Ном уншихын мөн чанар болон ач холбогдол

Twitter Print
2022 оны 07-р сар 01-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

НОМ УНШИХЫН МӨН ЧАНАР БОЛОН АЧ ХОЛБОГДОЛ

Монголчууд номд нэвтэрсэн хүнийг "мэргэн" хэмээн хүндэлдэг. Ном уншдаг хүн гэхээр номыг цээжээрээ хэлдэг хүнийг хэлдэг билээ. Өөрийнхөө дотоод гүн рүү аялж, өөрийгөө танихад олон сайн арга байх авч унших нь хамгийн сайн дадал болдог.

1. Унших:

Ном унших, шинэ хүнтэй танилцах, шинэ мэдлэг олох, эрэл хайгуул хийх, кино үзэх, байгалийн сайханд аялах зэрэг нь бүгд уншилт юм. Өдөр бүр ажилдаа машинаар явдаг бол нэг удаа алхаад үз. Эсвэл өөр замаар явж болох. Тархинд ирсэн шинэ мэдээлэл бүр уншилт. Сайхан үнэр, сайхан дуу сонсох, сайхан амттай хоол идэх, сайхан орчинд дасгал иог хийх гээд бүгд л ижил. Эдгээр бүх уншилтын мэдрэмжийн үндэс буюу мөн чанар нь гарцаагүй ном унших байдаг. Хүн бүр өөр ертөнц тул хэн нэгнээс унших ном бүү асуугаарай. Энийг хүн зөнгөөрөө шийдвэл илүү оновчтой. Хэн бүхэн тодорхой нэг өгөгдөлтэй, хүсэл мөрөөдөл, зорилго, үүрэгтэй. Мөн хэн бүхэн буй хамгийн үнэ цэнэтэй зүйл бол цаг хугацаа. Тэрхүү цаг хугацаагаа чанаргүй ном уншиж өнгөрөөвөл дэндүү харамсалтай. Мөн хэрэггүй цаг үрсэн хүмүүстэй нөхөрлөх, муу хоол идэх, сайнгүй уйтгартай ажил хийх гээд бүгд орно. Сонголт үргэлж танд байдаг. Их олон ном уншсан хүн амьдралдаа зөв сонголт хийгээд явдгийг миний бие харж байна, мэдэрч байна. Магадгүй ганцхан ширээний номтой байгаад түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлээд өөртөө итгэлтэй болсон хүн байж болно. Их уншсанаар бус өөрт таарсныг уншиж өөртөө итгэх итгэлийг олж авдаг.

2. Бичих:

Уншсан, мэдсэн аливаа шинэ мэдлэгийг бусдад түгээх, түүчээлэх, хэрэглэх талаарх ойлголт. Нэг ёсондоо дадал суух үйл явц, байнга ашигладаг чадвараа услан ургуулах тухай ойлголт юм. Уншсанаа бусдад хэлэх, бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх, бусдад мэдсэнээ дуулгах, тэрхүү шинэ мэдлэгээ өөртөө турших, хичээллэх үйл явц. Байх ёстой газраа, байх ёстой цагтаа орших гүн ухаан. Чанаргүй олон ном уншсан хүн хэнээтэн болдог бол чанартай хэдэн ном уншсан хүн сэхээтэн болдгийг санууштай. "Ном" уншаад шинэ мэдлэг өөртөө итгэх итгэл олдог бол түүнийг хэрэглэж эхэлсэн хүнээс "сэтгэл" ундардаг. Номын өглөг өгдөг хүн, бүлэг, үндэстэн бол хамгийн өгөөмөр, жинхэнэ сэтгэлийг ойлгосон оршихуй байх вий. Тийм ч учраас багш бол мэргэжил төдий бус АЛДАР байдаг.

3. Өгүүлэх:

Ном уншиж /эрдэмд нэвтэрч/ өөртөө итгэлтэй болсон хүмүүс бусад хүний итгэлийн галыг асаадаг, өдөөдөг, манлайлдаг хуультай. Энэ миний бодол бус хорвоогийн жам юм даа. Мөнөөхөн мэргэн цэцэн хүн гэдэг маш их уншсан, түүнийгээ бодож боловсруулсан, бүхий л эрдмээ тархи зүрхний холбоос оюундаа тунгаасан хүнийг хэлж байна. Жирийн сайн малчин үүний тод жишээ. Маш олон дуу сонсоод/уншаад/, өөрөө дуу зохиогоод/бичээд/, хэн гэдгээ ойлгоод дуугаа амьдруулж/өгүүлэх/ буй дуучин ч тод жишээ. Өөртөө итгэлтэй хүн бусдад итгэдэг. Өөртөө итгэлтэй хүн сэтгэл гаргаж чаддаг. Энэ хоёрыг багтаасан хүнээс "зүтгэл" ундардаг. Товчхондоо эрч хүч, энерги юм л даа. Эрдэмтэд олон цагаар нойргүй ажиллаад нээлт хийх, тамирчид хөлсөө дуслуулсаар медалийн тавцанд зогсож буй байдал.

Ном унших гэдэг нь бусад үйлтэй адил. Ном унших шилдэг сайн жор гэж байхгүй. Анх компьютер дээр шивж байсан үеэ бодоорой. Ганц нэг хуруугаараа тогшин бичдэг. Бичсээр, шивсээр арван хуруугаараа тачигнуулдаг болдог. Миний хувьд цөөнгүй ном уншсан юм. Тэр ч утгаараа уншилт, ажиглалт бол миний хамгийн сайн хөгжсөн чадвар байж мэднэ.

Та бүхэн өөрт хэрэгтэй номоо аль болох тасралтгүй уншаарай. Хөгжихөө битгий зогсоорой. Тархины хамгийн сайн хоол бол ном. Нэг л өдөр ном уншингаа, өөр өмнө нь уншсан номын тэмдэглэл хийнгээ, өдөр тутмын хэрэгтэй мэдээлэл сонсонгоо, ирэх нэг жилийн төлөвлөгөөгөө тархиндаа боловсруулаад сууж байж мэдэх юм. Магадгүй түүнээс ч олон үйлдэл зэрэг хийж чадах боломжтой байх. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг. Номд мэргэн, номд ойрхон ардын минь сургаал шүү дээ. Монгол гэрийн эзэгтэй нөхрийнхөө дээлийг оёж буй үйл явцаар жишээ болгоё. Утас болгоныг нь шаглахдаа, зүүний хатгалт бүрт хайраа шингээж, ерөөл бясалгаж үйл урлах далимдаа хүүхдүүддээ үлгэр хэлэх байх. Энэ амгалан төрхөөрөө эр нөхрөө тайвшруулан байх. Үүний завсар хол ойрын ирээдүйгээ зэрвэсхэн гүйлгэж, ахуйгаа төлөвлөх ухаан... Амьдрах сайхан... "Ном" ийм л сайхан. Үнэн "Мэдлэг" ийм л гоё.

Уншсан танд

Чин сэтгэлээсээ амжилт хүсье

Чин зүрхнээсээ хайрыг хүсье!

Эх сурвалж: Ном уншигч

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.