Д.Тайвансайхан: Егүзэр хутагтын хойт дүрийг залсан нь төр батжихын илэрхийлэл

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Халхын тамгатай хутагтуудын нэг, зуун хязгаарыг илбэн тохинуулагч сайд агсан Ж.Галсандашийн хойд дүр V Егүзэр хутагт, О.Лувсанчойжин өнгөрсөн амралтын өдрүүдэд Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдэд заларч сүсэгтнүүдтэй уулзав.

Энэ тухай болон хутагтын хойт дүрийг тодруулах нь ямар ач холбогдолтой талаар тус хийдийн тэргүүн Д.Тайвансайханаас тодрууллаа.

-V Егүзэр хутагт танай хийдэд заларч шашин номын ямар үйлийг хийв?

-Егүзэр хутагт тодорч, төрсөн нутагтаа морилсны дараа буюу өөрийн сурч буй Гомбон дацанд буцахын өмнө манай хийдэд заларлаа.

Манай хийдэд заларсан учир нь Гандантэгчинлэн хийдийн цорж лам Г.Диваасамбуу хутагтын урд дүр Ж.Галсандашийн зүүж явсан бурхан, шогол, суваргыг хадгалж ирснийгээ хойд дүрд нь өргөсөн юм. Энэ үеэр нутгийн иргэд, сүсэгтэн олныг цуглуулан мөргөл хийсэн нь олон үеэрээ буян заяа нь түгэн дэлгэрэх, хутагтын бидэнд өвлүүлж ирсэн сургааль, түүхийг тодотгон хойч үед өвлүүлэх чухал ажил боллоо.

-Сүүлийн үед хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулах ажил эрчимжиж, бас шүүмжлэл дагуулах нь ч байна. Егүзэр хутагтын хойт дүрийг тодруулснаар ямар ач холбогдолтойг тайлбарлана уу?

-Егүзэр хутагт шашин, төрийн хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монголын тусгаар тогтнолд хувь нэмрээ оруулсан түүхт хүн. Зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах үйлсэд зүтгэж гурван төрд сайд байсан гавьяатай ч, бас хэлмэгдлийн хар шуурганд өртөж явсан. Тэгвэл тэр хүний хойт дүрийг 80 жилийн дараа тодруулан залж байгаа нь монголчууд тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг улам бүр мэдрэх, өнөөгийн бидний сайхан ирээдүйн төлөө зүтгэсэн хүмүүсээ мөнхжүүлэх, түүхээ дархлах, хэлмэгдлийн гажуудал, алдаа мадгийг засах, шашин дэлгэрч хамаг амьтны тусын тулд бүх юм сайхан болох, хүмүүсийн амьдрал сайжрах сайн цагийн нэг үндэс юм.

-Хүмүүсийн амьдрал сайжрах үндэс гэж үзэж байгаагаа тодруулна уу?

-Монгол орон тусгаар тогтнол болоод эдийн засгийн хувьд улам бат суурьтай болно гэсэн утгаар хэлж байгаа юм. Улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалж байсан сайд хүн, шашны зүтгэлтэн, төр улсынхаа төлөө зүтгэж явсан тамгатай хутагтын хойт дүрийг тодруулан залж байгаа нь Монгол Улсын төр батжихын үндэс гэж болно.

-Та хийдийнхээ тухай танилцуулахгүй юу?

-Хийд 2008 онд байгуулагдсан. Монгол оронд анх Мөнх хаан залж ирснээс хойш 764 жилийн түүхтэй улааны урсгалын шашны түүх, номыг миний аав, номын багш. Гандантэгчинлэн хийдийн цорж Г.Диваасамбуу таслалгүй үргэлжлүүлж өнөө хүрсэн. Бид хуучид хүмүүс. Егүзэр хутагт Хуучид хамбатай багш шавийн барилдлагатай байсан. Тэр сэжмээр бид холбоотой. Хийд маань Егүзэр хутагт, Хуучид хамбын ном, судрыг үргэлжүүлж байгаа юм. Хэдийгээр улааны урсгал гэж байгаа ч шарын урсгалтай харшлах зүйл үгүй.

Эх сурвалж: Зууны мэдээ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.