Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг

Twitter Print
2022 оны 01-р сар 16-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Адууны мах идэх цаг

Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг. Борцолдоггүй. Хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс сэргийлдэг илчлэг өндөр, халуун чанарын мах болой. Тос өөх нь амьтан болон ургамлын завсрын бүтэцтэй. Шингэц сайтай. Хөргөж идвэл илүү тохиромжтой.

Бага хэмжээгээр цагаан гаа, сармис, улаан чавгатай зөөлөн галаар чанаж шөлийг уувал ханиадны эсрэг болон биеийн дархлаа дэмжих сайн талтай.

Аль болох дангаар нь хэрэглэвэл эмчилгээний ач холбогдол нь өндөр. Давс их агуулдаг. Давсгүй чанаж, ихдүүлэхгүй идэхэд идэр 9-ийн хүйтний гол хоол. Зуны халуунд хэрэглэдэггүй ба идвэл хий бадгана дэврээх нигууртай.

Өглөөгүүр цагаан тос, шар тостой цай, хярам ууж цөсөө сайн ялгаруулж, өдөр хэр тааруу хэмжээтэй (150-180гр) хөргөсөн адууны мах, үдийн хойно 16.00 цагийн үед бөөр давсагаа дэмжиж амархан шингэх хөнгөн хоол, жишээ нь шар тосоор зуурсан замбай идээд орой 18.00-19.00 цагт аарц буцалгаж уух, зэрлэг жимсний халуун унд гэх мэт халуун чанарын хоол идвэл өвлийн нэг өдрийг тунчиг зөв хооллоод өнжчихөж байгаа юм.

Адууны мах илүү халуун чанартай учир өвлийн эхэнд хэрэглэх нь хүйтнийг ажрахгүй давах үндэс болж өгдөг.

Адууны мах нь уургаар баялаг бөгөөд ялангуяа амьдралын чухал амин хүчил бусад малын махныхаас дутуугүйн дээр амьтны биед үл орлогдох хүчил болох валин, фенилаланин, метеонин хүчлүүд, орлогдож болох хүчил цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдгийг судалгаагаар нотолжээ. Үүнээс үзвэл адууны мах маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогдоно.

Адууны маханд глютамины хүчил, хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогены бүлэг уураг их учраас махны шимт чанар сайн, шингэц сайтай байдаг байна.

Адууны мах илүү халуун чанартай учир өвлийн эхэнд хэрэглэх нь хүйтнийг ажрахгүй давах үндэс болж өгдөг.

Адууны мах шувуу, загасны махтай их ойролцоо түргэн шингэдэг, тэжээллэг чанартай учраас түүнийг дүн өвлийн хүйтэнд хэрэглэдэг уламжлалтай байжээ.

Харин адууны мах чийг ихтэй учир илчлэг чанарын хувьд хонь, үхрийнхээс харьцангуй доогуур байна.

Ер нь адууны махыг зөвхөн өвлийн хүйтний улиралд хэрэглэдэг, зарим эрхтнийг нь эм болгодог. Жишээ нь: уушиг нь уушигны хатгаа хийгээд ханиадыг, дэлүү нь элдэв яр, бөөрний халууныг номтгодог гэж уламжлалт анагаах ухаанд үздэг ажээ.

Эх сурвалж: Монгол үндэсний идээ, ундааны соёл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.