
Филиппины дарангуйлагч агсан Фердинанд Маркосын хүү Филиппины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фердинанд Маркос Жүниор сонгуулийн кампанит ажлынхаа үеэр талийгаач эцгийгээ "улс төрийн гоц ухаантан", ээжийгээ "чадварлаг улстөрч" хэмээн тодорхойлжээ.
Бонгбонг Маркос нэрээрээ олонд танигдсан Фердинанд Маркос Жүниор ирэх 5-р сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэг юм.
Бонгбонг Маркосын аав Фердинанд Маркосыг 20-р зууны хамгийн харгис хэрцгий дарангуйлагчдын нэг гэж тодорхойлдог бөгөөд түүний удирдлага дор авлига, хээл хахууль, хүчирхийлэл хамгийн ихээр дэлгэрчээ. Тэрээр 1986 онд Ардын Хүчний Хувьсгалаар төрийн эрхээс бууж, гэр бүлийн хамтаар Хавай руу дүрвэсэн юм.
Маркосын гэр бүл 1990-ээд онд эх орондоо ирсэн ба тэр цагаас хойш улс төрийн байр сууриа сэргээхээр хэдэн арван жилийн турш оролдсоор сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээг үүндээ түлхүү ашиглажээ.
Өрсөлдөгчид нь Бонгбонг Маркосыг түүхийг эцгийнхээ талд гуйвуулах оролдлого хийж, цахим ертөнцөд худал мэдээлэл түгээж, нийгмийн сүлжээг ашиглан өрсөлдөгчдийнхөө нэр хүндэд халдсан хэрэгт буруутгасаар байгаа билээ.
Өнгөрсөн 1-р сард Твиттер компани Бонгбонг Маркосын сонгуулийн кампанит ажлыг сурталчилж буй олон зуун хаягийг твиттерийн журмыг зөрчсөн хэргээр хаасан байна.
Нэр дэвшигч Бонгбонг Маркос уг хэрэгтэй ямар ч хамааралгүй, талийгаач аавынхаа үйлдсэн хэргүүдийг гуйвуулах оролдлого хийгээгүй хэмээн мэдэгджээ.
Маркосын гэр бүл Филиппины төрийн эрхийг атгаж байхдаа ойролцоогоор 10 тэрбум гаруй ам. доллар шамшигдуулсан гэж яригддаг ба Эмнэсти Интернэшнл байгууллагаас мэдээлснээр Фердинанд Маркосын 1972 онд зарласан цэргийн дэглэмийн үед цэргүүд 34 мянган хүнийг эрүүдэн шүүж, 3240 хүнийг хөнөөж, 70 мянган хүнийг баривчлан хорьсон аж.
Фердинанд Маркосын дэглэмийн хохирогчид Бонгбонг Маркос Филиппины Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хохирогчид хэзээ ч шударга ёсыг олж чадахгүй хэмээн үзэж байна.
Цэргийн дэглэмийн үед хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох тухай хууль батлагдсан ч хохирогчид Маркосын гэр бүл Филиппины засгийн газраас хулгайлсан олон тэрбум доллараа буцааж өгөх ёстой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.