаа англи орос хэл дээр худалдаа, эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурах бичгүүд хэвлэн гаргасан явдал нь энэ сургуулийн нэгэн давуу тал гэж хэлж болох юм. Нөгөөтэйгүүр Худалдааны сургууль нь салбарын болон шинжлэх ухааны өндөр мэдлэг, дадлага туршлагатай багшлах боловсон хүчин, өөрийн гэсэн хичээлийн болон оюутны дотуур байр, спорт заал,  дадлагын баазтай байлаа. 

Гэвч баялаг түүхтэй, бахархах үйлстэй, гэрэлт ирээдүйтэй энэ сургууль маань сүүлийн арав гаруй жилд бизнесийн өрсөлдөөний талбар болж менежментийн хувьчлал нэрийн дор материаллаг бааз, нэр хүндийн хувьд багагүй хохирол амссаар ирсэн нь ахмад төгсөгч бидний сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байдаг юм.

Тухайн үедээ төрийн дээд шагналаар шагнагдаж, Улсын тэргүүний тусгай мэргэжлийн дунд сургууль болтлоо алдар суу нь мандаж явсан төрөлх сургуулийн маань нэр сүүлийн 20 шахам жилд 5 удаа өөрчлөгдөж (Зах зээлийн коллеж, ХҮДС, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургууль, Худалдааны сургууль, өнгөрсөн оноос МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр Эдийн засгийн сургуультай нэгтгэн Бизнесийн сургууль) уламжлалт нэр хаяг нь алга болсон  юм.

Гэтэл манай хоёр хөршөөс эхлэн дэлхийн бараг бүх оронд  худалдааны, худалдаа-эдийн засгийн сургууль нэрээр боловсролын олон шатны сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. Эдийн засаг нь мал аж ахуй, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт суурилсан манай орны хувьд худалдаа, нийтийн хоол гэсэн түгээмэл нэр томьёоноос татгалзах, ад шоо үзэх хандлага зах зээлд шилжсэнээс хойш газар авч эхэлсэн бөгөөд дотоод, гадаад худалдааны яамдыг татан буулгаснаар эхэлсэн   энэ үйл явц өнгөрсөн онд  Худалдааны сургуулийг устгаснаар үргэлжилж байна.

Шинэ Монгол орны боловсролын салбарт ардын хувьсгалын анхны жилүүдэд бараг нэг жил мэндэлсэн Багшийн сургууль, Санхүү эдийн засгийн техникум (хуучин нэрээр) анх төр засаг, ард түмнээс хайрласан нэрээ хадгалсан  хэвээр үйл ажиллагаагаа явуулж байхад харин Худалдааны сургууль л үгүй болжээ. Үгүй болох ч юу байхав, үгүй болгожээ. Худалдаа, нийтийн хоолны салбаргүй  улс орон гэж хаа ч байхгүй. Энэ янзаараа бол худалдааны нэртэй үлдсэн цорын ганц байгууллага болох Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг л үгүй хийх үлдэж буй бололтой.  

Хэдийгээр энэ онд 90 жилийн ой нь тохиож байгааг мэддэг боловч төр, засаг нь бүү хэл,“хойд эцэг” болох МУИС  ч одоо хүртэл таг чиг. Уг нь МУИС-ийг 1942 онд байгуулахад Худалдааны сургууль 18 настай байжээ. Өөрийн болгож  авсан юм бол дор хаяж олон мянган төгсөгчид, энэ сургуульд үе үед ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж, суралцаж буй багш, ажилтан ажилчид, оюутнуудад баярын энэ өдрөөр нь урам нэмж, түүхэн ойн баяраа орон даяар тэмдэглэхэд нь сэтгэлийн дэм үзүүлээсэй гэж хүсмээр байна. 

Бас нэг түүх өгүүлье.

Худалдааны сургуулийн дэргэд  1969 оноос Худалдааны техникийн сургууль (ТМС) байгуулагдаж бие даасан статустай ажиллаж, 10 гаруй мэргэжлээр олон мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаад 1991 онд Худалдааны техникумыг Зах зээлийн коллеж болгон өөрчлөхөд “тусгаар тогтнол” –оо бүрэн алдаж дээд нэртэй коллежийн мэргэжилтэй ажилчин бэлтгэх салбар (МАБС) болж жижгэрснээс хойш даруй 26 дахь  жилийнхээ нүүр үзэж байна.

Зах зээлд үйлчилгээний мэргэжлийн ажилчдын эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт  нэмэгдэж байхад энэ чиглэлийн мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг цорын ганц  сургуулийн  зориулалтын олон сайхан анги, танхим, кабинет, лаборатори спорт заал бүхий  дөрвөн давхар хичээлийн барилгыг 1990-д оны эхэнд  Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль (ХҮДС) хожим нь 2010 онд ХҮДС-ийг МУИС-д хүчээр нэгтгэхэд МУИС-ийн Газарзүй, геологийн сургууль, саяхнаас Шинжлэх ухааны бүрэлдэхүүн сургуульд шилжүүлснээр орох орон, оочих аягагүй болж айлын хатавчинд гурван давхар (МСҮТ-Бизнесийн сургууль-МУИС) дээлтэй дөнгөн данган амь зууж  эгээ л  гол нь тасрах цаг мөч ойртсоор байна.

Дашрамд тэмдэглэхэд 1970-аад онд Худалдааны техникумын дэргэд төсвийн болон эд хэрэглэгчдийн хоршооны хөрөнгөөр баригдсан лаборатори гуанз, дадлагын газрын хоёр давхар цогцолбор барилгыг өмч хувьчлал эхлэхэд зарим овсгоотой хүмүүс тун хялбар байдлаар өөрийн өмч болгосон бөгөөд дам дамаа дамлагдан худалдагдсаар олон хүний түрийвчийг түнтийлгэн их хэмжээний хөрөнгөөр бүтээсэн сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ор тас үгүй болсон, сургуулийн зарим өмч хөрөнгө эзэнгүйдсэн хэвээр байгаа өч төчнөөн баримт,  гашуун түүхийг бид мартаагүй л явна. Олон жилийн баялаг түүхтэй төрөлх сургуулиараа бахархахын сацуу бас харамсах зүйл буйн учир энэ  ажгуу. 

Миний бие 40 гаруй жилийн өмнө энэ сургуулийн алтан босгоор анх алхаж хожим нь багш, төв, тэнхмийн эрхлэгч, сургуулийн захирлын албыг хашиж төрөлх сургуулиараа бахархаж явдаг, бас ч хийсэн юм, хэлэх үгтэй хүний нэгэн.  Сургуулийнхаа тухайн үеийн удирдлага, хамт олныхоо дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд анхдагч гэж нэрлэж болох аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежментийн тэнхим, Бизнес, менежментийн зөвлөх болон оюутанд үйлчлэх төвийг санаачлан байгуулж зочлох үйлчилгээний орчин үеийн кабинеттай болгож сургалтын техник хэрэгслээр тоноглох, мэргэжлийн, хэд хэдэн шинэ хөтөлбөрийг боловсруулж магадлан итгэмжлүүлэх, сургуулийнхаа гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн шинэ залуу багш нарыг бэлтгэх, бизнесийн нэгжүүдтэй харилцаа тогтоож удаан хугацаанд хамтран ажиллах эхлэлийг тавихад биечлэн оролцсон, шинэ мэргэжлийн олон ном сурах бичиг, гарын авлага бичсэн  зэрэг олон шинэлэг зүйлийг нэрлэж болох бөгөөд үүнийгээ  төрөлх сургуулийнхаа хөгжилд  оруулсан бага ч гэсэн хувь нэмэр хэмээн бахархаж явдаг. Ийм төгсөгч олон байгаа гэдэгт эргэлзэхгүй.

Хамгийн сүүлийн нэгэн баримтыг энд дурдах нь зүйтэй. Миний бие хамт олны итгэлийг хүлээж сургуулийнхаа захирлаар сонгогдон ажиллаж байх үед буюу  2013 оны хавар нэгэн ахмад төгсөгч ирж уулзсан юм. Тус сургуулийг 1964 онд төгссөн худалдааны салбарын ахмад ажилтан Норовын Гомбодорж гуай  ирэх жил (2014 он. Ж.О) тохиох төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойг бэлгэдэн  хувиасаа мянга шахам хайлаасны суулгац бэлэглэснийг бид тэр даруйд нь суулгасан бөгөөд өдгөө бүхэл бүтэн цэцэрлэг болж сургуулийн орчныг чимж байна. Дашрамд тэмдэглэхэд Н. Гомбодорж агсны аав Б.Норов 1943 онд Худалдааны сургуулийг түүхий эд судлалын мэргэжлээр дүүргэж худалдаа бэлтгэлийн салбарт насаараа үр бүтээлтэй ажилласан, түүний дөрвөн хүүхэд манай сургуулийн төгсөгч ажээ. Тэд 2012 онд аавынхаа нэрэмжит тохилог кабинетыг байгуулж сургуульдаа өгсөн юм. Ийм жишээ олон бий. Баялаг түүхтэй сургуулийг маань удирдаж явсан үе үеийн захируудын  хийж бүтээсэн зүйл, сургуулийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг тоочиж баршгүй. Үүнд нь  бид бахархаж, бас талархаж явдгаа өчье.

Өөр нэг зүйл өгүүлье.

Би энэ сургуулийн ахмад болон шилдэг төгсөгчийн нэг, бас захирал байсны хувьд худалдааны техникийн сургуулийг хуучнаар нь бие даасан статустай болгож худалдаа үйлчилгээний МСҮТ болгон сэргээх  албан хүсэлтийг өнгөрсөн онд Хөдөлмөрийн яамны удирдлагад нэг биш удаа тавьж байлаа.

Гэвч нэлээд удаан хүлээсний эцэст  яамны нэгэн мэргэжилтэн утсаар ярьж одоогоор өөрийн хичээлийн байргүй болохоор ойрын жилд энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн аман хариу өгсөн юм. Уг нь би энэ саналыг яамны сайдад хаяглаж явуулсан билээ. Дор хаяж хариуцсан газар, хэлтсийн даргын гарын үсэгтэй албан бичгээр дээрхээс өөр үндэслэлээр  хариулж болохгүй байсан юм байхдаа. 45 жилийн өмнө улсын хөрөнгөөр баригдсан зориулалтын байрыг нь МУИС-ийн нэгэн бүрэлдэхүүн суруульд хүчээр шилжүүлчихсэн байхад  ингэж  болно гэж үү?  Энэ мөчид нэг онигоо санаанд бууж байна. Хоёр эмэгтэй буу халж суунгаа  нэг нь нөгөөгөөсөө –“Чи яагаад хүүхдээ гол дээр очихыг хорьдог юм бэ?” гэж асуухад нөгөө нь: -“Би түүнийг усанд сэлж сурахаас нааш хэзээ ч гол руу явуулахгүй” хэмээн хариулжээ. Төрийн яамны нэрээр өгсөн хариу үүнтэй агаар нэг байгаа биз? Одоо үед  яам, агентлагийн ажил, ажилтны хариуцлага иймэрхүү л болсонд төрийн яам, удирдах албанд олон жил ажиллаж байсан миний бие бас л харамсаж буйгаа өчье.

Зах зээлд бараг хүн бүр худалдаачин, наймаачин нэр зүүж, чанартай, чанаргүй бараа хүнсийг гараас гарт дамжуулах бүртээ барааны үнийг алхам алхмаар хөөрөгдөн, худалдаа үйлчилгээний нэр хүнд, соёл, найрсаг сайхан харилцааг уландаа гишгэх явдал газар авч байгаа өнөөгийн нөхцөлд мэргэжлийн сургууль маань уламжлалдаа тулгуурлан дахин сэргэн мандана гэдэгт итгэл төгс байдгаа өчье. 

Дэлхийн жишигт хүрсэн чанартай бараа, аюулгүй хүнс соёлтой үйлчилгээ бидэнд хэрэгтэй. Үүнд хүрэхэд орчин үеийн өндөр мэдлэг боловсрол, дадлага туршлагатай шинэ мэргэжилтэн, мэргэшилтэй ажилчин шаардагдана. Төр, засаг минь дэмжээсэй. 

Энэ ялдамд Алтан гадас одонт Худалдааны сургуулийнхаа үе үеийн төгсөгчид, тус сургуульд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа эрдэмтэн багш, ажилтан ажилчид, нийт оюутан, суралцагч, хамтран ажилладаг байгууллага, нэгжийн хамт олонд төрөлх сургуулийнхаа  90 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ахмад төгсөгч, Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайд, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал асан, доктор, профессор Ж.Октябрь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.